Хятадын эдийн засаг огцом унаж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Хятадын эдийн засаг огцом унаж болзошгүй

Европын орнуудын өрийн хямралаас үүдсэн эдийн засгийн тогтворгүй байдал улам дордвол Хятадын эдийн засгийн өсөлт 4 хувиар доошилж магадгүй гэж Олон улсын валютын сан /ОУВС/ анхааруулж байна. Энэ жил Хятадын эдийн засгийн өсөлтийн эрчим буурч, 8.2 хувиар тэлнэ гэж ОУВС үзжээ. Өнгөрсөн жилийн байдлаар, Хятадын эдийн засгийн өсөлт 9.2 хувьтай байсан бол 2010 онд 10.3 хувьтай байжээ.

Энэ жил дэлхийн эдийн засгийн өсөлт 3.25 хувь байх төлөвтэй байгаа юм. Европын хувьд Хятад улс нь хамгийн том экспортлогч болох төлөвтэй байгааг өчигдөр Бээжин хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр Европын холбооноос Хятадад суугаа Элчин сайд Маркус Эдерер хэлжээ. Нөгөөтэйгүүр Европын холбоо нь Хятадын хамгийн том импортлогч болоод буй юм. 

Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засагтай улс болох Хятадын ДНБ-ий хэмжээ одоогоор 7.3 их наяд ам.долларт хүрээд буй. 2010 онд Хятадын нийт экспорт 1.578 тэрбум ам.долларт хүрч байсан бөгөөд үүний 20 хувь буюу 331 тэрбум нь Европ руу чиглэсэн экспорт байв. Харин өнгөрсөн жилийн байдлаар тус улс Европ руу 567 тэрбум ам.долларын бараа экспортолсон нь 2010 оныхоос 14.5 хувиар өсчээ. Хятадын нийт экспорт өнгөрсөн онд 1.9 их наяд ам.доллар байснаас үзэхэд тус улсын хувьд Европын тогтвортой байдал экспортынх нь 30 хувьд хамаатай асуудал болж байгаа юм.

Гэхдээ Хятадын бодлого нь цаашдаа экспортод түшиглэх бус дотоодын эрэлтэд шүтсэн эдийн засагтай улс болоход чиглэж буй ажээ.
Европын удирдлагч нар дэлхийн хамгийн их гадаад валютын нөөцтэй буюу 3.2 их наяд ам.долларын “баялаг”-тай Хятад улсыг Европын тусламжийн санд “гараа сунгах”-ыг санал болгоод буй ч Хятад одоогоор тоймтой хариу өгөөгүй байна.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж