Учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 100 жилийн ойн үеэр,
-Төсөв нь алдагдалтай төрөөс цалин авч, хувцас өмсч, хангамж авдаг мөртлөө хөрөнгө мөнгө нь нь багтаж ядсан, бялхсан цагдаа, прокурор, шүүгч нар олон байгаа. Цагдаад хэлтсийн даргаас дээш, шүүх, прокурорт түүнтэй адилтгах албанаас дээш албан тушаал хашиж ирсэн, олон жил ажиласан хүмүүсийн хөрөнгө орлогыг нь нарийвчлан бүртгэж, тайлбар танилцуулга авъя. Сар жилд олдог орлогыг нь тогтооё. Хууль бус бол шийтгэл хүлээлгэе. Төрийн албаны ажлыг уландаа гишгэгчдийг өөгшүүлдэг, урамшуулдаг тогтолцоог манайд байсаар байна. Энэ мэт “чөтгөрийн тойрог”-оос бид салах ёстой хэмээн хэлсэн юм.
Түүний үг сар гаруй хугацааны дараа биелэлээ олов бололтой. АТГ -ын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэсийн дарга Ж.Батсайханаас энэ талаар тодруулахад:
-Одоогоор цагдаа болон шүүх, порокурорын байгууллагын дээд албан тушаалтай 600 гаруй хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг нь шалгаж эхлээд байна. Гэхдээ одоогоор тэр нь тэгсэн, энэ нь ингэсэн, тийм зөрчил илэрсэн гээд хэлчих тоймтой юм алга. Бүрдүүлэлтийн шатандаа бичиг баримттай л ноцолдоод, дүн шинжилгээ хийгээд л байж байна. Ер нь энэ сарын 15-наас хойш овоо тоймтой юм гараад ирэх байх. Хэн нь ямар биенес эрхэлж, хэдий хэр мөнгө хөрөнгийг яаж олж авсан тухай нь гараад ирэхээр цаашаад хэнийг үргэлжлүүлэн шалгах вэ гэдэг нь тодорхой болно. Авилга авсан уу, үгүй юу гэдгийг нь үргэлжлүүлээд шалгаад эхлэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ сарын 15-наас хойш л илүү оновчтой нарийн тайлбар өгөх боломжтой гэсэн юм.
“Чөтгөрийн тойрог” бий бол энэ удаагийн шалгалтаар төрийн нэрээр далайлгасан, бусдыг айлгаж хөрөнгөжсөн, “намайг хэн хэлэх вэ” гэсэн шиг хэнэггүй ихэмсэг авилгачид төрийн албанаас бага ч болов нимгэрэх бололтой.
Дэлхийн улс орнуудын авилгын индексийг гаргадаг “Транспаренси” интернэйшнл олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар манай улсын авилгын индекс 2,7 хувь буюу “хамгийн их” гэх ангилалд нь багтсан аж. Энэ нь дэлхийн улс орнуудыг авилгын индексээр нь жагсаавал манай улс 166-д орно гэсэн үг юм.
Ямартай ч хууль сахиулах салбарынхныг шалгаж эхлээд байна. Мэдээж хэрэг урьдаас тааварлах боломжгүй юм. Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар энэ удаад нэлээд өргөн хүрээтэй шалгаж буй учраас багагүй хэрэг мандах гэнэ.
Баттай бус мэдээллээр хэд хэдэн томоохон албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдож магадгүй аж. Гэхдээ энэ нь батлагдсан мэдээлэл биш бөгөөд АТГ-ын холбогдох албан тушаалтнууд энэ талаар тодорхой хариулт өгөх боломжгүй гэв.