”Ажлаас чөлөөлсөн ЗГ-ын тогтоолыг шүүх түдгэлзүүлсэн”

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

”Ажлаас чөлөөлсөн ЗГ-ын тогтоолыг шүүх түдгэлзүүлсэн”

“Ярилцах танхим”-ын энэ удаагийн зочин бол Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат.  Засгийн газар түүнийг ажлаас нь чөлөөлсөн боловч тэр үүрэгт ажлаа хийсээр л байгаа. Учир нь тэрбээр Засгийн газрыг шүүхэд өгч шүүх тус тогтоолыг түдгэлзүүлчихээд байгаа нь дуулиан тариад байна. Ингээд түүний ярилцлагыг толилуулъя.   

-Таныг Засгийн газрыг шүүхэд өгсөн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдлаа. Тий­мээс энэ талаар яриагаа эхлүүлье гэж бодлоо?

-Тиймээ, Засгийн газрыг шүүхэд өгсөн минь үнэн. Намайг хүний нутагт биеэ эмчлүүлж байхад огт үндэс­лэлгүй хууль бус тогтоолыг Засгийн газар гаргасан байсан. Энэ нь  Хөдөлмөрийн тухай хууль болон Үндсэн хууль зөрчсөн хэрэг. Тиймээс би шүү­хэд хандсан.

-Шүүхээс ямар нэгэн шийдвэр гарсан уу?

-Шүүхийн эцсийн шийдвэр гартал Засгийн газар миний оронд хэн нэгнийг томилох эрхгүй болсон. Тогтоолыг түдгэлзүүлсэн захирамж юм даа.

-Тэгвэл та ажлаа хү­лээл­гэж өгөөгүй байх нь ээ?

-Яалаа гэж ажлаа хүлээлгэж өгөх билээ. Шүүхийн шийдвэр гартал би ажлаа хийх учиртай юм байна.

-Таны бие гайгүй юу. Ерөнхий сайд таныг ажлаас чөлөөлөх үед эмчилгээ хийлгүүлж байгаа дуулдсан?

-Миний бие сайжирсан. Эхлээд Монголдоо эмчлүүлж байгаад өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр БНСУ руу явсан. Тэнд байхдаа аравдугаар сарын эхээр зүрхний хүнд хагалгаанд орлоо. Хагалгааны дараа хүний нутагт гурван сар амьдарлаа. Хамгийн сайхан нь надад зүрхнээс өөр муу юм байсангүй. Тэгэхээр одоо бол цоо эрүүл болоод эргээд ирлээ. Ажлаа хийгээд сууж байна. Гэхдээ хүнд хагалгаанд орсон учир гам барих шаардлагатай байгаа.

-Засгийн газрын хуралдаанд ажлаа тайлагнах гэж байхдаа “ухаан алдаж унасан” гэсэн яриа гарсан. Харин Засгийн газрын зүгээс тэр үед “худлаа” гэсэн мессеж тарааж байсан. Энэ тухай танаас асууж амжилгүй өнөөдрийг хүрлээ шүү дээ?

-Тэр үе чинь есдүгээр сарын эхэн байсан юм. Бие жаахан эвгүйрхээд эндээ эмчлүүлж байсан үе. Тэр өдөр сүртэй юм болоогүй ээ. Гэхдээ л бие муудаад явсан нь үнэн. Эмнэлэгт  хүргэгдэхдээ даралт 220, 120 хүрсэн байсан. Эмч нар “Та чинь үхэх нь байна шүү дээ. Ийм өндөр даралттай яаж ажил хийж болдог юм бэ” гээд  шууд хэвтүүлж яаралтай арга хэмжээ авсан. Тэндээсээ л Солонгос руу  явсан даа. 

-“Засгийн газрын хуралдаанд ажлын тайлангаа тавих ёстой атлаа ирээгүй учир хатуу хариуцлага тооцох хэрэгтэй” гэж Ерөнхий сайд мэдэгдэж байсан. Тухайн үед таныг үнэхээр дуудаад, та ирээгүй юм уу?

-“Худлаа ярьж байна” гэж хэлэх хэцүү байх даа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас намайг “наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 13 хүртэл амар” гэсэн. Тэгэхээр нь  хуваарийн дагуу амарсан. Амарч байх хугацаандаа би Архангай аймагт утасны сүлжээ барьдаггүй газар байлаа. Тэгээд аймгийн төв рүү орж ирээд утсаа асаахад Ерөнхий сайдын шадар туслахаас “Дарга дуудаж байна” гэсэн мессеж тав хоногийн өмнө ирсэн байсан. Дуудсан уу гэвэл дуудсан байгаа биз. Гэхдээ надад мэдэгдэхгүйгээр дуудсаныг дуудсанд тооцох уу, үгүй юү. Намайг өөрсдөө “амар” гэчихээд дараа нь “том толгой гаргалаа, хөдөө явлаа” гэх юм. Тэгэхээр одоо яана гэсэн үг вэ. Би бол үүнийг намайг зайлуулах гэсэн арга саам болов уу гэж ойлгож байна. Ийм сонирхолтой хүмүүс олон байна шүү дээ.

-Жишээ нь ямар хүмүүс ийм сонирхолтой байгаа юм бол. Бас таныг яасан гэж ажлаас чинь өөрчлөх гээд байсан хэрэг вэ. Магадгүй Ерөнхий сайд уу, аль эсвэл өөр хэн нэгэн үү?

-Ерөнхий сайд, эсвэл түүний цаана ч тийм сонирхолтой хүмүүс байгаа болов уу. Юунаас болсон бэ гэвэл цөмийн хог хаягдлыг булшилна гэсэн мэдээлэлтэй л холбоотой байх. Тэр мэдээллийг хэвлэл мэдээллээр цацахдаа намайг цөмийн хаягдал оруулж ирэх гэж байгаа юм шиг ойлголтыг ард түмэнд төрүүлсэн. Худлаа шүү дээ. Ард түмэн үнэн мөнийг ялгана. Хэн цөмийн хаягдлын тухай ярьж, хэн очиж тохиролцож байсан нь бүгд цөм эзэнтэй. Харин үүнийг нь  эсэргүүцсэн хүнийг л зайлуулах гэж оролдож байна.

-УИХ-ын гишүүн С.Баяр цөмийн хог, хаягдлыг булшлах гэрээг байгуулсан гэх мэдээлэл тухайн үед гарч байлаа. Энэ хэр ортой бол?

-С.Баяр гишүүнтэй огт хамаагүй ээ. Одоогийн парламентад энэ талаар ярьсан нэр бүхий хүмүүс бий. Гэхдээ одоохондоо тэдний нэрийг хэлэхээ больё. Өөрсдөө эхэлж ярьчихаад шуугиан дэгдээд эхлэнгүүт нь “үгүй, үгүй” гээд байгаа юм. Төрийн тусгай байгууллагууд мэддэг л байгаа даа. Мэдэхгүй бол шалгаад үзэхэд гараад ирнэ дээ.

-Засгийн газрын тэргүүн энэ талаар мэдээлэлгүй байж болохгүй байх. Хэрэв мэдсэн бол холбоотой гэсэн үг үү?

-Холбоотой эсэхийг нь мэдэхгүй. Гэхдээ Ерөнхий сайд танхимынхаа сайд нарын хэлсэн үгийн хариуцлагыг хүлээдэг.

-Энэ утгаараа гүйцэтгэх засаг­лалын тэргүүн таныг ажлаас чөлөөлсөн гэж үү?

-Тодорхой хэлж мэдэхгүй юм.

-Ерөнхий сайд асан С.Баярын Засгийн газрын үед та Цөмийн энергийн газрын даргаар томи­логдож байсан. Тиймээс таныг С.Баяртай  хамааруулах гээд бай­даг болов уу?

 
-Би олон даргын үед томилогдож байлаа. М.Энхболд Ерөнхий сайдын үед Цөмийн энергийн комиссын дэд даргаар анх томилогдсон. Дараа нь энэ агентлаг байгуулагдаж, С.Баяр даргын үед Цөмийн энергийн газрын дарга болов. Энэ утгаараа ч юм уу, намайг С.Баярын хүн гэдэг. Би өөрөө хотын хүүхэд учраас эд нарыг цөмийг нь мэднэ, танина. Тэд намайг эрдэмтэн, мэргэжилтэн гэдгээр минь мэддэг. Тийм учраас агентлагийн даргаар томилсон байх. Намайг тэрний хүн, энэний хүн гэхээс илүүтэй би өөрөө энэ салбарыг сайн мэднэ. Уг нь цөмийн салбар бол маш гоё, цэвэрхэн салбар. Одоо л бохир юм хийх гээд байгаа болохоос биш. Монгол Улсад анх цөмийн энергийн салбарын судалгааны хэсгийг нь миний аав бий болгосон. Үүнийг нь би үйлдвэрлэлийн, хэрэглээний хэсэг рүү нь оруулсан. Тиймээс энэ салбарын эрх ашиг миний мах цусанд шингэсэн. Нэг үгээр хэлбэл эцгийнхээ байгуулсан бүхнийг хүү нь муутгая гэж гэж хэзээ ч бодохгүй.

-Та УИХ-ын гишүүн С.Баяртай найзууд уу?

-С.Баяр чинь надаас хоёр дүү. Ерөнхий боловсролын сургуульд байхад нэг дүү хүүхэд олон дүү юм шиг л байдаг шүү дээ. Бид хоёр ер нь бол найзууд. М.Энхболд дарга ч надаас зургаа, долоо дүү байх. Иймээс би тэднийг маш сайн мэднэ. Н.Энхбаярыг бага байхаас нь гадарлана. Харин С.Батболдыг “Алтай трейдинг” компани ажил­луулдаг байхыг нь л мэдэх юм.

-Цөмийн энергийн газрын үйл ажиллагаанд улс төрийн нөлөө орж буй нь харагдаж байна. Ийн улс төр орох шалтгаан нь юу вэ?

-Их мөнгөтэй л холбоотой. Цө­мийн хог хаягдал ярьж байгаа бол цаана нь их хэмжээний мөнгө бий. Үүнээс гадна улсын нэр хүнд, ард түмний аюулгүй байдал, цөмийн салбарын бүхий л асуудал улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой юм. Ийм байхад тоглолт хийж, булхай хийх гэж байгаа бол бүтэхгүй. Яах вэ, түр зууртаа бүтэх байх. Гэхдээ дараа нь заавал илэрдэг. Оросын сайд байсан хүн булхай хийж, 10 гаруй жилийн дараа хэрэг нь илэрсэн тохиолдол байдаг. Манай салбарт нууц зүйл гэж байдаггүй. Нуулаа гэхэд заавал илэрдэг. Өөр гарц байхгүй. 

-Тухайн үед “Монголд цөмийн хаягдал булшлах гэж байна” гэж байсан нь зөвхөн яриа хэлэл­цээрийн түвшинд байсан биз дээ?

-Манай агентлаг болон миний зүгээс ийм хэлэлцээрт гарын үсэг зурсан юм байхгүй. Цаашид зурах ч үгүй.

-Тэгвэл парламентын гишүү­дээс ингэж ярьсан хүн байгаа гэдэг нь баталгаатай байх нь?

-УИХ-ын гишүүдийн хийдэг гэрээ хэр бодитой байдаг юм бол доо. Яагаад гэвэл үүнийг гүйцэтгэх засаглал эцэст нь хариуцна. Тэгэхээр улстөрчдийн яриа хэлэлцээр бодитой байх болов уу. Ер нь ийм яриаг улстөрчид хийсэн үү гэвэл тийм. Яг гэрээ байгуулсан эсэхийг нь хэлж мэдэхгүй.

-УИХ-ын гишүүд хэн юу, ярьсныг мэдэж буй. Мэдсэн хэрнээ бие, биедээ хариуцлага тооцчих улстөрч ганц ч алга гэж үү?

-Байхгүй шүү дээ. Тэдэнтэй ард түмэн хэзээ нэгэн цагт хариуцлага тооцно. Энэ үйлдэл нь хэзээ нэгэн цагт нийтэд ил болно. Ингэж дураараа дургиж болохгүй.

-“Нэргэсэн хойно нь хашгирав” гэдгийн үлгэрээр цөмийн хаягдлыг булшилсан хойно нь хариуцлага тооцож чадах уу?

-Одоогоор цөмийн хаягдлыг оруулаагүй байна. Манай ард түмэн харанхуй биш шүү дээ. Мөн сэхээтэн, эрдэмтэд үгээ хэлээгүй л байна. Би эдгээр сэхээтнүүдийн нэг. Тиймээс номын үүднээс ийм юм ярьж болохгүй гэдгийг улстөрчид ойлгохгүй байна. “Уран шороо, алтнаас ялгаа юу байна. Адилхан ашигт малтмал шүү. Тусдаа хуульд байх ёсгүй” гэж ярьж байгаа улстөрчид ойлгохгүй байгаагийн шинж.

-Цөмийн хаягдлыг булшлах нь ямар хор нөлөөтэй юм бэ?

-Ер нь булшилж болно. Харин яаж булшлах вэ, гэрээ хэрхэн хийх вэ гэдэг нь сонин. Бид хаягдал гэж муухайгаар хэлээд байгаа боловч үнэндээ хэрэглэсэн түлш юм. Технологийн ийм горимоор хийж, энэ улстай хамтарч, ингэж ажиллана гэдгээ ард түмний өмнө ил тод ярих учиртай. Түүнээс биш далдуур хийж, үүний төлөө ажилласан хүн нь хэдэн төгрөг авах ёсгүй. Үүнийг булхайгаар хийвэл аюултай. Ингэж булшилснаар магадгүй бидний генд өөрчлөлт оруулна. Хөрс, газар шороог бохирдуулна. Гэхдээ өнөөгийн нийгэмд ийм эрсдэл бий. Юу гэхээр бид өнөөдөр генийн түвшинд өөрчлөгдсөн хүнс идэж байна. Энэ Монгол хүний генийг өөрчилж байгаа. Олон улсын болон улсынхаа хяналтанд, өндөр технологитой оронтой хамтарч хийвэл аюул багатай. Огт аюулгүй зүйл гэж байхгүй.

-Мөн цөмийн станц байгуулах тухай ярьж байгаа. Энэ хэр зөв шийдэл юм бол. Олон нийт Чернобыль, Фукушима шиг хүлээж аваад байх шиг?

-Цөмийн цахилгаан байгуулах тухай төрөөс баримтлах бодлогод орчихсон байгаа. Гэтэл үүнийг эсэргүүцсэн хүмүүс олон бий. Тэд “Нүүрсээ түлээд байж болно” гэж буй. Чухамдаа нүүрс маш үнэтэй шүү дээ. Дэлхийд нүүрс ховордож байна. Манай улсад одоохондоо байгаа хэдий ч хэдэн жилийн дараа дуусчихвал яах вэ. Тиймээс бид ирээдүйгээ бодож нүүрсээ үнэд хүргэх хэрэгтэй. Дэлхийд цөмийн эрчим хүчийг хамгийн цэвэр гэж хэлдэг. Японы Фукушимагийн станц Оросын Чернобылийн станцаас 10 жилийн өмнө баригдсан. Тэгэхээр хуучин станц нь иймэрхүү байна гэдэг нь чухал юм. Бид энэ онд тэднээс огт өөр технологиор ажиллана шүү дээ. Бодитой судалгаа хийсний үндсэн дээр цөмийн станц байгуулах тухайгаа ярина. Түүнээс биш хойч үеэ хордуулах бодол хэнд ч алга. Надад зарим улстөрч, бизнесийнхэн шиг гэр бүлээ аваад гадны улсад амьдрах хэмжээний хөрөнгө байхгүй. Би Монголдоо л амьдарна.

-Цөмийн хаягдлыг булшлахын давуу тал, ашиг гэж бий юү?

-Ер нь бол ашигтай. Зөвхөн цөмийн хаягдлыг оруулж ирж булшилна гэвэл утгагүй. Харин цогц зүйл байх ёстой. Учир нь бид уранаа боловсруулан түлш хийж зарах хэрэгтэй. Ураныг олборлоно гэхэд хог, хаягдал гарна гэсэн үг. Тиймээс бид ямар нэгэн менежмент хийх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, хадгалах төхөөрөмжийг бий болгоно гэсэн үг. Цацрагийн хог, хаягдлыг хадгалах төхөөрөмж манай агентлагийн харьяанд байдаг. Энэ нь маш нарийн бүртгэл, хамгаалалттай. Биет хамгаалалтаас гадна цэрэг, цагдаагийн хамгаалалт бий. Үүнийг нэг их ил тод ярьдаггүй. Тэгэхээр бид уранаа баяжуулан түлш хийгээд гаргавал улс төрийн нөлөөтэй болно. Цөмийн энергийн тухай хууль, бодлоготой болонгуут манай улсын нэр хүнд маш өссөн. Гадны улс орнуудад “тоглоомын дүрэмтэй боллоо” гэсэн ойлголтыг өгч чадсан.

-Энэ салбарыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгахын тулд яах ёстой юм бол?

-Олон улсын стандартад манайх шиг байгууллагын санхүүжилт хуульчлагдсан, өөрчлөгддөггүй байдаг. Гэтэл одоо Цөмийн энергийн газрын санхүүжилтийг дуртай үедээ нэмж, дуртай үедээ хасдаг. Мөн энэ байгууллагын даргыг тодорхой хугацаагаар, сонгуультай зөрүүлж томилдог. Манай хуульд Цөмийн энергийн газрын даргыг зургаан жилээр томилно. Хэрэв хугацаанаас нь өмнө даргыг нь солихоор бол заавал УИХ-аар хэлэлцэнэ гэж. Ийм байж л бие даасан байдлыг нь хангаж чадна. Гэтэл өнөөдөр нэг байгууллагыг лацдахаар өчнөөн дарамт ирж, санхүүжилтийг нь хасна гэвэл ажил явахгүй. Тэгэхээр хуулиас авсан дээрх заалтаа буцаад тусгах хэрэгтэй юм. Түүнчлэн цөмийн энергийн салбар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдэлд байх ёстой. Ингэвэл сая бие даасан хараат бус байдлыг нь хангаж чадна. Одоо байсхийгээд шуугиан дэгдээд байгаагийн зорилго нь тодорхой юм. Энэ бол зөвхөн улс төр.  Өөр юу ч биш. 

-“Та улс төрийг оролдохгүй бол улс төр таныг оролдоно” гэдэг шиг та улс төр сонирхдог уу?

-Би улс төр сонирхдоггүй байсан юм. Харин одоо сонирхдог болоод байгаа. Ингээд байгаа болохоор улс төрд ордог ч юм билүү гэсэн бодол төрж л байна.

-Ингэж бодож байгаа бол ирэх сонгуулиар өрсөлдөөд үзэж болно шүү дээ?

-Сонгуульд өрсөлдөхийн тулд мөнгө хэрэгтэй. Мөнгө байхгүй учир хэцүү л дээ.

-Аль нэг компанийн эрхийг хаслаа гэхэд дарамт ирдэг гэж та түрүүн хэлсэн. Таны хувьд дарамт хэр их ирж байв?

-Зөндөө ирж байлаа.

-Тодорхой тоо хэлэх боломжтой юу?

-Тоог нь хэлчихвэл хэн, хэн дээр ирж байсан гэдэг нь тодорхой болчихно.

-Бүгдийг нь ил тод хэлчихэж болохгүй гэж үү?

-Тэгвэл утгагүй болно. Ингэж ярилаа гээд бидний ажил сайжрахгүй.

-Улсын төсвөөс Цөмийн энер­гийн газарт хэчнээн төгрөг тө­сөвлөдөг юм. Жилээс жилд багасаж байна уу, нэмэгддэг үү?

-Энэ жилийн хувьд багассан байгаа.

-Хэдээр багассан бэ?

-Нэг тэрбум гаруй төгрөгөөр багассан. Үүнээс нь харахад цөмийн энергийн салбарт анхаарахгүй, хавчих бодлогыг явуулж байна.

-Хавчих бодлого гэдгээ тайл­барлахгүй юу?

-Засгийн газраас гурав, дөрвөн тогтоол гарсан. Энэ нь манай агентлагт ажлын байр өгөх тухай юм. Үүнийг огт биелүүлэхгүй байгаа.

-Та газрын болон хэлтсийн даргаа халсан. Ямар учир шалт­гаанаар халсан юм бэ?

-Тэр хоёр хүн хэвлэлээр шуугиулах гэж оролдсон болохоос  биш аль ч байгууллага дотроо ажилтнаа халж л байдаг. Мөн шинэ ажилтан авч, бас тушаал дэвшүүлдэг. Алдаа гаргасан ажилтнаа халсан хэрэг.

-Үндэслэл нь юу байв?

-Гол шалтгаан нь ажлаа муу хийсэн. Харин шалтаг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд худал мэдээлэл өгсөн гэдэг юм.

-Улстөрчид хуулийн төсөл, али­ваа судалгаа явуулахдаа эр­дэм­тэдтэй хэр зөвлөлддөг вэ. Жишээ нь танай салбарын тухайд?

-Минийхээр бага гэж боддож байна.

-Манай улс ОХУ-тай “Дорнод уран” хамтарсан компани бай­гуулах тухай яриад нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ юу болсон бэ?

-Ингэж яриад гурван жил боллоо. Анх 2008 оны наймдугаар сарын 19-нд Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээнд би гарын үсэг зурж байлаа. “Дорнод уран” хамтарсан компани байгуулъя гээд өмнө санамж бичиг байгуулчихсан байсан асуудал. Хамтарсан компанийг байгуулах нь их амархан. Гэвч тодорхой улс төрийн хүчнийхэн дургүй байв. Мөн хамтарч ажиллахад саад болж буй юм нь Канадын компанийн үйл ажиллагаа явуулж байсан талбай дээр ажиллана гэж тохиролцсон. Канадын “Хан ресурс” компани зогсоо зайгүй шүүхдэж байна. Тиймээс шүүхдэж байгаа үед бид лиценз олгож гадаадын компанитай хамтарсан компани байгуулж болохгүй. Шүүхийн шийдвэр манай талд гарна гэсэн итгэлтэй байгаа боловч юмыг яаж мэдэх вэ компани байгуулах асуудлыг хойшлуулсан нь дээр юм.       
          
-“Хан ресурс” компанийнхан “Бидний лицензийг хураасан нь хууль бус” гээд байгаа шүү дээ?

-Тэдний хууль бус гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Энэ яриа нь яагаад газар аваад байгаа юм бэ гэвэл манайд тэдний талд ажиллаж буй тодорхой улс төрийн хүчин байна. Түүнээс биш алдаа гаргасан бол ямар ч улс лицензээ хураадаг. Зарим улсад зүгээр хураагаад авчихдаг жишиг бий. Харин ч бид тэгээгүйгээр барахгүй нөхөн төлбөр олгоё гэсэн. Тэгтэл үүнийгээ голж 200 сая ам.долларыг нэхэж байгаа. 

-Одоогоор энэ асуудал ямар түвшинд байна вэ?

-Олон улсын арбитрын шүүхээр хэлэлцэж байна.

-“Дорнод уран” компани бай­гуулсны үр ашиг нь юу юм бэ?

-Бид төлөвлөсөн ёсоор компаниа байгуулсан бол өдийд үйлдвэр ажиллуулах байлаа. Үйлдвэр байгуулсан бол бусад оронтой адилтгах жишигтэй болох байсан. “Дорнод уран” компанийг Орос, Японтой хамтарч байгуулна гэсэн тохиролцоотой байсан шүү дээ. Уранаа олборлож, боловсруулах боломжтой байсан. Үүний цаана эдийн засаг, улс төрийн ашиг байдаг.

-Энэ компанийг байгуулах ажил удаашралтай байгаад Оро­сын зүгээс юу хэлж байх юм?

-Тэд “Юу болж байна вэ” гээд шахаж, шаарддаг. Бидний зүгээс шүүхдэж байгаа ийм үед компани байгуулах боломж муу байна гэдгийг ойлгуулсан.

-Монгол Улс ураны хэр их нөөцтэй юм бэ?

-Ойлгомжгүй байгаа юм. Бид цээжний бангаараа дэлхийд эхний тавд, зарим нь нэгд орно гэдэг. Гадныхны амаар ингэж ярьж буй хэрэг. Оросын геологич эрдэмтэдийн үгээр манай улс ураны нөөцөөр дэлхийд эхний тавд багтах юм. Харин өнөөгийн байдлаар эхний 15-т багтаж байгаа. Японы нэг сайд ирээд хэлэхдээ “Манайхан танайхыг ураны нөөцөөрөө нэгдүгээрт орно гэж тооцож байгаа шүү” гэсэн. Харин өнөөдөр бид өөрсдөө судалгаагаа хийж эхэлсэн. Өмнө нь харамсалтай нь олон лиценз өгсөн байсан учир эдгээрийг нь үргэлжлүүлэн бүртгэсэн. Үүний дийлэнх нь гадных байгаа юм.

-Аль болох дотоодынхоо ком­панийн нөөц бололцоог ашиглах боломж бий биз дээ?

-Байлгүй яах вэ. Үүгээр зогсохгүй хуульчилсан. Энэ ажилд жилд дөрвөн тэрбумыг зарж байна гэсэн боловч хэрэгжүүлэхгүй байгаа. Үүнтэй хол­богдуулан цөмийн эрчим хүч, ховор шорооны салбарыг хөгжүүлэх зориулалттайгаар үндэсний судал­гааны хүрээлэнг манай агентлагийн дэргэд байгуулах ёстой. Гэвч мөн л биелүүлэхгүй байна. 

-Монголчуудыг тоглоомын дүр­мээ баталж, Цөмийн энергийн ту­хай хуультай болсон гэж гадныхан олзуурхаж буй. Хэр сайн хууль болсон юм бол?

-Дэлхий дээр төгс юм гэж байхгүй. Манай улс олон орны хуулийг судалсан. Мөн Олон улсын атомын энергийн агентлагт хуулиа өгч, “Боломжийн хууль байна” гэсэн хариу авсан. Дутуу зүйл бий юү гэвэл бий.

-“Мон Атом” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Р.Бадамдамдин, Цөмийн энергийн газрын дэд дарга Ц.Дамдинсүрэн нарыг ажлаас нь чөлөөлсөн. Үүнд улс төр орсон болов уу?

-Намайг байхгүй байх үед энэ хоёрыг чөлөөлсөн юм билээ. Р.Бадамдамдинг долоо хоногийн дотор чөлөөлчихсөн юм шиг байна лээ. Харин манай дэд дарга одоо болтол ажлаа хийж байгаа. Үүнд улс төр орсон гэдэгт итгэлгүй байна.

-Оронд хүн томилоогүй учир үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн үг үү?

-Үгүй. Халаагүй байхгүй юу. Өөрөөр хэлбэл, тушаал нь гараагүй.

-Таны оронд А.Ундраа гэдэг хүнийг томилох сураг дуулдаж байсан. Энэ хүний талаар хэр мэдэх вэ?

-Энэ хүнийг сайн мэдэхгүй. Манай их сургуулийг төгссөн юм гэнэ лээ. Мөн Америкт сурсан гэсэн. Миний бодлоор улс төр сайн хийдэг юм шиг.

-Үнэхээр улс төр байгаад А.Ундрааг Цөмийн энергийн газ­рын даргаар томилчихвол энэ салбарыг авч явж чадах болов уу?

-Цөмийн энергийн салбар нурна гэж ойлгож байна. Түүнийг манай улсын сэхээтнүүд хүлээж авахад хэцүү. Тодорхой ажил гүйцэтгэх зорилгоор хэнийг ч томилж болох юм.

-Таны асуудлыг шүүх хэдий хугацаанд шийдвэрлэх юм бол?

-Шүүхийн захирамжийг Шүү­хийн шийдвэр гүйцэтгэх газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэдэгдэл хүргүүлсэн гэсэн.

-Хэрэв хууль бусаар халсан гэх шийдвэр гарвал та ажлаа үргэлжүүлээд хийж болох уу?

-Тийм байх  болов уу.

 -Таныг дэмжих хүмүүс байвал та УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөх үү?

-Тэгнэ. Хүч үзнэ. 

-Ярилцсанд баярлалаа.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж