-Уг хэрэг хэдэн сард гарсан бэ? Хүүхдүүд хэрхэн амь насаа алдсан талаар тодруулаач?
-2011оны наймдугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Тавантолгой” ХК-нийн тосгоны ажилчдын байранд байрлуулсан усан оргилуурт тоглож байсан нэг гэр бүлийн хоёр хүүхэд тогонд цохиулж нас барсан. Уг хэрэг гарсанд хэн ч хариуцлага хүлээгээгүй бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад хоёр хүүг амиа хорлосон хэмээн хэрэг бүртгээд хэрэгсэхгүй болгосон байсан. Энэ хэргийг аймгийн прокурор мөрдөн байцаалтад дахин буцаах шийдвэр гаргасан байгаа.
-Усан оргилуурыг мэргэжлийн хяналтын газар хүлээж авсан байсан уу? Хэзээнээс ашиглалтад орсон бэ?
-Наймдугаар сарын эхээр ашиглалтанд орсон. Мэргэжлийн хяналтын газар хүлээж аваагүй бөгөөд барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн. Энэ хэрэг явдал гардаг өдөр компанийн жижүүр усан оргилуурын ус цахилгаантай байгааг диспетчерт мэдээлсэн хэдий ч аюулаас зайлуулах арга хэмжээг хэн ч аваагүй. “Тавантолгой” ХК-нийн Ногоон төгөл цэцэрлэгт хүрээлэнгийн усан байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжийг Монгол Улсын Барилгын хууль, бусад хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчиж суурилуулан ашигласны улмаас хоёр хүүхдийн амь насанд хүрсэн гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжээчид дүгнэсэн байгаа.
-“Тавантолгой” компани хүүхдийн ар гэрийхэнд нь тусламж хүргэх ч юм уу ямар нэг байдлаар тусалсан юм болов уу?
-Дотоод журамд зааснаар нэг сая 200 мянган төгрөг өгөөд л орхисон. Нэг айлын хоёр хүүхдийн амь нас эрсэдсэн байхад амиа хорлосон гэсэн дүгнэлт гаргаад л өнгөрсөн байгаад ар гэрийхэн нь ч гомдолтой байгаа. Тиймээс тэдэнд учирсан сэтгэл санааны хохирол, хоёр хүүхдийн амь насны нөхөн төлбөрийг “Тавантолгой” ХК-аас нэхэмжлэхээр стартегийн өмгөөлөл эхлүүлж байна.
-Стратегийн өмгөөлөл үр дүнд хүрсэн тохиолдол манайд байдаг болов уу?
-Гурав, дөрвөн жишээ баримт байгаа. Олны анхаарлыг татсан нэг хэрэг нь 2007 онд иргэн н.Оюунцэцэг 1000 төгрөг хулгайлаад 10 жилийн ял авсан. Тэр хэргийг Ерөнхийлөгч өршөөл үзүүлээд гаргаж байсан. Энэ үйл явдлын дараа 2008 онд Эрүүгийн хуулийн ялын бодлогод маш том өөрчлөлт авчирсан. Энэ жишээнээс харахад манайд стратегийн өмгөөллийн жишиг бага ч болов байна гэсэн үг. “Тавантолгой” ХК-нийн буруугаас хоёрын хоёр хүүхдийн амь нас үрэгдсэн. Энэ хэрэг дээр компаниудыг хариуцлага хүлээдэг болгох талаар цоо шинэ стартегийн өмгөөллийг үүсгэж байна. Стартегийн өмгөөлөл гэдэг бол нэг хүнд тохиолдсон хэрэг боловч цаана нь маш олон хүний амь нас амьдралтай салшгүй холбоотой байдаг. Ямар нэгэн хэмжээнд хүмүүсийн анхаарлыг татаж, тодорхой түвшинд хүрдэг. Тийм учраас энэ удаагийн “Тавантолгой” ХК-ийн эсрэг стратегийн өмгөөлөл амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.