“Зураас 2010” үзэсгэлэн олны хүртээл болж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

“Зураас 2010” үзэсгэлэн олны хүртээл болж байна

Өнгөрсөн жил “Зураас 2009” нэртэйгээр олны хүртээл болж байсан график зургийн үзэсгэлэн энэ жил илүү сонирхол татахуйцаар “Занаду арт” галерейд нээлтээ хийлээ. Энэ удаагийн “Зураас 2010” үзэсгэлэнд Дүрслэх урлагийн дээд сургуулийн график зургийн ангийн үе үеийн төгсөгчид болох авьяаслаг уран бүтээлчид бүтээлээ дэлгэсний дээр нэг багшийн шавь гэсэн хэвшмэл ойлголтоос ангид өөр өөрсдийн арга барил сэдвийн дор нэгдэн графикийн суурь техник арга ажиллагаа болох офорт, хуурай зүү, модон бар, торон хэвлэл, холимог техникийн төрлөөр цуврал бүтээлүүд хийж оролцсоноороо онцлог аж.
Үзэсгэлэнд 10 залуу уран бүтээлчийн 60 орчим бүтээл тавигдсан бөгөөд дүрслэх урлагийн бусад төрлүүдтэй холилдох бус олон төрлийн техник, арга ажиллагаанаас бүтсэн дан ганц график бүтээлүүдийг толилуулж буйгаараа үзэгч олонд дүрслэх урлагийн төрлүүдийг хутган ойлгох ойлгоц өгөхөөс зайлсхийсэн шийдэмгий алхам боллоо гэж дүгнэж болох гэнэ.
Тус үзэсгэлэнг “Занаду арт” галерейн уран бүтээлчид бодлого болгон, дүрслэх урлагийн бүхий л төрлүүдийг эн тэнцүү сурталчлах, дэмжих хүрээнд зохион байгуулж буй бөгөөд үүгээрээ олон нийтийн урлагийн боловсролыг дан ганц зургаар хязгаарлах бус байж болох бүхий л арга замуудыг эрэлхийлэх байдлаар түгээн дэлгэрүүлэхийг зорьж байгаа аж.
Үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл олны хүртээл болно.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж