Энэ асуудлыг бүлгийнхэн хэлэлцээд Төсвийн тухай хууль болон Үндсэн хууль зөрчиж байгаа гэж үзжээ. Энэ талаар бүлгийн дарга Ч.Сайханбилэг “ийм жишиг Монгол Улсын түүхэнд байхгүй. Хэрвээ үүсвэл Төсвийн хууль баталж байхын утга ална болно. Төсвийн хууль дуртай үедээ задарч байдаг тогтворгүй нөхцөл үүснэ. Түүнчлэн орлого, зарлага хоёр нь аль, аль нь заагдсан байдаг. Гэтэл энэ хуулийн төсөлд энэ бүхнийг үгүйсгэж байна” гэв. Ингээд 2012 оны төсөв дээр тодотгол хийх байдлаар оруулж ирэх ёстой гэж үзжээ. Дараагийн асуудал болох Засгийн газраас гаргах 300 тэрбумын бонд гаргахыг зарчмийн хувьд дэмжээд Их хурлын тогтоолын төслийг хэлэлцээд явах нь зүйтэй гэж үзсэн байна.
Улс төрчдийн анхаарлыг татаад буй нэгэн асуудал болох Орон нутгийн сонгуулийн тухай МАН-ын гишүүдээс санаачилсан хуулийг ч мөн энэ хурлаар хэлэлцсэн ба “Ардчилсан намаас мөн энэ талаар хуулийн төсөл өргөн барьж, засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байгаа. Эдгээр хуулийг хамтад нь хэлэлцэх нь зүйтэй. Иймд МАН-ын гишүүдээс гаргасан төслийг түр хэлэлцэхээс татгалзая” гэж шийджээ. Мөн энэ талаар Засгийн газар яаралтай ач холбогдол өгч энэ долоо хоногийн хуралдаанаар хуулийн төсөлд саналаа өгөх ёстой гэж үзжээ.
Дараагийн асуудал нь Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцсэн байна. Уг зөвлөлийн дөрвөн гишүүний ажиллах хугацаа дуусаад байгаа тул чөлөөлж, оронд нь томилогдох хүмүүсийг нэр дэвшүүлэхээр болоод буй аж. Гэвч энд хэн байх ёстой гэдэг дээр зарчмын асуудал үүссэн нь “нэр дэвшээд буй хүмүүсийн дийлэнх нь улстөрчид байгаа” гэнэ.
Тухайлбал нэр дэвшсэн 17 хүн дотор Ш.Батбаяр /парламентийн гишүүн байсан/, Л.Эрдэнэчулуун/ ЗГ-ын гишүүн, сайд/, Н.Жанцанноров/ парламентийн гишүүн байсан/, Л.Одончимэд /гишүүн байсан/, Ц.Шаравжамц /МАН-ын залуучуудын байгууллагын сонгуульт ажилтан/, П.Нямдаваа /гишүүн, сайд байсан/, М.Сайнбаяр /засаг дарга байсан/, Л.Энхтайван /дэд сайд байсан/ гээд улстөрчид олон байгаа нь улс төрөөс ангид байх олон нийтийн байгууллагад хараат бусаар ажиллахад бэрхшээлтэй гэнэ. Ингээд эдгээр санал болгосон хүмүүсийг нь хэлэлцэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж.
Бүлгийн дарга мэдээллийн төгсгөлд Монголбанкны Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох асуудлыг Ардчилсан намын бүлгээс албан ёсоор тавьсан талаараа хэлээд “Эдийн засгийн байнгын хороон дээр Валютын ханш, бензин шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж аль аль намаас гишүүд орж ажилласан.Ингээд Монголбанк, нефт импортлогчдын аль алиных нь буруу байна гэх дүгнэлт гарсан. Харамсалтай нь ажлын хэсгийн хурал дээр МАН-ын бүлгээс орж ажилласан гишүүд ажлын хэсгийн дүгнэлтэнд гарын үсгээ зурахгүй байгаа” гэв.
Мэдээллийнх нь дараа сэтгүүлчдийн зүгээс цаг үеийн зарим асуудлаар тодруулга авсан ба бүлгийн даргын зүгээс нэгэн эрс мэдэгдэл хийсэн юм. Ч.Сайханбилэг орон нутгийн сонгуулийг нэгэн өдөр хийх боломжгүй талаарх МАН-ын бүлгийн тавиад буй асуудалд “УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуулийн хууль нэг өдөр явагдах хууль эрх зүйн хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгаа. Ардчилсан намын бүлэг УИХ-д байгаа тохиолдолд энэ хууль эрх зүйн орчин өөрчлөгдөхгүй. Орон нутгийн сонгуульд өөрчлөлт оруулах байдлаар хууль зүйн энэ заалтыг өөрчлөх гэж байгаа бол Орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт орохгүй. Хоёр сонгуулийн хуулийн бусад зөрөлдөөнтэй байгаа асуудлаар бол Ардчилсан намын бүлэг нээлттэй” хэмээн хариулсан юм.