Долоо хоногийн шилдэг гэрэл зураг: National Geographic

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн шилдэг гэрэл зураг: National Geographic

Уламжлал ёсоор өнгөрсөн долоо хоногийн шилдэг гэрэл зургийн тоймыг толилуулж байна. Хүн, амьтан, байгаль болон дурсгалт мөчүүд… Ер нь л авьяаслаг фоточдыг ховсдон татдаг бүхэн энд багтжээ. Хүсвэл зургаа томруулж хараарай.

1 сарын 30

Малчин хөвүүн Йохан Кумунен бээр Камми нохойтогоо уг нь Шведэд амьдардаг. Гэхдээ тэдний гэр бүл зун болгон өөрийн дээд өвөг саам үндэстнийг бараадан Норвегид ирдэг юм. Саамчуудын хувьд буга адуулах нь уламжлалт аж ахуй бас том ухаан байдаг. Үүнд харин номоор биш зөвхөн овгийн ахмадуудаас л суралцана. Ийм учраас л Йоханы гэрийнхэн Шведээс Норвеги луу нүүдэллэдэг.

1 сарын 31

Толгой эргэмээр гоёмсог, ид шидийн, сэтгэл донсолгосон энэ гэрэл зураг хальт харахад фото эвлүүлэг, компьютер график мэт харагдана. Гэхдээ энэ бол “амьд” зураг. Алдарт бяслагийн гуншин болсон Азиаго тагийн ойролцоох уулнаас дарсан агшин. Үүлэн чөлөөн дундаас үдшийн наранд гэрэлтэх бяцхан хот нь зургийн эзэн Витторио Полигийн төрсөн нутаг юм.

2 сарын 1

Энэхүү цагаан уулийг гэрэл зурагчин цасаар шуурсан ааштай тэнгэрийн дор авчээ. Шөнийн амьдралтай бусад ууль, шар шувууг бодвол цагаан ууль өдөр ч шөнө ч сонор соргогоор ан хийж чаддаг юм байна.

2 сарын 2

Үлэмж том халиман аварга загасыг “дөлгөөн аашт махчин” хэмээлцдэг. Учир нь аварга биетэй гэлтгүй энэ загас хүнд ямар ч аюулгүй. Зөвхөн бичил биетээр хооллохын зэрэгцээ удаан сэлдэг, ноомой номхон ааштайгаараа алдартай. Заримдаа биенд нь хүрч, нуруун дээр нь мордчихдог шумбагчдыг ч үл тоомсорлоно. Яг энэ үеэр нь зурагчин тэднийг буулгажээ.

2 сарын 3

Дэлхийд чоно хэмээх амьтан эрх дураараа, тэгэхдээ бүр хүнтэй аюултай ойрхон амьдардаг цөөхөн газрын нэг нь олон улсын Wolf Haven International дархан цаазат газар билээ. АНУ-ын Вашингтон мужид байдаг энэ дархан газарт амирлангуй тухалсан саарал чонын зургийг буулгасан байна.

2 сарын 4

Калахирид жаргаж буй нарны туяа Өмнөд африкийн Хил дамнасан Кгалагади Үндэсний Паркыг гэрэлтүүлж, онц нууцлаг бөгөөд ховс шидийн байгалийг зурагласан нь энэ. Харгана бударгана, хар мододын төгөлийн дундах гөрөөсний сүрэг ч мөн л сонихон, этгээд зүүд зэрэглээ мэт харагдана. Угалзан ятга мэт эвэртэй энэхүү гоолиг адгуус гурвалсан зүсмийн арьсаараа алдартайгаас гадна байрнаасаа асар хурдтай ухасхийж, 3,5 метр өндөрт дүүлж, давхих үедээ 15 метр хол харайдгаараа гойд билээ.

2 сарын 5

Австралийн гол мөрөнд гайхам хөх өнгөтэй хавчнуудтай элбэг таарч болно. Нутгийнхан энэ зүсийг “оньсого тоглоом” гэж нэрлэнэ. Учир нь зарим усанд энэ амьтан хөв хөх байдаг бол өөр нэг газар улбар шар болдог. Ябби хэмээх энэ хавчийг гэрийн аквариумд зориулж барьдаг бөгөөд энэ нь нэлээн өртөгтэй хоббид тооцогдоно.

Эх сурвалж: National Geographic

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж