
“Татвар төлөгчдийн өдрүүд “өдөрлөг өнөөдөр 10.30 цагт Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээний нээлтэнд Татварын ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатар,Сангийн сайд С.Баярцогт тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. 2010 оны “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг “Бизнесийн шинэчлэл-татварын нээлттэй орчин” уриан зохион байгуулж байгаа аж. Уг өдөрлөгөөр татвар төлөгчдөд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хүртээжтэй, өгөөжтэй төвшинд хүргэхийг зорьж байгаа юм байна. Татвар төлөгчдийг цаг хугацаанд нь татвараа төлдөг болгон хэвшүүлэх зорилгоор татварын боловсролыг бага наснаас нь сисемтэй болгох Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгах ажлыг Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж эхлээд байгаа гэнэ. Түүнчлэн олон улсад Монголын татварын албаны нэр хүнд өсч байгаа гэдгийг албаны хүмүүс дуулгасан юм. Монгол Улс Азийн орнуудын татварын удирдлага, судалгааны холбооны гишүүнээр элссэнээр Монгол Улсын Татварын албаны гадаад хамтын ажиллагаа өргөжин тэлж, гишүүн орнууд, Австрали, БНХАУ, Гонконг, Индониз, Япон, Малайз, Шинэ зеланд, Филиппин, Сингапур, Вьетнам зэрэг улсын татварын албадтай мэдээлэл солилцох, туршлага судлах сургалтанд хамрагдах боломжтой болсон” хэмээн ТЕГ-ын дэд дарга Ч.Жигжид ярилаа. Дашрамд сонирхуулахад дээрх арга хэмжээ энэ сарын 9-нийг хүртэл орон даяар болох юм байна.
Б.Анхаа