Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Үүлийн шинэ нүүдэл

УИХ-ын гишүүн, Улсын баа­тар Э.Бат-Үүл ирэх сонгуульд нэр дэвшихгүй нь гэсэн мэдээлэл газар авч, улс төрийн хүрээнийхнийг гайхшруулав. Түүний их улс төрд зодог тайлсан тухай мэдээг олон нийт баярлаад, гомдоод ч байгаа­гийн аль нь болохыг бүү мэд, их л дуулиантай хүлээн авав. Мөн янз бүрийн таамаглал дэвшүүлж бай­на. Юуны өмнө ахмадууд “Ирж буй усан луу жил төрийн өндөр ал­бан тушаалтанд ширүүн, дунд сууд­лын түшмэдэд маш ширүүн” хэ­мээн зурхайд буусантай холбон тайлбарлаж байх юм. Харин АН-ын залуус мөнөөх л “Харьж яваа хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй” гэх алдарт афоризмаа баталгаажуулан хөөрцгөөж байна. Түүний дараагийн хувилбар гэвэл Улсын баатар маань энэ удаа намынхаа генсекийн ажлыг авч АН-ыг ирэх сонгуульд дасгал­жуулна. Дараа нь Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөхөөр биеэ зэхэж байгаа юм байх. Нээрээ ч Үүл “Нэг алхам ухарч, хоёр алхам урагшлах” нүүдэл хийж байхыг хэн байг гэх вэ. Хамгийн сүүлийн бөгөөд итгэмээргүй хувилбар нь “Э.Бат-Үүлд 50 сая төгрөг ол­доогүй” гэх яриа. Энэ бүхний аль нь үнэнд  болохыг Үүл баатар өөрөө л хэлэх байх. Ямар­тай ч Ардчилсан хүчний холбооныхан, МоАХ-той, бас Ерөн­хий­­лөгч Ц.Элбэгдоржтой хүч хав­сарч “алтангадасчууд”-ыг эсэр­гүү­цэн Ардчилсан намыг шинэчлэх уриа дэв­шүүлж буй ороо бусгаа энэ үед Э.Бат-Үүл тоглоомоос гарчихна гэ­хээр жаахан уйтгартай л юм. Гэвч “Михайлд нэг бодол бий” гэг­чээр  тэр  зүгээр суухгүй нь ойл­гомж­той. Үүлийн нүүдэл бүхэн шинэ байдаг төдийгүй үеийнхэндээ болон нөхдөдөө халдварлах нь бий. Тиймээс энэ удаа ч түүнийг дагах хүн мундахгүй биз. Нөгөөтэйгүүр “мөнгө­ний” гэсэн тодотголтой ирэх сонгуулиас “зайгаа барьсан” тэрбээр Ерөнхий сайд болоод улс төрд эргэн ирж ч мэдэх юм.

У.Оргилмаа

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж