Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Эрүүл болгодог байр

Эрүүлжүүлэхэд хэн хонодог вэ. Энэ асуултад олонх нь архичид, орон гэргүй  хүмүүс гэж хариулах байх. Бодит байдлыг сурвалжлахаар хүн ам олноор суурьшсан Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэх байранд оройн 23.00 цагийн орчим очлоо. Архи, пивоны  исэлдэж гашилсан эхүүн үнэр ханхийж, согтуурхаж, хөлчүүрхсэн хүмүүс энд тэндгүй орилолдоно. Энэ эрүүлжүүлэх байр нийтдээ таван камертай бөгөөд нэг өрөөнд 4-5 хүн байв. Төмөр торон хаалганы цаана согтуучуудын зарим нь унтаж, зарим нэг нь хоорондоо ярилцан, цагийг өнгөрүүлэх аж. Басхүү эрүүлжүүлэх байрны алба хаагчдыг хэл үгээр доромжилж, хоорондоо зодолдох нь  энгийн үзэгдэл гэнэ. Сурвалжлага хийх зөвшөөрөл авахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга Д.Ядамдоржтой уулзахад “Сүүлийн үед ард иргэд мөнгө, гэр бүлийн асуудал, сэтгэл гутралаас болж архидан согтуурч, улмаар  эрүүлжүүлэхэд ирэх нь их болсон. Энэ асуудлыг төр засгийнханд хүргэх нь чухал байна” гэсэн юм.

Бодит байдал дээр эрүүлжүүлэх  байранд хүмүүс ихэвчлэн гэр бүлийн хүрээн дэх маргаан,  архидан согтуурснаас болж ирдэг  болох нь илт. Балжинням, Дашням давхацсан өдөр гэдэг шиг энэ өдөр баяр бүхнийг задгай тэмдэглэдэг хүмүүсийн хувьд Их жанжин Сүхбаатарын мэндэлсэний 119 жилийн ой, Багш нарын 46 дахь баяр, алдарт “Баасан ахын төрсөн өдөр” тохиосон юм.  Тус дүүргийн эрүүлжүүлэхэд хоносон 42 иргэний  80-90 хувь нь гэртээ агсам согтуу тавьсан, эхнэртэйгээ маргалдсан, ээж ааваа зодсон, хүүхдүүдээ айлгасан, орцондоо архи уусан зэрэг шалтгаанаар энэ гэрт “зочилжээ”. Гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж, агсам согтуу тавьсан ч “Гэртээ харимаар байна, бие засмаар байна, ус уумаар байна, ахыгаа эндээс гаргаад өгөөч”  хэмээн тоть шиг давтана. Өдөр 14.00 цагийн орчим эрүүлжүүлэгдсэн гэх 5-6 эрэгтэйн архины “үйлчилгээ” гарсан бололтой маргааш өглөө болохыг тэсэн ядан хүлээж байв. Тэдний дундаас хамгийн ахмад настай эрэгтэй “Ах нь анх удаа л  ийм муухай газар ирж байна” гэж халаглав. Түүнтэй цөөн үг солилоо.

-Та яагаад эрүүлжүүлэхэд ороод ирэв?
-Авгайдаа агсам тавьсан нь үнэн. Гэхдээ зодоогүй. Амьдралд эр хүн эхнэртээ хатуу үг хэлэх үе байдаг л биз дээ. Өдөржин хөлдсөн машинтай ноцолдоод даарсандаа жаахан “балгаад” гэртээ орсон юм. Тэгээд л эхнэртээ уураа гаргахгүй юу. Гэтэл эхнэр, хүүхдүүд цагдаа дуудаад баривчлуулчихлаа.

-Маргааш гэртээ хариад дахиад агсам согтуу тавих юм биш биз?
-Үгүй ээ үгүй. Эхнэр хүүхэддээ муу зүйл хийхгүй, амлая. 25 жил хамт амьдрахдаа надад ингэж хатуу хандаж байгаагүй. Энэ хүйтэн зоориноос гармаар л байна. Үнэр танарыг үнэхээр тэвчиж чадахгүй нь.

Ийнхүү ярихтай зэрэгцэн нэг камерт байх залуучууд “Бид хэд  яах вэ. Ядаж энэ настай хүнийг гэр рүү  нь явуулчихгүй л юм байх даа. Бие засчихвал сайхан унтмаар  байдаг” хэмээн ам амандаа шаагилдав. Харин эрүүлжүүлэх байрны цагдаа “Энэ эрэгтэй эхнэрээ зодоод, гэртээ агсам согтуу тавьсан учраас эрүүлжүүлэгдсэн. Бид хүмүүсийг аль болох гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгөхийг боддог. Энэ эрэгтэйн  хувьд гэр бүлийнхэн нь аргаа бараад цагдаад хандсан учраас одоо гаргах боломжгүй” гэв. Гэхдээ эрүүлжүүлэхэд байсан бүх хүн “Нэг л удаа уусан. Дахиж хэзээ ч уухгүй, би буруугүй” гэх зэргээр өөрсдийгөө өмгөөлөх аж.

Баянзүрхийн эрүүлжүүлэх нэг ээлжиндээ гурван цагдаа, жолооч, эмч гэсэн бүрэлдэхүүнтэй хонодог аж. Тэд биеэ авч явах чадваргүй, гудамжинд унасан, зодоон цохион хийсэн, тэр ч бүү хэл ялгадастайгаа хутгалдсан хүмүүстэй ажилладаг. Тус эрүүлжүүлэхийн эмч Я.Мөнхтуяа “Эрүүлжүүлэхэд ирж байгаа хүмүүс ихэвчлэн  архиндаа хордож уналт таталт өгнө. Зарим нь камерт амиа хорлохыг завдах, бусдын биед халдах тохиолдол их. Сая л гэхэд нэгийнхээ толгойг хагалаад, эмнэлгийн анхны тусламж үзүүллээ. Бүр хүнд гэмтэл шархтай бол  яаралтай тусламж 103-т дуудлага өгч, харьяа дүүргийн эмнэлэгт хүлээлгэж өгдөг. Эм тарианы хангамж  харьцангуй сайн. Харин ачаалал их, хортой хүнд нөхцөлд ажилладаг мөртлөө хангалттай цалин хөлс авч чаддаггүй” гэлээ.

Орцны жижүүр эхнэрээ зодож танхайрчээ

13 хорооллын нэгэн байранд орцны жижүүрээр ажилладаг халзан толгойтой эр  “Эндээс гармаар байна” гэж орь дуу тавих. Тэр хүн Д.Сүхбаатарын төрсөн өдрийг тэмдэглэн хэцүү нэртээс хүртэж, оршин суугчид нь цагдаагийнханд “алтан хошуу” хүргэсэн юм байх. Түүний хэлснээр оршин суугчид хамт архи ууя гэж уруу татаад амар заяаг нь үзүүлдэггүй гэнэ. Харин  цагдаагийн алба хаагчдын хэлснээр энэ хүн орцны жижүүрийн умгар өрөөнд эхнэрээ зодож танхайрсан тул оршин суугчид цагдаа дууджээ. Оршин суугчдын амар тайван байдлыг хангах үүрэгтэй орцны жижүүрийн амьдралын нэг дүр зураг нэг иймэрхүү.  Дараагийн камерт 20-25 насны хэсэг  залуус байв. Тэдний нэг нь эхнэрийнхээ хамрыг хуга цохиж танхайрснаас эрүүлжүүлэхэд иржээ. Хийж бүтээх, сайхан амьдралын төлөө зүтгэх ёстой залуус архи ууж хөлчүүрхэн ханилаад удаагүй эхнэрээ зодож танхайрсан түүнийг өмөөрөх  шалтаг алга. Гэвч унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр бурууг өөрөөсөө бус эхнэрээсээ хайна. “Миний итгэлийг алдсан болохоор уураа барьж дийлсэнгүй. Нөхөртөө  үнэнч байгаарай гэж бүсгүйчүүддээ хандаж хэлье. Өөр ярих юм байхгүй” гээд ногоон бүтээлгээр нүүрээ бүтээж орхив.

90 настай ээждээ агсам тавьсан гэр бүл

Шөнийн 01.00 цаг өнгөрч  байхад эрүүлжүүлэхэд шинэ “зочид” ирлээ. 90 настай ээждээ агсам тавьсан гэр бүлийн хоёрыг цагдаагийнхан  эрүүлжүүлэх байранд авчирсан нь энэ. Гэр бүлийн хоёр өмнө нь нэг бус удаа эрүүлжүүлэхэд  ирж байжээ. Ухаанаа алдатлаа согтоогүй ч  багагүй хэмжээгээр архи уусан бололтой, гуйвж дайвсаар эрүүлжүүлэх өрөөнд орж ирлээ. Эхнэр  нь болох эмэгтэй “Бид хоёр ээжийгээ зодоогүй. Өчигдөр цалин буугаад ганц шил архи уусан биш бөөн юм боллоо. Арай ч эрүүлжүүлэхэд оруулахгүй юм байгаа биз дээ. Бид хоёрыг явуулчихвал хадмындаа очно. Асуудал үүсгэхгүй” гэх зэргээр царайчлан гуйж  байлаа. Гэвч ар гэрийнхнийх нь дуудлагаар авчирсан учир эрүүлжүүлэхээс өөр аргагүй болов.

Хүмүүсийн эрүүлжүүлэхэд ирж буй  шалтгаан нэг талаар гэр бүлийн хүрээн дэх хэрүүл маргаан мэт боловч үүний цаана ядуурал, ажилгүйдэл, гэр бүлийн хүрээн дэх хүчирхийлэл, сэтгэлийн дарамт  шахалт, сэтгэлгээний ядуурал газар авсныг харуулж байна.

Сүүлийн  таван жилийн байдлаар улсын хэмжээнд 683 мянга, жилд дунджаар 130-140 мянга, хоногт 356-383 хүн эрүүлжүүлэгдэж байгаа гэх албаны тоо баримт байна. Мөн нийслэлийн хэмжээнд архаг архичин 908, үүний дотор орон гэргүй 123, архинд донтох өвчтэй 600 гаруй хүн бүртгэлтэй байдаг аж. Нийслэлд хоногт дунджаар  120-150, орон нутагт  70-90  хүн эрүүлжүүлэгддэг гэсэн дундаж тоо  ч бас байна. Гэтэл үүний цаана архидан согтуурснаас  бусдын амь нас, эрүүл мэнд хохироосон, эд материалын болон сэтгэл санааны хохирол учруулсан байдал хэд хэчнээн хүрдгийг тоолох аргагүй. Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэхээс гэхэд өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны байдлаар архинд донтох өвчтэй, тогтмол архи уудаг 17 иргэнийг Мааньт дахь албадан эмчилгээний газарт хүргэжээ. Тэд гурван сарын турш эмчилгээ хийлгээд эрүүл мэнд нь дээрдсэний дараа дахин архиа ууж, эрүүлжүүлэхэд ирдэг гэхээр албадан эмчилгээ хийх нь архидалттай тэмцэх тийм ч үр дүнтэй арга  биш бололтой.

Нэг дүүргийн эрүүлжүүлэх байрны нэг оройн дүр зураг ийм байна. Хамгийн аймшигтай нь энэ бүхний ард гэр бүл, ах дүү, үр хүүхэд нь гээд олон мянган айлын амьдрал буцалж байдаг. Архинаас болж гэртээ хоноогүй аавыгаа, ахыгаа, ханийгаа хүлээж хоносон хэчнээн гэр бүл байгааг бид хэлж мэдэхгүй шүү дээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж