Хүйтрэл Европт төдийгүй Хойд Африкт бас нөлөөлж эхэлжээ. Алжирт цаг уурын таагүй байдлын улмаас 16 хүн амиа алдсан байна. Европын хэвлэлүүдийн мэдээлэлснээр бүс нутагт болж буй цаг уурын таагүй байдал сарын дундуур гэхэд дулаарна гэж судлаачид мэдэгджээ. “Global Warming”, буюу дэлхийн цаг агаарын өөрчлөлт нь дэлхийн бүх л улс орнуудын эрдэмтэд, шинжээчдийн анхаарлыг татаж яриа хэлцүүлгийнх нь гол сэдэв дулаарал ба огцом хүйтрэл болсоор байна. Эрдэмтдийн үзэж буйгаар дэлхийн дулаарал нь өвөлдөө цочир хүйтрэлийг авчирч байна хэмээн үзэж байгаа аж. Энэхүү огцом хүйтрэл нь 50-100 жилийн мөчлөгтэйгөөр явагддаг аж. Харин энэ удаагийн дэлхийн хүйтрэл нь байгалийн явцын нөлөөгөөр бус харин хүний үйл ажиллагааны улмаас болж буй мэт хүйтрэл тул муу нөлөө ихтэй байж болзошгүй байна. Саяхан Хятадын хэвлэлүүдээр дэлхийн дулаарал нь Хятадын нийгмийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Мөн өнөөдөр болж буй дулаарал, хүйтний эрч чангарах үзэгдлийг судлан бичиж бусад оронд дамжуулан хэвлэсэн байна. Анхаарал татсан нэгэн зүйл бол Хятадын хойд нутгаар орших нүүдэлчдийн үе үеийн довтолгоотой холбоотой ажээ. Монголчууд XIII зуунд Хятадын нутаг болон Зүүн Европийг довтлон эзэлсэн нь дэлхийн цаг агаарын хүйтрэл дулааралтай холбоотой гэж үзэж буй аж. Тухайн үед Монголд цаг агаарын хэт хүйтрэл болж мал сүргээ хариулахад бэрх болж, улмаар газар нутаг нь цөлжсөн учраас дулаан цаг агаартай өмнө зүг явж малын бэлчээр хайх, амьдрах нөхцлөө даган урагш довтлох хэрэг гарсан гэж Хятад эрдэмтэд үзэж буй ажээ. Хятадын ШУА-ийн байгаль, цаг уурыг судлах олон улсын төвийн эрдэмтэн Шиэ Жэн Хуй-ийн (ХieZhenhui) үзэж буйгаар Монголд хэрвээ цаг агаар дулаахан байж, бороо цас хангалттай орж байсан бол нүүдэлчид өмнө зүг довтлон Хятадыг эзлэх шаардлагагүй байсан гэх таамаглалыг дэвшүүлсэн байна. Хятадын хувьд байр суурь нь дэлхийн дулаарал, байгалийн гамшиг, огцом хүйтрэл нь нүүдэлчдээс үүдэлтэй хэмээн тайлбарласан байна. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр экосистемийн тогтворшил болон биологийн өөрийгөө зохицуулах механизм улам алдагдах хандлагатай байгаа аж. Аливаа хямрал гэдгийг тогтолцооны өөрчлөлттэй холбоотой, нэгэнт төлөвшсөн системийн доторх уялдаа холбоо алдагдах, улмаар уг систем өөр дүр төрхтэй болж хувьсахын эхлэл гэж ойлгож болох юм. Хүн төрөлхтөний хурдацтай өсөн нэмэгдэж буй эдийн засаг, барилгажилт, хүм амын өсөлт, үйлдвэржилт зэрэг нь хүлэмжийн хийг ихээр үйлдвэрлэснээс үүдэж байгаа юм. Харин хүлэмжийн бусад хийнүүд болох нүүрсхүчлийн давхар исэл нь үйлдвэрийн болоод хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, түүнчлэн түлшийг шатаасны улмаас агаар мандалд үүсэж хуралддаг. Гэтэл эдгээр хийн агаар мандал дахь хэмжээ аажмаар нэмэгдсээр сүүлийн 200 жилийн дотор нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээ гэхэд 30 хувиар өссөн байна. Сүүлийн үед дэлхийн дулааралд хамгийн их нөлөөлж буй хүлэмжийн хий нь метан болохыг цаг уурчид санал нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Метан нь нүүрсхүчлийн хийгээс 60 дахин хүчтэй боловч агаар мандалд байх хугацаа нь харьцангуй богино буюу 8-10 жил гэж үздэг. Гэтэл нүүрсхүчлийн хий агаар мандалд 100 жил байдаг ажээ. Агаар мандалд хүлэмжийн хийн хэмжээ ийнхүү нэмэгдэж байгаа нь дэлхийн дулааралд хүргэж байгаа гэдэгтэй ихэнх мэргэжилтнүүд санал нэгтэй байгаа юм. Иймээс дэлхийн дулаарлыг бууруулахад агаар мандалд байх метаны хуримтлалыг бууруулах нь нэн тэргүүний зорилт болж байна. Метаныг хамгийн ихээр ялгаруулж байгаа гол эх үүсвэр нь мал аж ахуй гэж үздэг. Дэлхий дээр мал аж ахуйгаас жилд 100 гаруй сая тонн метан ялгардаг гэсэн тооцоо бий. Энэ хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байгаагийн шалтгааныг дэлхийн махны хэрэглээ өнгөрсөн тавин жилд тав дахин нэмэгдсэнээр тайлбарлаж болно. Мал амьтнаас ялгарч буй нийт метаны 85 орчим хувь нь малын хоол боловсруулах үйл явцад үүсдэг. Нэг үнээнээс ялгарах метаны хэмжээ харьцангуй бага боловч дэлхийн амьтдын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө асар их юм. Үлдсэн 15 хувь нь амьтдын ялгадаснаас үүсдэг. Нөгөөтэйгүүр амьтны ялгадас нь ундны ус бохирдуулах гол шалтгаан болдог. Австрали улсын 28 сая үхэр, 110 сая хонь жилд 3 сая тонн орчим метан ялгаруулдаг гэсэн тооцоо гарчээ. Метан нь нүүрсхүчлийн хийнээс 60 дахин хүчтэй гэвэл гурван сая тонн метан нь 180 сая тонн нүүрсхүчлийн хийтэй тэнцэнэ. Энэ улсын хувьд нийт метаны 55 орчим хувь нь мал аж ахуйгаас ялгардаг гэж үздэг. Эндээс мал аж ахуй эрхлэлт нь дэлхийн дулааралд нүүрсээр ажилладаг цахилгаан станцаас дутуугүй нөлөөлдөг болох нь харагдаж байна. Гэхдээ хүлэмжийн хий огт байхгүй бол сөрөг нөлөөг авчирч байгаа юм. Учир нь нүүрсхүчлийн давхар исэл нь дулааныг ихээр цуглуулдаг байна. Хүлэмжийн хийгүйгээр дэлхий бүхэлдээ мөсөн бөмбөрцөг болох аж. Энэ нь дан ганц хүлэмжийн хийтэй холбоотой бус юм. Хүн амын өсөлтийг дагаад хүнсний хэрэглээг хангахын тулд ногоон байгалийг үгүй хийж газар тариаланг хөгжүүлсэнтэй холбож үзэж болно. Энэ байдлаар дэлхийн дулаарал нэмэгдвэл 2050 он гэхэд бүх амьтдын дөрөвний нэг нь үгүй болж цэвэр усны нөөцийн гуравны нэг, ой хээрийн бүсийн 17 орчим хувь үгүй болох аж. Энэхүү огцом хүйтрэл, цаг агаарын өөрчлөлт нь цэвэр устай салшгүй хамааралтай аж.
Манай гариг дээр 263 гол, мөрөн улс орнуудын хил, хязгаарыг “зөрчиж” дамнан урсдаг гэх бөгөөд бөмбөрцгийн иргэдийн тэн хагас шахам нь хоёр, түүнээс дээш орны нутаг дэвсгэрийг хамарсан гол, мөрөн нуурын ай, савд амьдардаг байна ЮНЕСКО-ийн илтгэлд тэмдэглэснээр 2023 он гэхэд дэлхийн усны нөөц 30 хувиар багасах аж. Өөрөөр хэлбэл 11 жилийн дараа өнөөгийн нийт усны гурван литр тутмын нэг нь байхгүй болох нь байна. Түүнээс хоёр жилийн хойно буюу 2025 он гэхэд нэг тэрбум 800 сая хүн усны гачигдалд орно гэх судалгаа гарсан байна. Мөн хойд мөсөн далайн томоохон мөсөн уул салж байна гэсэн мэдээлэл дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. Уг мөсөн уул нь хэмжээгээрээ Нью-Йорк хоттой адил гэнэ. Энэ нь томоохон аюулыг дагуулж байна гэж судлаачид үзэж байгаа аж. Мөн XX зууны туршид дэлхийн дундаж температур цельсийн 0.6 хэмээр нэмэгджээ. Энэ хугацаанд манай гарагийн далайн усны түвшин 10-20 сантиметрээр дээшилсэн байна. Далайн усны түвшин нэмэгдсэн нь туйлын мөс хайлсантай холбоотой. Антарктид тив болон Хойд мөсөн далайн орчмын мөсөн бүрхүүлийн хэмжээ улам бүр багассаар байгаа нь илт болжээ. Эрдэмтдийн ажиглалтаар Хойд мөсөн далайн мөсний зузаан хавар намрын улиралд арван жилийн өмнөхтэй харьцуулбал 40 хувиар нимгэрсэн байна. Далай, тэнгисийн усны түвшин нэмэгдэж, хар салхи, цунами болох нь ихэссэнээр үерийн тоо ч нэмэгдэж магадгүй юм. Дэлхийн цаг уурын өөрчлөлт түүнчлэн хүний үйл ажиллагааны улмаас Гренландын мөсөн бүрхүүл бүрмөсөн хайлах нь хэдийнэ тодорхой болсон гэж эрдэмтэд үзэж байна. Хэрвээ ингэвэл далай тэнгисийн түвшин долоон метрээр нэмэгдэх аюултай юм.
Олон орны ихэнхи эрдэмтэд дэлхийн цаг уур өөрчлөгдөж байгаа гэдэгтэй санал нэгтэй байна. Гэхдээ тэдний зарим нь “Дэлхий дахины дулаарал” гэсэн нэр томъёог бий болгоод, үүний улмаас галав юүлж, дэлхий ертөнц сүйрэх тухай таамаглал дэвшүүлж байхад өөр хэсэг эрдэмтэд өвөлдөө болж буй огцом хүйтрэлийг “мөстлөгийн шинэ үе” гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа ажээ. Гурав дахь хэсэг эрдэмтэд, цаг уурын дулаарлаас болж ертөнцийн мөхөл зайлшгүй болно гэдэгт эргэлзэж байна. Тэдний бодлоор бол энэ сэдвээр шуугиан дэгдээж байгаа хүмүүс улс төр, санхүүгийн болон өөр бусад ашиг хонжоо хайгчид аж.
"Улс төрийн тойм" сонин