Автобусанд хүүхэд суулгаагүй бол мэдээлээрэй

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Автобусанд хүүхэд суулгаагүй бол мэдээлээрэй

Хүйтний улиралд  ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид өглөө хичээлдээ явах, орой гэртээ харихдаа автобусны буудал дээр даарч бээрэн хүлээсээр ихэнх цагаа бардаг. Сургуулийн насны хүүхдүүд том оврын автобус болон микронд мөнгө бага төлдөг тул жолооч, кондукторууд автобусны буудал дээр тэднийг орхих нь элбэг байдаг талаар эцэг эхчүүдээс ч багагүй гомдол гаргадаг. Тиймээс бага насны хүүхдүүдэд нийтийн тээвэр хэрхэн үйлчилдэг талаар Нийтийн тээврийн газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Болдоос тодрууллаа.

-Эцэг эхчүүдээс өглөө, оройн ид ачаалалтай цагаар бага насны хүүхдүүдийг нийтийн тээврийн хэрэгсэлд суулгахгүй байна гэсэн гомдол их байдаг. Танайхаас үүн дээр ямар хяналт тавьдаг вэ?

-Нийслэлийн нийтийн тээврийн газартай гэрээтэй 83 аж ахуй нэгж тээврийн үйчилгээнд явдаг.  Үүнээс том оврын 24, бага оврын буюу микро автобусаар үйлчилдэг 44 аж ахуй нэгж бий.  Эдгээр 83 аж ахуй нэгжийн 930 том оврын автобус, 770 микро автобус бий. Эдгээр тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж л байгаа бол долоогоос дээш насны хүүхдүүдээс 200 төгрөг авч үйлчлэх ёстой. Манай байгууллагатай гэрээ хийсэн л бол хүүхдүүдийг авахгүй байх, хаях эрхгүй. Манайхаас нийслэлийн хэмжээнд 24 байцаагч хяналт тавьж ажилладаг.

-Бага насны хүүхдийг авахгүй явсан гэх гомдол хэр ирдэг вэ?

-Сүүлийн үед ийм дуудлага ирэх нь багассан. Манайхаас ч гэсэн хяналт сайн тавьж байгаа. Өнгөрсөн жил гэхэд 932 гомдол ирснээс хүүхэд орхисон гэх дуудлага тав ирсэн байна. Иргэдийн гомдлын дагуу бид арга хэмжээ авч тухайн жолоочид хариуцлага тооцож, 1000-30.000 төгрөгөөр торгосон. Авто тээврийн тухай хуулийн 12.1.4-т заасны дагуу 1000-30.000 төгрөгөөр торгох хариуцлагатай.

-Иргэдийн гомдолтой харьцуу­лахад энэ тоо арай л бага байх шиг?

-Бага ч байж болох юм. Ийм гомдлыг 24 цагаар ажилладаг гомдол саналын утсанд мэдэгдэхээ мэддэггүй. Тэгээд эцэг эхгүй ганцаар явж байгаа хүүхдийг орхиж байгаа тохиолдол гардаг учраас хүүхдүүд хэнд хандахаа мэддэггүй. Хэрэв ийм тохиолдол гарах юм бол манай санал гомдлын 326352 тоот утсанд том оврын автобус бол гараашийн дугаар, микро бол улсын дугаарыг нь, аль буудал дээр хэдэн цагт гэдгээр нь тодорхой мэдэгдэхэд бид хуулийн дагуу арга хэмжээ авна. Нийтийн тээвэрт үйлчилж л байгаа бол хуулийн дагуу үйлчлэх ёстой. Хүүхэд ч гэсэн хүн гэдгийг мэдэх хэрэгтэй. Мөн 1700 гаруй тээврийн хэрэгсэлд 24 байцаагч хяналт тавихаар хүрэлцээ бага байдаг учраас зарим газар хүүхэд орхиж явах асуудал гардгийг үгүйсгэхгүй.

Ш.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж