-Сонгууль болоход хэдхэн сар үлдсэн байна. Энэ хугацаанд ямар ажлууд зохион байгуулж байна вэ?
-УИХ-аас баталсан сонгуулийн хуулийн дагуу бидтодорхой ажлуудыг зохион байгуулсан байгаа. Одоогоор 80 гаруй арга хэмжээг зохион байгуулахаар болсон. Эхнээсээ хэрэгжээд эхэлсэн байгаа. Хуульд зааснаар УИХ-аас мандатын хуваарь, тойргийг батлах ёстой. Уг тогтоолын төслийг боловсруулан УИХ-д оруулж, 2011 оны арванхоёрдугаар сарын 30-нд батлуулсан. Энэ сарын 15-наас өмнө сум, дүүргийн ИТХ, УИХ-ын сонгуулийн хэсгүүдийг гаргахаар болсон. Сонгуулийн саналыг автоматжуулж байгаа учраас сонгуулийн дүнг мөн адил автоматаар тоолохоор болсон. Энэ бүх зохицуулалтыг харгалзан үзэж СЕХ сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.
-Улсын дээд шүүхээс хуулийн ямар ямар заалтуудад тайлбар авахаар хүргүүлсэн бэ?
-Бид дээд шүүхэд 40 гаруй санал зөрүүтэй, ялгаатай заалтуудыг шийдвэрлүүлэхээр санал хүргүүлсэн байгаа. Сонгуулийн хууль гарсны дараа Улсын дээд шүүх уламжлал болгон тайлбар гаргадаг байгаа. Тухайлбал, 2008 онд ч гэсэн 16 дугаар тогтоол гарган тайлбарлаж байсан. Сонгуулийн хуульд шашны зан үйл, хууран мэхлэх, гүтгэх, доромжлох гэдэг нь юу гэсэн үг вэ гэдгийг тайлбарлах юм. Захиргааны хэргүүдийг ямар байдлаар зохицуулах ёстой вэ гэдэг уламжлал болсон тайлбарууд бий. Мөн дээрээс нь шинээр орсон тайлбар хүссэн заалтууд бий. Тухайлбал, сонгууль явуулах цаг өмнө нь 07.00-22.00 цагийн хооронд байсан бол автомат машинаар тоолохоор цаг зөрүүтэй гарах учраас ямар байдлаар цагийг тохируулах зэрэг асуудлуудыг хүргүүлсэн байгаа.
-Энэ жил анх удаа гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд санал өгөх боломжтой болж байгаа. Бэлтгэл ажил хэр байна вэ. Гадаадад байгаа монголчууд ямар байдлаар санал өгөх вэ?
-Өнгөрсөн жил шинэчилсэн бүртгэл хийхдээ гадаадад байгаа монголчуудыг ч хамруулсан байгаа. Үүний дагуу гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байхаас гадна, тухайн иргэн өөрийн хүсэлтээр сонгууль өгөх иргэдийн бүртгэлд хүсэлтээ гаргасан, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байдаг улсад амьдардаг байх шаардлагатай. Ингэснээр гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд зөвхөн намд санал өгөхөөр хуульд тусгасан байгаа. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн саналыг сонгууль болохоос 15 өдрийн өмнө авч битүүмжлээд сонгуулийн дүнгийн дараа хамтад нь тоолох юм. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн сонгуулийн ажлыг СЕХ-оос Гадаад харилцааны яамтай хамтран холбогдох журмуудыг батлах ёстой.
-Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай нэг өдөр зохион байгуулна гэж байгаа. Харин СЕХ хоёр сонгуулийг нэг өдөр зохион байгуулах боломж бий юу?
-УИХ-ын сонгуулийг автоматжуулахаар амархан гэж ойлгоод байх шиг байна. Хэрэв орон нутгийн сонгуулийг автомат машинаар явуулна гэвэл зохион байгуулалт нь тодорхой байх ёстой. УИХ-ын сонгуулийн тухай хуулинд сонгуулийн төв байгууллага УИХ-ын сонгуулийг зохион байгуулдаг. Харин орон нутгийн сонгуулийн тухай хуульд орон нутгийн сонгуулийн хороод байгуулагдаж хуулийнхаа хүрээнд сонгуулиа зохион байгуулна гээд заасан байдаг. Энэ хоёр сонгуулийн хооронд зөрүүтэй олон заалтууд байдгийг нэгтгэх шаардлагатай болно. Бидний болгоомжилж байгаа зүлй бол саналын хуудасны хувилбар. Нэр дэвшигчдийн нэрс гарсны дараа богино хугацаанд саналын хуудсыг хэвлүүлдэг. 26 тойрогтой учраас 26 төрлийн саналын хуудас хуудас гарах ёстой. Энэ олон хуудсыг богино хугацаанд ялгавартайгаар хэвлэх хэрэгтэй болох юм. Үүний цаана аймаг, сум дүүргийн саналын хуудас хэвлэнэ гэвэл нийтдээ 300-400 төрлийн саналын хуудас хэвлэж, ялгавартайгаар санал тоолох машинд программчлах гээд зохион байгуулалтын олон ажил гарч ирнэ. Цаг хугацаандаа амжих эсэхэд болгоомжилж байна. Эцсийн дүнд асуудлыг СЕХ биш, УИХ шийдэх учиртай.
-2500 санал тоолох машин авах гэж байгаа. Одоогоор хэдийг нийлүүлээд байна вэ?
-Америкийн компаниас одоогоор нийлүүлсэн таван машинд санал тоолох программчлалын ажлыг боловсруулж байгаа. Нэг бүр нь 3500 долларын үнэтэй 2500 ширхэг машин худалдаж авч байгаа. Санал тоолох машинуудыг тавдугаар сарын 15 хүртэл нийлүүлэхээр Америкийн компанитай гэрээ хийсэн. Сонгуулийн санал авах хэсэг нь 1800 орчим бөгөөд хүн ихтэй хороодод хоёр болон түүнээс дээш машин суурилуулахаар болсон. Мөн 1800 гаруй иргэдийг сонгон шалгаруулж, сургах бөгөөд одоогоор сургалт нь эхлээгүй байна. 1800 боловсон хүчнийг сонгохдоо техник технологийн өндөр мэдлэгтэй хүмүүсийг сонгох шаардлагатай.