Монгол ёс заншил, уламжлалаа судлах, хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх, хэвшүүлэх эрхэм зорилготой байгуулагдсан “Монгол ёс” ТББ-ыг олон байгууллага, хүн өөрсдийн хүч бололцоогоор дэмжин ажиллаж байна. Тиймээс ч тус ТББ-аас санаачилсан эхний ажил болох Хүндэтгэлийн ёсолгоотой болох уриалгыг олон нийт дэмжиж, хэвшүүлэх зүйтэй гэсэн санал, сэтгэгдэл олноор ирж байгаа гэнэ. “Гэвч сайны хажуугаар саар” гэгчээр зан заншлаа түгээн дэлгэрүүлэх аяны хажуугаар олонд хүрсэн лого, уриалгыг уул уурхай, архины бизнест ашиглан ашиг олох зорилготой бусармаг үйл ажиллагаа хэд хэд гарсан бөгөөд зан заншлыг мөнгө олох хэрэгсэл болгохыг завдаж буйд харамсч буйгаа “Монгол ёс” ТББ-аас мэдэгджээ.
“Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш бид ашиг олж болох бүхий л арга хэлбэрийг ашигласаар ирсэн. Бизнесийн ном дүрмээрээ зөв л биз. Үүнд хамгийн бага өртдөг нь зан заншил, олон мянган жилийн түүхэн уламжлал, соёл. Зан заншлаа л зоосны нүхээр харахгүй байх юмсан даа. Ашиг олон хэрэгсэл болгож өвөг дээдсийнхээ ариун нандин уламжлалыг сэвтээж, ясыг нь өндөлзүүлэхгүй байх юмсан даа. Өнөөдөр бид үлэмж ашиг оловч, хожмоо салхины хойноос хөөцөлдөх лугаа адил болсон байх вий дээ гэж санаж сэрэг” хэмээн “Монгол ёс” ТББ-аас уриалга гаргасан байна.