“Эрх чөлөөтэй монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд асуудлыг нэгтгэхэд төрийн алба авлига, хүнд суртал хоёрт дарлагдсан болохыг хамгийн ихэд шүүмжилжээ. Үүнээс болоод төрийн алба тойрсон хэл ам тасардаггүй болохыг ч онцолж байна. Аль намын гишүүн байхаасаа хамаарч ажилтай болно. Мэдлэг чадвар байлаа ч, намын харьяаллаасаа болж төрийн албанд ажиллаж чаддаггүй. Тиймээс төрийн албанд эрс шинэчлэл хэрэгтэй байна гэсэн дүгнэлтийг ажлын хэсгийнхэн гаргажээ. Хоёрдугаарт, хэвлэлийн эрх чөлөө хүнд байдалд орсон гэж иргэд үзжээ. Хэвлэл мэдээллийн байгууллага нь аль нэг нам, эсвэл олигархийн мэдэлд байдаг. Эзэд юу захиална, түүнийг бичдэг гэх шүүмжлэл ч ихээр хөндөгдсөн юм байна. Үүнийг ч олон улсын судалгаанууд нотлох болсон. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр дэлхийд 76 дугаар байрт жагсдаг байсан бол өнгөрсөн жил 100-д жагсчээ. Энэ бол хэвлэлийн эрх чөлөө улам хумигдсаар байгаагийн тод илрэл гэж ажлын хэсгийнхэнд мэдээлж байна. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг хангах талд онцгойлон анхаарах шаардлага бийг тэд хэллээ.
“Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт мөн л томоохон шинэчлэл хийх цаг болсон гэдэг дүгнэлт гарчээ. Уг нь энэ салбар руу хөрөнгө оруулалтыг төрөөс маш сайн хийх болсон. Гэвч өмнө ашиглаж байсан обьектыг нь орон нутгийн удирдлагууд нь өөрсдийн мэдэлд авч хувьдаа ашиглаж байгаа ноцтой баримтууд “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийг зохион байгуулах үеэр илэрчээ. Жишээ татвал, Хөвсгөл аймгийн хүүхдийн эмнэлгийг хувьчлал нэрийн дор маш бага үнээр аваад, архины үйлдвэр байгуулчихсан байсан. Түүгээр ч зогсохгүй төрөх эмнэлгийг нь мөн хувьчлаад хувийн сургууль болгочихсон. Харин одоо шинээр төрөх эмнэлэг барихаар болж байгаа. Төрийн өмчийг зориулалтынх нь дагуу ашигладаггүйн тод жишээ энэ. Нөгөөтэйгүүр, газрын баялаг ихтэй аймгууд уул уурхайн компаниудын халаасанд орчихсон байгаа нь ч илэрчээ. Үүнд Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгууд хамаарна. Орон нутгийн удирдлагууд хийгээд Мэргэжлийн хяналтын байгууллагууд нь “Уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа ном журмын дагуу явуулж байна” гэж хэлдэг. Гэтэл оршин суугчдын хувьд уул уурхайн буруутай ажиллагаанаас болж эрүүл мэндээрээ хохирч буйг баримттайгаар мэдүүлж буй тул энэ чиглэлд төрийн онцгой анхаарал хэрэгтэй болохыг ч ажлын хэсгийнхэн хэллээ.
“Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөрөөс гарсан дүгнэлт бол хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийг бодитой нэмэгдүүлэх явдал гэж дүгнэж байна. Хөдөлмөрийн хөлсний үнэлэмж хэт доогуур байгаагаас иргэд ажил хийх сонирхолгүй байдаг. Энэ нь ядуурал, ажилгүйдэл газар авахад нөлөөлж байна гэж үзжээ.
“Эрдэм боловсролтой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарт мөн л шинэчлэл хийх хэрэгтэй гэсэн дүгнэлт юм. Тэр дундаа багш бэлтгэх тогтолцоонд анхаарах. Мөн боловсролын салбарт ажиллагсдын нийгмийн асуудалд анхаарлаа хандуулахгүй бол удахгүй ажиллах багш, боловсон хүчингүй болно гэлээ. Учир нь чадалтай чадвартай багш нар нь мэргэжлээсээ зугатааж, цалин өндөртэй ажил руу урвах болжээ.
Дээд боловсролын салбарын хүрээнд ч шинэчлэл шаардаж байна. Жилд улсын хэмжээнд 172 мянган оюутан суралцдаг, төгсөгчдийнх нь 36 хувь л ажилтай болдог. Гэтэл жилд суралцаж байгаа тэдгээр оюутнуудын сургалтын төлбөрт 512 тэрбум төгрөг зарцуулагддаг. Дийлэнх нь эцэг, эхчүүдийн халааснаас төлөгддөг. Харамсалтай нь, хүүхэд нь их, дээд сургуульд суралцан мэргэжилтэй боллоо ч ажилтай болж чаддаггүйгээс эцэг, эхчүүдийн хувьд дахиад хүүхдээ тэжээхээс аргагүйд хүрдэг гээд хаанаа, хаанаа асуудал үүсгэх болсон. Тиймээс боловсролын салбарт иж бүрэн шинэчлэл шаардаж буйг ажлын хэсгийнхэн онцоллоо.
“Аюулгүй орчинтой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд байгаль орчны доройтол, ундны ус, эрүүл хүнс хамгийн тулгамдсан асуудал болж буйг иргэд хамгийн их хэлсэн байна. Мөн архинаас болж олон гэр бүл салж сарних, хүүхэд өнчрөх, тэр байтугай гэмт хэрэг үйлдэж хүний аминд хүрч байгааг ч жишээ баримттайгаар өгүүлсэн байсан аж. Зам тээврийн осол ч мөн анхаарлын гадуур өнгөрөөж болохгүй. Зургаан жилийн хугацаанд зам тээврийн осолд 4000 орчим хүүхэд өртсөн. Тиймээс энэ асуудалд Ардчилсан нам бодлого боловсруулж ажиллах шаардлагатайг харуулсан юм байна.
Нөгөөтэйгүүр, аюулгүй орчинд ажиллаж амьдрахын тулд иргэд ихээр нүүдэл суудал хийжээ. Хөдөөгийн иргэдээс 450 мянга орчим нь хот суурин газар бараадан нүүж иржээ. Нийслэлийн гэр хороолол 100 мянган өрхөөр тэлсэн байна. Мөн 100 мянган иргэн амьдрал хөөн гадаад руу явжээ. Тиймээс аюулгүй орчныг бүрдүүлэх нь чухал байгааг хуралд оролцогчид тэмдэглэлээ.
Дашрамд сануулахад, “Монгол хүн 2020” хөтөлбөрийн үндэсний хэлэлцүүлгийн хоёрдугаар шат нь дэлхий дахинд сурч ажиллаж буй монгол хүн бүрийг хамруулсан онлайн хэлэлцүүлгийг өрнүүлэх юм байна.