Үндэсний хиймэл дагуул хөөргөхөд дэмжлэг хүслээ

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Үндэсний хиймэл дагуул хөөргөхөд дэмжлэг хүслээ

Швейцарийн Женев хотод НҮБ-ын төрөлжсөн агентлаг, Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас зохион байгуулж буй “Дэлхийн радио холбооны бага хурал 2012 оны 1 сарын 23-наас 2 сарын 17-ны өдрүүдэд явагдаж байгаа аж. Энэхүү чуулга уулзалтанд манай улсын төлөөлөгчид амжилттай оролцож байна.

Тус хурлын үеэр Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн МШХХТГ-ын дарга Ж. Бат-Эрдэнэ, ОУЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга доктор Амадун Түрэ-тэй ОУЦХБ манай улстай хэрхэн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөгжүүлэх болон Монголын мэргэжилтнүүдийг ОУЦХБ-ын судалгааны бүлэг зэрэг тус байгууллагын үйл ажиллагаанд тогтмол оролцуулах асуудлуудыг хөндөн ярилцжээ.

Тэрээр ОУЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Хоулин Зао, ОУЦХБ-ын Радио холбооны товчооны захирал ноён Франсуа Ранси нартай албан уулзалтуудыг тус тус хийсэн бөгөөд Монгол Улсын онц байдлын харилцаа холбоо, үндэсний хиймэл дагуул хөөргөх зэрэг чиглэлээр техникийн туслалцаа, экспертийн дэмжлэг хүслээ. Энэхүү хүсэлтийг ОУЦХБ-ын удирдлагуудын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлж, Монгол улс үндэсний хиймэл дагуул хөөргөснөөр хөгжлийнхөө гол алхмыг хийхийг онцлон тэмдэглэсэн.

Дөрвөн долоо хоногийн турш үргэлжлэх “Дэлхийн радио холбооны бага хурал 2012”-д НҮБ-ын гишүүн 150 гаруй орны 3000 гаруй төлөөлөгчид оролцож олон улсын радио давтамж ашиглалтын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахаар гишүүн орнуудын ирүүлсэн 1700 гаруй саналыг хэлэлцэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж