Аюулгүй ажиллагааны стандарт зөрчсөн ААН-үүдийг хаана

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Аюулгүй ажиллагааны стандарт зөрчсөн ААН-үүдийг хаана

Олон нийтийн газрууд хийн түлш ашиглахыг хориглодог. Жижиг хийн баллонуудыг ашиглаад байдаг хэрнээ ашиглалтын тухайд хангалттай мэдлэггүй байдаг. Хадгалалт буруу, хэт хүйтэн, халуун газар тавьбал хийн баллоны резинэн жийргэвч мууддаг. Үүнээс шалтгаалаад хийгээ цэнэглэх үед даралтаа даахгүй тэсэрдэг гэнэ. Өчигдөр “Нарантуул” захад хийсэн цахилгаан ашиглалт болоод галын аюулгүй байдлын хяналт, шалгалтын үеэр гэж Баянзүрх дүүргийн гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч, хошууч Ж.Жаргалсайхан ингэж ярилаа. Жилийн яг энэ үед цахилгаан ашиглалт эрс нэмэгдэж, галын дуудлага ч нэмэгддэг бөгөөд үүнтэй холбогдуулж Нийслэлийн онцгой байдлын газраас “Нарантуул” захад дээрх шалгалтыг хийжээ. Улаанбаатар хотод гарч буй галын дуудлагын дийлэнхийг Баянзүрх дүүрэг эзэлдэг учраас тус дүүргийг онцолжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд БЗД-ийн гэр хорооллын айлуудаар шалгалт хийсэн байна. Харин өчигдөр “Нарантуул” захыг шалгав.

Одоогоос сар гаруйн өмнө Нарантуул худалдааны төвийн цайны газар цахилгааны холболт буруу хийсний улмаас шатжээ. Тиймээс үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг хүн бүрт галын аюулыг таниулах, нөхцөл байдал ямар байгааг шалгах зорилгоор шалгалтыг хийсэн байна.

…Нэг залгуураас өөр утсуудыг салаалж, басхүү хар туузаар ороожээ. Гэтэл яг дэргэд нь ус буцалж байгаа харагдав. Яг ном журмынх нь дагуу цахилгааны холболт хийхээр их мөнгө зарлагадах учир ингэж “монголчилсон” гэх. Ингэж монголчилсоны горыг сарын өмнө нэгэн цайны газар амссан ч өнөө хэр нь байдал хэвээр л байв. Шалгагч нарын орж амжаагүй бусад цайны газар ч цахилгааны аюулгүй байдлыг хангахын тулд юу хийх нь тодорхойгүй. Тэндхийн цайны газруудад иймэрхүү дүр зураг нийтлэг. Шалгалтынхан очоод заавар, зөвлөгөө өгөх гэхээр дарга, цэрэг нь ажилдаа байдаггүй. Тэгэхээр нь шаардах хуудас бичээд л үлдээдэг гэх.

Зарим цайны газар хийн баллоныг ашигладаг ч аюулгүй ажиллагааны зааварчилгаагүйгээр ашигладаг ажээ. Учир нь тэдэнд энэ мэдээллийг хариуцсан байгууллага нь ч, хийн баллон суурилуулж байгаа компани нь ч өгдөггүйг баталж байв. Шалгалтын багийнхан зарим баллоныг лацдаж хэсэгхэн хугацаанд аюулыг бууруулаад явж байгаа харагдлаа. Учир нь хариуцсан эзэд нь байхгүй учраас. Шалгалтынханы хөл татарсаны хойно цайны газрын хүмүүсээс жижиглэнгээр хий зардаг хүмүүс байдаг тухай сонсов. Жижиг хуванцар саванд газ хийж, баллонд шахдаг үйлчилгээг тэд үзүүлдэг гэх. Цайны газрынхан нь газ авч гадуур явах завдал гардаггүй учир энэхүү түргэн үйлчилгээг авдаг ажээ. Тэд үүнийхээ төлөөсөнд аюул учирч болохыг мэддэг ч өнөөдрийн орлогоо бодоод зориулалтынх нь хийг авдаггүй гэж байлаа.

Цайны газруудаар шалгалт ийнхүү үргэлжилж байх хооронд захын зүүн талд зуух зардаг худалдаачид дээр шалгалтын нөгөө багийнхан очив. Тэдэнд хэдийгээр залгаад байх цахилгааны монтаж, утас байхгүй ч зуухны аюулгүй байдлыг шалгаж байгаа нь энэ гэнэ. Учир нь эндхийн зуухнаас үнс алдаж гэр шатааж байсан тохиодол мэр сэр бүртгэгддэг ажээ. Харин худалдаачид өөр зүйл ярьж байв. “Тэр зуух өөр зуух байлгүй дээ. Тэгээд ч тэр зуухыг бид зарж байсан гэх баталгаа байхгүй шүү дээ” гэж нэрээ хэлэхийг хүсээгүй худалдагч ярьсан юм. Зуух зардаг журмыг өөрчлөх боломжтойг ч шалгалтын багийнхан ярьж байв.

“Нарантуул” захад арын нүхэн хаалгаас өөр аврах гарц гэхээр юм харагдсангүй. Төв хаалга, зүүн талаас орох хаалгаас өөр ямар ч гарц байхгүй. Гэтэл томоохон худалдааны төвүүдэд аврах гарцыг зайлшгүй барих, суурилуулах тухай заачихсан байдаг. “Томоохон худалдааны төвийн аврах гарцууд чөлөөтэй байх ёстой. Гэтэл түрээслэгчид нь эдгээр гарцуудыг өөрсдөө хаачихдаг. Энэ нь бараа материалыг хадгалах, агуулахын зай байдаггүйтэй холбоотой. Ямарваа гамшиг гарсан тохиолдолд хүмүүсийг нүүлгэх тохиолдолд аврах гарцыг хаасан байдаг нь цаг алдаж, аминд хүрэх тохиолдол болохуйц эрсдэл дагуулж байдаг” гэж улсын ахлах байцаагч, хошууч Ж.Жаргалсайхан ярьж байна.

Цахилгааны аюулгүй байдлыг шалгасан хяналт, шалгалтын ажил ийнхүү дууссан юм. Гэхдээ нэгдсэн хариу гарах хараахан болоогүй байгаа. Хэрвээ шалгалтаас зөрчил илрүүлбэл тухайн газрын үйл ажиллагааг хаах хүртэл арга хэмжээг авах ажээ. “Нарантуул” захын удирдлагууд жил бүр цахилгаан ашиглалт, аюулгүй ажиллагааны  шалгалтанд хамрагдаж стандарт, нормыг даалгаж өгч байгаа. Энэ шалгалтаас харж, байдалтай танилцахад стандартыг дутуу биелүүлж байна гэж хэлэхээр байна даа” гэж Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Д.Цогттөгөлдөр ярьж байлаа.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж