Харанхуйгаар бүдчих сурагчдын замаар

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Харанхуйгаар бүдчих сурагчдын замаар

Идэр есийн хүйтэнд үүрийн гэгээ дөн­гөж цайхтай зэрэгцэн, бяцхан бие­дээ томдсон цүнх үүрэн, бүдчин алхах сурагчид автобусны буудал руу яарна.

Ид тачигнаж буй энэ өдрүүдийн үүрийн жаварт хацраа хайруулж, бээр­сэн гараа амаараа дулаацуулан арай ядан зогсох бага ангийн жаалуудыг хүн суухыг “гуйн” хашгиралдах хоо­сон “микро”-ныхон харин ч нэг хавь­туулахгүй. Үүрийн харанхуйгаас айсан­даа, тэсгэм жаварт зуурсан эрүүгээ арай ядан хөдөлгөж микробусанд суулгахыг гуйх ч тэднийг микроныхон даанч нэг өрөвдөхгүй. Учир нь, хүүхэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ хоёр дахин бага мөн­гөөр зорчдог болохоор тэр. Зарим нь ганц­хан хүн суулгачихсан байж бага ангийнхныг "Багтах зай алга" гэж загнана. Баян­хошууны эцсийн буудалд тав, арван минут зогсоход бяцхан жаалууд ямаршуухан гэсгээлийг даван байж хичээлдээ очдог вэ гэдгийг харин ч нэг харах шиг болов. Зарим жолооч нь бүр хаалгаа хаан зугтаана. Цонхоороо хараагүй мэт хүмүүсийг үргэлжлүүлэн “гуйна”. Удалгүй үнэгүй зорчдог иргэ­дээр “зүү орох зайгүй” болтлоо дүүр­сэн “ард түмний унаа” тодотголтой авто­бус ирлээ. Хүүхдүүд авхаалжтай гэгч хүмүүсийн завсар зайгаар багтан автобусандаа суун, бие биенээ бүртгэж бай­гаа харагдана. Ааш муутайхан кондук­торт сурагчийн үнэмлэхээ шалгуулаад, 200 төгрөг төлнө. Ингээд “Урагшаа яваад өг” гэсэн “команд авна”.  

Тэгвэл тэдний дэргэд МУИС-ийн дөрөвдүгээр курсын оюутан ах виза картаа бахархалтайгаар үзүүлэн, үнэгүй зорчино. Бас ч зүгээргүй автобусны бариулд хүрэхгүй хөдөлгөөний аясаар туугдан яваа дүү нараа “Аятайхан яваач. Хөл дээр гишгээд, гутал завааруулчих юм” гэж загнасан шигээ нударч, хээв нэг хөгжим сонсон явна. Харин мөнгөө төлсөн тэд гадаа удаан зогссоноос бээрч, бариулнаас атгаж чадахгүй бол­сон гараа аль болох дулаацуулахыг хи­чээж, гэм хийсэн мэт чимээгүйхэн зогсоно.

Монголын төр сурагчдаа сар бүр цалинтай, сургалтын төлбөрийнхөө тал хувийг төрөөр “даалгадаг”, автобусаар үнэ­гүй зорчдог оюутнуудаас илүү ор­логотой гэдгийг олж харсандаа ийн хуваарилсан байлгүй дээ. Бүр цаа­шил­бал, төрийн хувцас өмссөн цагдаа нараас илүү орлоготой гэж тооцоолсон бололтой. Харин сурагчид ямар орлого­той билээ. Сар бүр олгодог 21 мянган төгрөг дээр аав, ээжийн өг­сөн хуушуурын мөнгөнөөс өөр зүйл санаанд буусангүй. Тэгээд ч тэрхүү 21 мянган төгрөгийг гартаа атган өөрийн хүссэнээр зарцуулах эрх тэдэнд байхгүй.

Ер нь автобус гэдэг үнэгүй зорчдог хэрэгсэл биш гэдгийг манай сурагчид маш сайн ойлгодог хүмүүс юм уу гэж бодлоо. Бас манай төрийн “хар хайрцаг”-ны бодлогоор бол сурагчдыг, оюутнуудтай адил автобусаар дэмий тэнэхийг нь хязгаарласан ч байж болох юм. Гэвч мөнгөө төлдөг “үнэнч” үйлчлүүлэгчдэдээ зориулсан бариул ч алга. Тэд 170 см орчим өндөрт байгаа бариулаас барих нь байтугай хараа ч хүрэхгүй. Суудалд суух талаар бүр санахын хэрэг алга. Автобус дүүрэн агаа, ажаа нар.

Энэ автобусыг машин унаж сурахаар оролдож буй хүн жолоодсон юм болов уу гэмээр урагш, хойш хөл алдаж хөдөлгөөний аясаар найгах хүүг түшингээ ойр зуурыг хөөрөлдөв.

 -Ахын дүүгийн сургууль хаана байдаг юм бэ? гэж асуувал хүү гайхан, басхүү айсан харцаар өмнөөс харав. Хүүхэд наймаалдаг хүн нь биш байгаа гэж бодсон уу, байдаг хурдаараа урагш тэмүүлэв. Нэлээд зайтай очиж зогссон хүү эргэж сүрхий харснаа сая нэг тайвширсан бололтой, 

-Зуун айлын Гуравдугаар сургуульд сурдаг гэлээ.

-Гэрийнхээ ойролцоо сургуульд орж болоогүй юм уу гэвэл,

-Аав, ээж хоёр таньдаг хүмүүсээрээ зөндөө хөөцөлдсөн. Багтахгүй гэсэн. Бүтээгүй юм гээд цааш зүтгэлээ. Зугтах нь арга үгүй биз дээ. Сүүлийн үед Монголд чинь хүний наймаа гэдэг зүйл “цэцэглэж”, хүүхэд алга болсон тухай мэдээлэл байнга гарах болсон. Үүнийг өдөр бүр аав, ээж анхааруулдаг байлгүй. Гэр хол учраас хүүхдээ сургууль дээрээ өнжөөд, давтлага, секцдээ суугаад ирэхийг захидаг талаар хүмүүсийн ярилцаж байхыг сонсч  байлаа. Эцэг, эх нь амьдрахын эрхээр ажилтай, оройтож хичээлээс нь тарахад өвлийн богино өдөр дуусч, харанхуй болчихно. Ажлын эрхээр тосч авч чадахгүй тохиолдолд харанхуйд ганцаар харихаас өөр аргагүй. Гэр хол, замын түгжрээ ихтэйгээс дахин харанхуй гудамжаар айдас, хүйдэстэй алхдаг вий. Гэвч ингэхгүй гээд тэд яах билээ.

Бяцхан сурагчид хотын төвийн сургуульдаа хичээл эхлэхээс өмнө амжиж очихын тулд өглөөний 06.00 цагт босдог. Автобусны буудал дээр 07.00 цагтай уралдаад ирчихсэн бээвийн зогсоно. Хэрэв автобусны буудал гэрээс нь хол бол үүиээс эрт гарах хэрэг болдог аж. Зайдуухан айлын жаалууд гэгээ ороогүй байхад гудамжаар бүдчиж унан хөл гараа гэмтээхээс эхлээд айлын нохойд элдүүлэх нь энүүхэнд. Гэсэн ч энэ талаар хүүхдийн эрхийн байгууллагаас эхлээд холбогдох байгууллага нь огтхон ч хөндөж, асуудлыг шийдэхийг хүсдэггүй нь харамсалтай.         

Бидний үлгэр жишээ авах дуртай гаднын зарим улсад зургаагаас дээш настай хүүхдийг нийтийн тээвэрт насанд хүрсэн хүний зорчих үнээс хоёр дахин хямд зорчуулдаг гэнэ. Манай улсад мөн тэрхүү тогтолцоо үйлчилж байна. Үүнийг том оврын автобусны бөөрөн дээрх том хүн 400, хүүхэд 200 төгрөг гэсэн бичигнээс харж болно. “Микро” автобус бол нийтийн тээврийн хэрэгсэл. Тэд иргэдээ ялгаварлан, үйлчилгээ үзүүлэхийн тулд бус зөвхөн мөнгөний төлөө ажиллаж байгааг нийслэлийн Нийтийн тээврийн газар өдийг хүртэл харахгүй, шийдвэрлэхгүй байгаа мэт. Дарга нар шиг гаднын туршлага судлаагүй над мэт хүн зарим зүйлийг киногоор төсөөлнө. АНУ-д бол сурагчид нь сургуулийнхаа тусгай автобусаар зорчдог юм билээ. Гэхдээ гадаад гэлтгүй манай зарим хувийн сургуулиуд автобустай харагддаг. Холоос ирдэг сурагчдаа ойролцоох автобусны буудлаас нь тодорхой цагийн хуваариар авч, хүргэж өгдөг гэсэн. Тэртэй тэргүй төсөв нь ихдээд ямаанд хүртэл өгдөг болсон одоо цагт сургуулийн автобусыг яагаад нэвтрүүлж болохгүй гэж. Үгүй дээ л эрхэм 76 гишүүний тойрог тойрог руугаа зулгааж буй гурван тэрбумаас бяцхан үрсдээ зориулж болохгүй гэж үү. Сонгуульд санал нэмэрлэхгүй учраас гэсэн бодол гишүүдийн сэтгэлийн угт байдаг учраас хүүхдийн асуудалд эрхэм гишүүд хайхрамжгүй ханддаг  юм биш биз. 

Идэр ес дуусч, өвлийн богино өдөр уртсах мөч хаяанд иржээ. Гэвч дараагийн өвөл ирдгээрээ ирнэ. Сурагчид автобусаа хүлээн, даардгаараа даарна. 
  

Б.ОЙНБИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж