Засгийн газрын эсрэг гурав дахь том жагсаал цуглаан болохын өмнө ерөнхий сайд Владимир Путины итгэмжлэгдсэн туслах мэдэгдэхдээ, Оросын тагнуулын албад “хоёр гурван жилийн өмнөөс” Москвад төлөвлөгдсөн жагсаал цуглаан болно гэж сануулж байсан гэв. Тэр улс төрийн байдлыг бусниулах төлөвлөгөөг Вашингтонд бэлтгэсэн гэх үг унагалаа.
Ноён Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өнгөрсөн пүрэв гаригт өгсөн өөрийн ярилцлагадаа эрх баригчид эсэргүүцлийн ажиллагааг нийгмийн нэн ялангуяа хотын дунд ангийнхний улс төрд оролцоход бэлэн болсон “манай улс төрийн системийн шинэчлэл ба либералчлалд чиглэгдсэн томоохон өөрчлөлтийг хийхийн төлөө байгаагийн” гэрч болж байна гэв.
Гэхдээ тэр үүнийг хэлэхдээ, болж буй хэрэг явдалд мөнгө хөрөнгө хаясан АНУ чухал үүрэг гүйцэтгэсэн гэж өмнө нь ноён Путины ярьсныг давтлаа. Түүний яриагаар Оросын тагнуулын албад янз бүрийн орнуудад цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн төлөвлөгдсөн эсэргүүцлийн ажиллагаа явуулна гэж сануулж байжээ.
“Сонсоцгоо л доо, бид хоёр гурван жилийн өмнөөс парламентын сонгуулийн дараа бид дуулианд холбогдоно, хүмүүс гарч ирэн “Хүүхдүүд ээ, энэ сонгууль хууль бус. Түүнд их зөрчил гарсан. Бидний саналыг хулгайллаа” хэмээн хэлцгээнэ гэдгийг мэдэж байсан. Бид үүнийг 2010 онд мэдэж байсан. Бид үүнийг хүлээж байсан” гэж ноён Песков мэдэгдэв. “Гуравдугаар сарын 5-нд ч биднийг ийм зүйл хүлээж байгаа” хэмээн тэр нэмж хэллээ.
Түүний хэлснээр эрх баригчид ерөнхийлөгчийн гуравдугаар сарын 4-ний сонгуулийн зөрчлийн талаар түүний тоонд зохиомол мэдээлэл тараах гэж байгаа сайтуудын талаар ч Европын аюулгүй байдал ба хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч нарын гаргах мэдэгдлийн тухай ч мэдэж байгаа гэнэ. “Энэ бүгдийг урьдчилаад хэлэхэд инээд хүрмээр амархан” гэж тэр тэмдэглэв. Эсэргүүцлийн ажиллагаа найруулагдсан гэдэгт итгэж байна уу гэсэн асуултад ноён Песков “Би түүнд итгэхгүй. Би харин түүнийг мэдэж байна” гэж хариулав.
Ноён Песковын мэдэгдэл нь арванхоёрдугаар сарын парламентын сонгуулийн дараа босч ирсэн улс төрийн эцэргүүцлийн давалгааг хэрхэн хүлээн авах вэ гэдэг талаар Оросын засаглалын дээд төвшинд зөрөлдөөнтэй буйг харуулж байна. Эсэргүүцэлд ер бусын олон хүн хамрагдсаны дараа ноён Путины бий болгосон хэт төвлөрсөн улс төрийн систем шинэ тоглогчдод нээгдэх ёстой гэсэн сонгогчдын зүгээс ирж байгаа дохио хэмээн албан тушаалтнуудын хэсэг нь үзэв. Нөгөө талаас эсэргүүцлийн ажиллагааг ноён Путины нэр хүндийг унагах үүднээс АНУ төлөвлөсөн гэх санаагаа ил хэлсээр байна.
Тухайлбал, тэдний яллагааны бай нь сонгуулийн ажиглалт хийж зөрчлийн талаар мэдээлэх талаар мэргэжсэн, гол төлөв Вашингтоноос санхүүжилт авдаг “Голос” (“Дуу хоолой”) байгууллага болов. Ноён Путин Оросын дунд ангийн өсч буй шаардлагыг анхааралтай ажиглаж байгаа, мөн энд өнгөрсөн арванхоёрдугаар сар нь “бидний хувьд бас улс орны хувьд чухал байсан” гэх зэргээр ноён Песков ярив. “Арван жилийн өмнө манайд дунд анги гэж байсангүй” хэмээн тэр хэлэхдээ зөвхөн өөрийн гэр бүлийг машин, байртай, санхүүтэй болгох гэсэн бүлэг хүмүүс байсан хэмээн онцолж байна. “Одоо бол тэдэнд бүгд байгаа. Хамгийн сонирхолтой нь тэд улс төрийн амьдрал илүүтэй оролцохыг хүсч байна” гэж тэр хэлэв.
Арванхоёрдугаар сард ерөнхийлөгч Дмитрий Медведевын зарласан мужийн захирагч нарын сонгуульд эргэн орох, улс төрийн нам байгуулах босгыг бууруулах зэрэг нь сонгогчдын шаардлагад өгч байгаа хариу гэж ноён Песков үзэж байна. Эдгээр шаардлага нь ноён Путины хувьд гэнэтийн байгаагүй гэж тэр анхааруулжээ. “Тэр улс орноо мэдэрч, дотоод амьдралыг нь сайн мэднэ. Нийгмийн янз бүрийн давхрагыг мэдэж байгаа. Тэр ядуусын асуудлыг ч, баячуудыг ч, дунд ангийг ч мэднэ. Ер нь тэр тодорхой ойлголтыг эхнээсээ авахаар хичээсэн. Ерөнхий сайд дургүйцэл гарч буй шалтгааныг ойлгохын тулд бүхнийг хийж байгаа хэмээн Песков ярьжээ. Ингэж ярихдаа тэрээр “Путин хүмүүсийг ажиглаж, анхаарч, харж байна” гэж хэлээд, хүмүүс “бидний саналыг эргүүлж өг” гэж хашгирч байна. Гэтэл бид хэний ч саналыг хулгайлаагүй. Асуудал энд л оршино. Эсвэл “Путин зайл” гэж тэд хашгирч байхад манай орны сая сая хүмүүс “Путин үлдээрэй”, “Путин туслаарай”, Путин бидэнтэй байгаарай” гэж хашгирч байгаа дэмжлэгийг мэдэрч байна” гэв.
Ноён Песковын хэлснээр, хэрэв ноён Путин сонгогдвол “эрэг чангалахгүй”, тэрслүү үзлийг дарахгүй гэнэ. Үүнийг ярьж байхдаа ноён Путин ерөнхийлөгчийн засгийг сулруулах уу гэсэн талаар ноён Песков ярихаас татгалзав. “Бид түүнд засаглалын хэмжээгээ бууруулах уу, эсвэл нэмэгдүүлэх үү гэсэн сонголтыг өгөх ёстой. Тэр л энэ орны гол гүйцэтгэгч нь болж байгаа юм бол түүнд тэр эрхийг нь өгөх хэрэгтэй. Компани ерөнхий захирлаа сонгохдоо дараагийн захирлуудын зөвлөлийн хурал хүртэл түүнд итгэдэг. Дараа нь зөвлөл цуглараад “үр дүнтэй ажиллаж байна уу” гэж хардаг. Үр дүнтэй бол цааш нь ажиллуулна. Үгүй бол өөр сонголт хийнэ” гэж тэр тайлбарлав.
Энэ бүгдээс харахад ноён Песковыг энэ бямба гаригийн ч, ирээдүйн эсэргүүцлийн арга хэмжээ ч догдлуулахгүй байгаа бололтой. Хүн ам нь 135 сая улс оронд сонгууль хуулийн дагуу гэдгийг арилгаж болохгүй хэмээн тэр онцлов. Смартфоноо заагаад технологи олон зүйлийг хувиргаж байна гэж хэллээ. “Энэ эд боловсролд маш чухал хэрэгсэл. Амьдралыг аврахад ч тустай. Гэтэл үүний зэрэгцээ түүний тусламжтайгаар насанд хүрээгүй биеэ үнэлэгч, хар тамхийг олж болно. Түүний тусламжтайгаар үймээн гаргаж бас болно. Энэ л бусад орнуудад гарсан шигээр манайд болж байна” гэж тэр хэллээ.