Норвегид 77 гэмгүй хүний амийг хороосон хэргээ хүлээсэн хэт барууны үзэл баримтлалт Андерс Бревик өчигдөр шүүхийн танхимд өөрийгөө дээрх хэргийн төлөө гавьяаны медалиар шагнуулж, чөлөөлөгдөх эрхтэй хүн гэж хэлсэн гэнэ. Хар хослол өмсч, гавлуулсан Андерс Бревик өчигдөр Осло хотын шүүхэд хүргэгдэхдээ хоёр гараа цээжиндээ зөрүүлэн ёсолсон нь хэт барууны үзэлтнүүдийн мэндчилгээ гэж түүний өмгөөлөгч тайлбарласан байна. 32 настай гэмт этгээд өнгөрсөн долдугаар сард хотын төв гудамжинд тэсрэх бөмбөг тавьж, олон хүн рүү буугаар шүршсэн явдал нь Норвеги дэх Исламын колоничлолыг өөгшүүлж, цагаачдыг өмөөрдөг урвагчдыг цээрлүүлэх арга хэмжээ байсан хэмээн мэдүүлж, өөрийгөө өмөөрчээ. Өмнөх шүүх хурал дээр Андерс Бревик Осло хот дахь Засгийн газрын төв байрны үүдэнд тэсрэх бөмбөг тавьж, Утойя арал дээрх Хөдөлмөрийн намын залуучуудын кэмп руу гал нээснээ хүлээн зөвшөөрсөн ч өөрийнхөө энэ үйлдлийн төлөө шийтгэл хүлээхгүй гэжээ. Харин халдлагаас амьд гарсан хүмүүс Андерс Бревик хэт үндсэрхэг үзлээр шүүх хурлын шийдвэрт нөлөөлөх вий гэж болгоомжилж байгаа гэнэ. Шүүх эмнэлгийн эмч нар Андерс Бревикийг сэтгэхүйн өвчтэй гэж оношилсон ч хохирогчдын ар гэрийнхэн итгээгүй билээ. Гэвч гэмт хэрэгтнийг шоронд хоригдож байх үед ажиглалт явуулсан сэтгэлзүйч шинжээчид түүнийг цоо эрүүл гэж үзсэн юм. Шүүх эмнэлгээс гэмт хэрэгтэнд дахин сэтгэлзүйн оношилгоо явуулах гэсэн боловч тэрбээр өөрөө татгалзсан аж. Андерс Бревик өөрийгөө хэт барууны үзэл баримтлалт бүлэглэлийн цэргийн командлагч гэсэн бөгөөд лалын шашинт цагаачдыг Европоос хөөн гаргаж, эх орончдын засаглалыг тогтоох зорилготой гэж ярьсан байна. Мөрдөн байцаагчид түүнийг "Knights Templar" гэх бүлэглэлтэй холбоотой нотлох баримт олоогүй бөгөөд алан хядах ажиллагааг ганцаараа зохион байгуулсан гэж үзсэн байна.
Н.Энх