Монгол Улсад Гэр бүлийн шүүх байгуулах шаардлагатай гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Монгол Улсад Гэр бүлийн шүүх байгуулах шаардлагатай гэв

“Монгол ньюс” мэдээллийн төвд Метакон ххуллийн фирмийн ерөнхий захирал, Монгол Улсын ерөнхий сайд С.Батболдын зөвлөх, хуульч М.Ичинноров Монгол улсад гэр бүлийн шүүх байгуулах зайлшгүй шаардлага талаараа өнөөдөр мэдээллээ.
Энэ үеэр хуульч М.Ичинноров хэлэхдээ “Монгол улсын хувьд гэр бүлийн дотор үйлдэгддэг хүчирхийллийн асуудал түгээмэл байдаг. Гурван эмэгтэйн нэг нь ямар нэг хэлбэрийн хүчирхийллийн орчинд амьдарч байна гэсэн судалгаа байдаг. Судалгаанаас харахад хүүхэд хөгшид, гэр бүлийн бусад гишүүдийн эрх чөлөө байнга зөрчигдөж байгаа тул тэдний аюулгүй байдлыг хангах, төрийн үүргийг биелүүлэхэд Гэр бүлийн шүүх зайлшгүй байх ёстой гэж үзсэн. Энэхүү шүүхээр гэр бүл салалт, хүүхэд хамгаалал, хүүхдийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудал, эхнэр нөхөр хоорондох хөрөнгийн маргаан зэргийг шийдвэрлэх, гэр бүлийн хүчирхийллийн асуудалд хандах сэтгэл зүйн бэлтгэлтэй хуульчид болон шүүгчид хохирогчид тустай, хүүхдэд ээлтэйгээр хэргийг түргэн шуурхай шийдвэр гаргадаг механизмыг бий болгох шаардлагатай байна” гэлээ.
Учир нь гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй эх хүүхдийг салгах, хүүхдээр бизнес хийж гуйлга гуйлгах, асрах газарт байгаа хүүхдийг мөнгө олдог ганц хүнийг маань аваад явчихлаа гээд эцэг эх нь бичиг баримтыг нь үзүүлээд аваад явчихдаг тохиолдол олон гарч байгаа аж.  Гэтэл хүүхдийн эрх зөрчигдөж, гэр бүлийн гишүүд  хоорондоо муудалцаад байгаа талаар цагдаагийн байгууллагад хандахад гэр бүлийн дотоод асуудалд оролцохгүй гэсэн хариулт өгөх явдал удаа дараа гардаг байна. Уг нь цагдаагийн эрх, үүргийн хүрээнд “иргэдийн аюулгүй байдлыг хангана” гэж заасан байдгийг сайн ойлгодоггүй, дээр нь хорогдох байранд хэд хоноод гэртээ буцаж очсон хүмүүс цөм ямар нэгэн дарамтанд орсноос амиа хорлох, гэмтэж бэртэх зэргээр жинхэнэ хохирогч болдог. “Иймд хайр сэтгэл, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд бие биеэсээ хамааралтай байдаг гэр бүлийн гишүүд хооронд үүсдэг эмзэг харилцааг зохицуулдаг, хэрэг маргааныг шийдвэрлэж, эцэг эх байх эрхийг нь хасах шийдвэр гаргадаг, тусгай шүүх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бөгөөд энэ асуудлыг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд дэмжиж байна” гэлээ.
 Мөн гэр бүлийн тусгай шүүхийг байгуулах, гэр бүлийн шүүхийн тухай хуулийг батлуулах, нөлөөллийн үйл ажиллагааг дэмжин ажиллахыг хууль тогтоогчид, бодлого боловсруулагчид, олон улсын байгууллагууд, хуульч, сэтгүүлчдэд уриалсан бөгөөд ингэснээр хүний эрхийн зөрчилийг тодорхой хэмжээгээр багасгаж чадна гэж байв.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж