Сүүлийн үед хайгаад ч олсонгүй” гэх маягтай. Улмаар намынх нь дарга, удирдлагууд ч дэмжлээ. “Тэр шударга ёс нээрээ ховордсон бараа болсон шүү.Тийм ээ” гэх мэтээр…Тэд ийн ярилцсаар “Ардын намын хөгжлийн хөтөлбөр”-т “Шударга ёсыг эрж олж, олсон эзнээр нь Ардын намыг нэрлэж, ард олны өмнө шударга ёсны бэлгэ тэмдэг хэмээн тунхагласугай” гэж тод үсгээр бичихээр тохирсон. Эндээс “Хэн нь шударга ёсны хулгайч вэ” гэсэн нийтлэлийнхээ үндсэн санаанд шилжие.
Асуулт 1: Өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг хэн удирдаж ирсэн бэ. Үүнийг бичигч би юү. Уншигч та юу. Аль эсвэл гудамжинд гуйлга гуйж буй жаал уу. Өдрийн хоолныхоо төлөө борив бохисхийх чөлөөгүй зүтгэх ч үр хүүхдийнхээ өлөн харцыг “эдгээж” чадахгүй шаналж суугаа аав, ээж нар уу. Эх орныхоо баялгаас хадан гэртээ харихаасаа өмнө хувь хүртэх нь хэмээн өдөр, шөнөгүй горьдож суугаа хэвтрийн өвөө, эмээ нар уу. Яг хэн нь гэж…?
Хариулт 1: Харамсалтай нь энэ асуултын хариулт зөвхөн улстөрчид рүү чиглэж байна. Тэд л шийдвэр гаргадаг. Тэд л улс орны бодлогыг тодорхойлдог. Тэд л өөрсдийнхөө бодож олсныг хэрэгжүүлдэг. Тодорхойлсон бодлого нь зөв үү, буруу юу гэдгийг ч зөвхөн тэд л өөр хоорондоо ярилцдаг. Гэхдээ зөв, буруу эсэхийг нь мөн л өөр, өөрийнхөө хувийн эрх ашгийн хэмжүүрээр тогтоодог…
Асуулт 2: Тэгвэл тэдний тогтоосон хэм, хэмжүүрт шударга ёс гэж бий юү?
Хариулт 2: Байхгүй гэдгийг тэд энэ удаад баталсан. Бага хурлынхаа дээрх зорилтоор. Харин байхгүй шударга ёсыг бий болгож чадах мэтээр ярьж, тунхаглах л тэдний хувьд шударга бус байдлаа халхлах том чимэг болох нь тодорхой.
Асуулт 3: Шударга ёс байхгүй гэдэг үндэслэл нь юу юм бэ?
Хариулт 3: Сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд Монгол Улсын одоогийн иргэдийг ирээдүйд төрөх иргэний хамт багаар бодоход 250 сая ам.долларын өрөнд оруулсан. Дөрөвдүгээр төрөхийн барилгыг хурдхан шиг чадахгүй байгаа хэрнээ өөрсдөдөө тансаг ордон бариулж чадсан. Шатахууны үнийг үгсэн хуйвалдах замаар нэмдэг монополь компаниудын цөөнгүй нь эрх баригч намын Бага хурлын гишүүдынх. Тэд “Долоо хоногийн дараа л буулгана. Өнөөдөр чадахгүй” хэмээн гэдийж байхад ард иргэд өдрийнхөө талхны үнийн өмнө сөхрөх болсоор удаж буй. Тэгэхээр мөнөөх алдагдсан шударга ёс нь шатахууны зах зээл дээр эргэж ирэх үү… Харамсалтай нь, шударга ёс алдагдсан, шударга ёсыг хулгайлагчид нь хэн болохыг нотлох баримт үүгээр дуусахгүй.
Мэдээж Ардчилсан намын хувьд ч энэ бүхэн адилхан. Мөн л ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуулийг урьтаж шударга ёсны эрэлд гараад байгаа. Ардын намын нэгэн адил “Монголд шударга ёс алдагдсан” гэдгийг тэд хүлээн зөвшөөрдөг. Сонирхолтой нь, өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ардын намтай хаа, гуя мэт хамтдаа байсан Ардчилсан намын удирдагчдын түүх өөрөө шударга бус үйлдэл дэндүү олонтой. Товчхондоо нэгдэн нийлж нэг биеийг бүтээж ирсэн тэд хамтдаа шударга ёсны дайсан болж хувирсан гэвэл илүү оновчтой. “Ардын нам бол шударга ёсны хулгайч. Тэд шударга ёсны дайсан” гэж чанга хашгирах тусмаа тэд өөрсдийгөө хань хамсаатан нь гэдгээ чангаар зарлах шиг болдог.
Тиймээс тус намын Гүйцэтгэх зөвлөл хамгийн сүүлд инээдмийн жүжгийнхээ “зохиол”-ын хэсгийг “Мэдэгдэл” нэртэйгээр хэвлүүлсэн байна билээ. “Бензин шатахууны үнэ өсч, хүйтний эрч чангарч буй нь олон түмнийг ихээр бухимдуулж байна. Энэ цаг үед шинээр бүрдсэн Засгийн газар богино хугацаанд шуурхай арга хэмжээ авахын оронд байнгын ажиллагаатай УИХ-ын үйл ажиллагааг бүтэн өдрөөр тасалдуулж Бага хурлаа хуралдуулж байгаа нь хэдийгээр тус намын дотоод асуудал мэт боловч УИХ-д олонхи болж, Засгийн газраа бүрдүүлсэн улс төрийн хүчний хувьд туйлын хариуцлагагүй алхам боллоо” гэж ирээд л… Энэ бол Ардчилсан намын шударга ёс юм. Бүхэл бүтэн гурван жил зургаан сар чимээгүй байснаа УИХ-ын сонгуулийн өмнө шударга ёсыг нээн илрүүлж байгаа нь тэдний гэм биш зан. Тодорхой хэлбэл Ардчилсан намын шударга ёс ердөө л зургаахан сарын настай.
Энэ бол улстөрчдийн нээн илрүүлсэн шударга ёс. Өөрсдөө эрх мэдлийг атгадаг хэрнээ “Шударга ёс хаа байна” хэмээн ичихгүйгээр чанга дуугардаг. Эрх мэдэлд хүрэх арга замаа олохын тулд уландаа гишгэсэн шударга ёсныхоо тухай үлгэр зохиодог. Үүгээрээ тэд өөрсдийгөө шударга ёсны хулгайч, дайсан гэдгээ нотолж буй. Гэвч тэд ичихгүйгээр өдрөөс өдөрт “Ард түмэн шударга ёсыг хүсч байна” хэмээн нэг, нэгнээсээ өрсөж хашгирна. Яг л хулгайч хулгайчийг бариарай гэхтэй адил…Ийн орилох шалтгаан нь өөрсдийгөө шударга ёсны хулгайч, дайсан гэдгээ нуухын тулд шүү дээ.
"Улс төрийн тойм" сонин