Туршилтын киночдын баг үзэх тоолонд үйл явдал нь өөрчлөгдөж шинэчлэгддэг кино бүтээжээ. Ева Суссман болон киноны Rufus Corporation багийн хамтран бүтээсэн энэ туршилтын киноны нэр нь “whiteonwhite:algorithmicnoir”. Одоогоор бүтээгчид нь Sundance Film Festival, Берлинале зэрэг наадмуудад танилцуулах зэргээр киногоо шургуу идэвхижүүлж байна.
Кино бүтээгчдийн өөрсдийнх нь “зөн сэрлийн машин” гэж нэрлэсэн тусгай програмчлал бүхий компьютерээр киноны үйл явдал нь хувьсдаг юм. Уг програм 3 мянган богино видео, 80 хоолойн зам, 150 хөгжмийн зохиомжид тулгуурлан, тодорхой түлхүүр үгийг үндэс болгон бодит цагт дахиж давтагдахгүй үйл явдлыг хувилан шинэчилдэг байна.
Киноны үйл явдал өнгөрсөн зууны 70-аад оныг санагдуулам их хотод мунгинаж байгаа гол дүр болох Хольц хэмээх геофизикчийн эргэн тойронд өрнөнө. Дүрсний дараалал нь утасны яриа, дамар хальсан дээрх бичлэг, Хольц, түүний эзэн, “Диспетчер” нэртэй нууцлаг бүсгүй нарын хоорондын яриа зэрэг дууны хэсгүүдээр хоорондоо холбогдоно. Эцсийн эцэст гол баатрыг Их хот болон компани удирдаж, харин тэднийг кино бүтээгчдийн компьютер удирдаж байгаа нь тодорхой болно.
Киноны хэсгээс энд үзэж болно.
Эх сурвалж: New York Times