АТГ таван мөрдөгчөө хууль бусаар халсан гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

АТГ таван мөрдөгчөө хууль бусаар халсан гэв

Өнгөрсөн онд багагүй хугацаанд даргагүй явсан Авлигатай  тэмцэх газрын дарга нар томилогдсоны дараа дотоод бүтэцдээ зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Удаан хугацаанд даргагүй байсан, өнгөрсөн жил хийсэн ажил нь ачаалал багатай байсан учраас зарим хэлтсүүдийг татан буулгах, албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөх хүртлэх арга хэмжээ авсан билээ.

Өчигдөр Төрийн албаны зөвлөлөөс АТГ-ын таван мөрдөн байцаагчийг үндэслэлгүйгээр халсан тухай өргөдлийг хянажээ. Шалтгалтын эцэст тус газраас халагдсан найман хүний гурав нь албан тушаалаасаа халагдах үндэслэлтэй, үлдсэн тавыг нь үндэслэлгүйгээр халагдсан гэж үзжээ.  Дотоод зохион байгуулалт, илүүдэлтэй ажлын байрыг цөөлөх зорилгоор АТГ-аас нийт 14 хүнийг ажлаас нь чөлөөлж, зургаан сарын цалингийн мөнгөн дүнтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон ч ажлаас чөлөөлөгдсөн найман ажилчин нь ТАЗ-д гомдол гаргаад байсан юм.

 УИХ-аас гаргасан АТГ-ын хуулийн дагуу дөрвөн хэлтэс, хэлтэс бүр дөрвөн ажилтантай байна гэж заасны дагуу зарим хэлтсүүдийг нэгтгэж дөрвөн хэлтэстэй болгосон нь АТГ-ын шинэ дарга нар хууль зөрчөөгүй гэж Төрийн албаны зөвлөл үзжээ. Харин хэвлэл мэдээллийн ажилтан, бие хамгаалагч жолооч, аюулгүй байдлын ажилтан гэсэн гурван ажилтан, таван мөрдөн байцаагч нь хууль бусаар халагдсан эсэхийг шалгаад таван мөрдөн байцаагчийг хууль бусаар халсан гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

АТГ нь нийт 24 мөрдөн байцаагчтай байсан. Шинэ удирдлагуудын халаа сэлгээний шалтгаан нь өнгөрсөн жил ачаалал багатай ажилласан учраас үр дүнгүй цалинжуулах шаардлагагүй гэж үзжээ. Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам энэ тухай “Аливаа төрийн алба төрийн албаны хуулийн дагуу ажилчидаа орон тооны цомхтгол хийх ёстой байдаг. Үүнд заасны дагуу бид АТГ сонгон шалгаруулалт хийхдээ нийт мөрдөн байцгаач нараасаа 80 хувийн тестийн шалгалт авсан. Гэтэл АТГ-ын мөрдөн байцаагчдаас нэг ч хүн шалгалтан тэнцээгүй байгаа юм. Тэгэхээр цаг бүртгэл, хамгийн олон прокурорын шаардлага авсан зэрэг бусад зүйлсийг үзэхэд эдгээр таван мөрдөн байцаагч нь халагдах үндэслэлгүй болж байна. Тиймээс бид өчигдөр АТГ-т шалгалтын дүнг бичгээр хүргэсэн. Шалгалтын шийдвэрийн дагуу арга хэмжээ авах байх гэж бодож байна” гэлээ. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Бид ТАЗ-ийн бичгийг хүлээж авсан” гэхээс өөр хариулт өгсөнгүй.

Ямартай ч АТГ-ын шинэ дарга нарын халаа сэлгээ хууль бус гэж ТАЗ үзсэн тул хууль бусаар халсан таван мөрдөн байцаагчаа ажилд авах уу, эсвэл өөр ажлын байр бий болгох уу гэдэг асуулт хэвээр үлдлээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж