Гэхдээ техникийн гэмтэл гарсан онгоцоор нислэг хийх боломжгүй байгаа тул МИАТ компани өчигдөр Улаанбаатараас 19:45 цагт Москва руу нэмэлт нислэг үйлдсэн байна. Ингээд нэмэлт нислэгийн онгоцоор Москвад саатаад байсан 215 зорчигчийг өнөөдөр Монголд авчирах аж. Москвагаас өнөөдөр өглөөний 04.00 цагт хөөрсөн онгоц Улаанбаатарт 10:30 цагт газардана гэсэн мэдээллийг МИАТ компанийн зүгээс өглөө.
Онгоцонд техникийн саатал гарч, Москвад саатсан талаарх мэдээллийг өчигдөр тодруулах үеэр МИАТ компаниас зүгээс “Зорчигчдыг зочид буудал, хоол зэргээр хангаж байгаа” гэсэн мэдээлэл өгсөн боловч Москвад саатсан зорчигчдоос “200 гаруй иргэн онгоцны буудлын шалан дээр хоносон. МИАТ-аас хоол, ундаар хангаагүй” гэх мэдээллийг бидэнд ирүүллээ.
Улаанбаатараас Москваг зорьсон инженерийн багийнхан онгоцонд ямар гэмтэл гарсныг одоогоор албан ёсоор тогтоогоогүй байна. Тус онгоцонд зорчиж явсан иргэдийн хэлснээр бол онгоцны далавчинд гэмтэл гарч, ямар нэг зүйл унаснаас Москвад газардахаас аргагүй болсон гэж буй. Чухам ямар гэмтэл гарсан талаар МИАТ компанийн зүгээс албан ёсны мэдээлэл өгөх боломжтой болсон үед нь бид эргэн мэдээлэх болно.