NBA-ын “нисдэг” хочит Майкл Жордантай хамт “Чикаго Буллс”-т хүчин зүтгэж явсан шилдэг тоглогчдын нэг Скотти Пиппен Монголд ирэхээр болжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар хэрэгжүүлж буй “Мөрөөдлийн баг” хөтөлбөрийн хүрээнд NBA-ын нэгэн цаг үеийн шилдэг тоглогчийг Монголд урьж буй аж. Нийт дөрвөн үе шаттай хэрэгжих “Мөрөөдлийн баг” хөтөлбөрийн хаалт ирэх дөрөвдүгээр сард юм. Скотти Пиппен хаалтын ёслолд оролцож, Монголд цөөн хоног саатаад буцах ажээ. Одоогоор Монголд зочлох түүний хөтөлбөр албан ёсоор гараагүй байна.
Домогт Майкл Жорданы хамт “Чикаго Буллс”-т тоглож, NBA-ын зургаан түрүү хүртсэн тэрбээр дэлхийн сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лигийн Бүх оддын тоглолтод долоон удаа сонгогдон тоглож, 1994 онд Бүх оддын тоглолтын Үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртэж байсан билээ. NBA-д 17 улирлыг үдэхдээ тэрбээр “Чикаго Буллс”-т 12 улиралд тоглож, мөн “Хьюстон Рокетс”, “Портлэнд Трейлблейзерс”-т данстай явсан юм. Скотти Пиппений нэрийг 2010 оны наймдугаар сарын 13-нд сагсан бөмбөгийн “Алдрын танхим”-д мөнхөлжээ.
С.Цэлмэг