“ЭЗ-ийн өсөлт энэ гээд тооноор нь мөнгө шидэхгүй”

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

“ЭЗ-ийн өсөлт энэ гээд тооноор нь мөнгө шидэхгүй”

Сангийн дэд сайд Ч.Ганхуягтай ярилцлаа.

-Швейцарийн Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад та оролцоод ирсэн. Олон улсын шинжээчид чуулга уулзалтын үеэр манай эрх баригчдын адил Монголын эдийн засгийн үсрэнгүй өсөлтийг онцолж дурдсан гэл үү. Эдийн засгийн бодит өсөлт 17,3 хувьд хүрсний үр шимийг  өнөөдрийн хувьд тун цөөхөн хүн л хүртэж байх шиг. Тэгэхээр үсрэнгүй хөгжлийн үр шим өрх гэр бүхэн хүрч чадахгүй байгаагийн учир юунд байна вэ?

-Монгол Улсын эдийн засаг 2000 он хүртэл ерөнхийдөө зогсонги байдалтай байсан.  2005 оноос дэлхийн эдийн засгийн бүтцэд ерөнхийдөө өөрчлөлт орсон л доо. Тэр өөрчлөлт манай улсын эдийн засагт эергээр нөлөөлж байна. Хятадын эдийн засаг сүүлийн 10 жилд асар хурдтай өсч байна. Дэлхий нийтийг алмайруулсан Хятадын эдийн засгийн өсөлт Монгол руу тодорхой хэмжээгээр нөлөөлж буйн илрэл нь өнөөдрийн үсрэнгүй өсөлт. Манай газрын баялгийн эрэлт хэрэгцээ урд хөршид асар их хэмжээгээр  нэмэгдэж байна. Тэр эрэлт хэрэгцээ Монголын эдийн засгийн хөгжих, Монгол Улс хөрөнгөжих боломжийг олгож байна. Гадаадынхан Монгол Улсыг нүүрсний  хамгийн том нөөцийг агуулсан орон хэмээн  анхаарлаа хандуулах боллоо. 2009 онд хасах хувьтай гарч байсан манай улсын эдийн засаг 2011 онд өндөр өсөлттэй гарлаа. Нэрлэсэн өсөлт нь  27 хувьтай, бодит өсөлт нь17,3 хувьтай гарсан байгаа.

Үүнтэй холбоотойгоор зарим хүмүүс нэг асуудал хөнддөг. “Тэр үсрэнгүй эдийн засгийн өсөлт өнөөдөр яагаад бидний амьдралд шууд мэдэгдэхгүй байна вэ” гэж. Эдийн засаг өндөр өсөлттэй гарлаа гээд шууд иргэдийн амьдралд хүрч чадахгүй. Учир нь, манай эдийн засгийн өндөр өсөлт юунаас болж гарсан бэ гэвэл уул уурхайн экспортын орлоготой л  холбоотой. Тиймээс эдийн засгийн өсөлтийн үр шим хүнд хүрэхдээ тодорхой хугацаа шаарддаг. Орон сууц босгох, зам харгуй тавих, цахилгаан станц барихад мэдээжийн хэрэг тодорхой хугацаа орно. Тэгэхээр өнөөдөр эдийн засгийн өсөлт өндөр гарлаа гээд нэг тоо хэлэнгүүт “тэр нь яагаад бидний амьдралд хүрэхгүй байна вэ” гэж андуурч, хадуурч болохгүй.

Нөгөөтэйгүүр эдийн засаг өсөөд байна гэдэг хүн бүхэнд тэгш байдлаар очоод наалдчихна гэсэн үг биш. Монгол Улс зах зээлийн чөлөөт эдийн засагтай орон. Тэр утгаараа гар хөлөө хөдөлгөсөн, тархиа ажиллуулсан хүмүүс л энэхүү эдийн засгийн үр шимийг хүртэх болохоос дээшээ хараад, зүгээр сууж байсан нөхдөд хэн ч шуудайтай мөнгө тооноор нь шидчихгүй. Алган дээр нь хэн нэгэн зүв зүгээр, сул мөнгө тавьчихгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, өндөр өсөлт гарахад нөлөөлж байгаа, оролцож байгаа компаниудад өөрийгөө “худалдсан”-аар энэхүү эдийн засгийн үсрэнгүй өсөлтийг өгөөжийг амтлах юм.

-Эдийн засгийн өндөр өсөлт хүн амын магадгүй 10-хан хувьд нь асар хүчтэй мэдрэгдэж, үлдэж буй 90  хувьд нь ядууруулах зэвсэг болж хувирдаг юм биш үү. Эдийн засагчид хүртэл, тухайлбал УИХ-ын гишүүн Р.Амаржаргал эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хүрлээ гэж баярлахаасаа болгоомжлох хэрэгтэй гэдгийг ч нэг бус удаа сануулсан шүү дээ.  Байгалийн баялаг дээр тулгуурласан эдийн засгийн өсөлтийн чанар нь хаана байгаа юм бэ?

-Хэдийгээр Монгол Улсын эдийн засаг үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирсэн ч гэлээ энэ нь тайтгарах, тайвшрах зүйл биш юм. Дэлхийн эдийн засгийн хямрал ар араасаа үргэлжилсээр л байна. АНУ-ын эдийн засаг тогтворгүй байна. Хятад манайхаас түүхий эд худалдан авч түүнийгээ боловсруулаад АНУ, Европын зах зээлд гаргадаг. Тэгэхээр Хятадын ханган нийлүүлэлтийн том зах зээлүүдэд асуудал үүсч байгаа өнөө үед урд хөрш маань бидний түүхий эдийн том худалдан авагч хэвээр байж чадах уу гэдэгт 100 хувь итгэж болохгүй байх. Ялангуяа манайх шиг эмзэг эдийн засагтай оронд өнөөдрийн үсрэнгүй хөгжил тайвшрах зүйл биш юм. Эдийн засгийн өндөр өсөлтийн чанарыг монголчууд эхнээсээ амсаад явж байгаа. Үүнийг юугаар батлах вэ гэвэл олон юмаар жишээ авч тайлбарлаж болно. Арван жилийн өмнө арилжааны банкууд тэр болгон зээл олгодоггүй байсан. Одоо хүссэн хүн бүхэн хэрэглээний, санхүүгийн зээл авч чадаж байна. Хөдөө очоод хар л даа. Малчид маань гаднаа тавган антентай, гэртээ зурагтаа үзээд, гар утсаараа гадаад, дотоодод байгаа хүүхдүүдтэйгээ ярьж чадаж байна. Хилээр орж байгаа бараа материалын дүн, сонингоор гарч байгаа ажлын байрны зар, дэлгүүр хоршоонд зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийг хар  даа. Сонголт бидэнд маш их болсон байгаа биз дээ. Жилээс жилд Улаанбаатарын замын түгжрэл нэмэгдээд байна гэдэг. Энэ чинь эдийн засгийн өсөлтийн илрэл шүү дээ. Энэ машинуудыг дандаа гадаадын хөрөнгө оруулагчид, уул уурхайн захирал унаад яваад байгаа юм биш. Өөрсдийгөө ядуу гэж зарлаад байгаа тэр хүмүүс л энэ машинуудыг унаж байна шүү дээ. Гудамжинд гараад “Монголчууд өлбөрч үхэх гээд байна, 70 хувь нь ядуу байна” гээд ярих өөр хэрэг. Гадаад, дотоодын судалгааны байгууллагуудын гаргасан хатуу тоо баримттай хамаагүй хол зөрж байгаа.

-Тэгэхээр эдийн засгийн өсөлтийн үр шимийг монголчууд аль хэдийн “амтлаад” эхэлчихсэн гэж ойлгож болох нь ээ?

-Тийм. Өөлөхийн тулд ч юм уу, эсэргүүцэхийн тулд эдийн засгийн өсөлт юуг ч өөрчлөхгүй байна гэвэл би санал нийлж чадахгүй нь. Харин ч өөрчлөлт маш хурдацтай өрнөж байна. Бид өөрсдөө дотор нь суугаад явж байгаа болохоор үүнийг анзаарахгүй л байх шиг байна даа. Тэгэхээр нөгөө популизм гэдэг юм чинь энд гарч ирээд байгаа юм. Эдийн засгийн өсөлтийг яг адилхан хүртэх ёстой гээд популист зүйл ярихад амархан. Гэхдээ би бүх юм болж байгаа гэж хэлээгүй. Болохгүй байгаа ч асуудал олон бий.  Засгийн газар өнгөрсөн  20 жил хамгийн их чармайж ажилласан үр дүн өнөөдрийн өндөр өсөлт гэж бодож байна. Монгол Улс бол найдвартай, итгэж болох юм байна, хамт бизнес хийж болох юм байна,  бизнес хийх эрүүл орчинтой юм байна гэдгийг л гадаадын хөрөнгө оруулагчдад ойлгуулж чадлаа. Одоо харин бид биеэ, саваа бэлтгэх ёстой. Тэр өндөр өсөлтөд оролцож байж, түүнээс үр шимийг нь хүртэх ёстой болсон. Хийе гэсэн хүнд, зориглосон хүнд, хүсэл тэмүүлэлтэй хүн, өөртөө хөрөнгө оруулалт хийчихсэн хүнд боломж маш их байгаа. Хамгийн хөдөлмөрч, хамгийн авьяастай, хамгийн ухаантай, хамгийн их ур чадвар эзэмшсэн хүнд өндөр өсөлтийн үр шимийг амтлах биш хүртэх боломж хангалттай байна.

-Популизмын тухай та хөндлөө. Яг үнэндээ улстөрчид л популист амлалт өгөөд, хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгоод байгаа шүү дээ. Иргэн сүрт сар болгон 21 мянган төгрөг өгөөд, оюутнуудад цалин амлаад л ?

-Энэ бол үеэ өнгөрөөж байгаа зүйл. Өнгөрсөн 2008 оны сонгуулийн амлалтыг биелүүлэх нь улс төрийн соёл юм. Улстөрчид улс төрийн соёлтой байх ёстой, амласнаа биелүүлэх  хэрэгтэй. Үүнийг зөв буруу гэж өнөөдөр ярихаасаа илүү улс төрийн соёл гэж ойлгох  хэрэгтэй байх. Гэхдээ манай иргэд гараа тосч суудаг бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салах ёстой болов уу.

-Иргэд өөрсдөө бэлэн мөнгө өгөөч гэж гуйдаггүй шүү дээ. Улстөрчид л өгнө гэж том амалдаг. Өгөх болохоороо элдвээр гуйвуулдаг?

-За тэгвэл та түрүүнд эдийн засгийн өсөлтийг хаана, хэн хүртээд байна вэ гэж асуусан шүү дээ. Тэр өсөлтийг шууд утгаараа хүртээж байгаа хэлбэр бол “Хүний хөгжил сан”-гийн мөнгө. Эдийн засгийн өсөлт байгаагүй бол иргэдэд  тарааж буй тэр их мөнгө манай улсын төсөв, сан хөмрөгт байхгүй байсан. Тиймээс эдийн засгийн өсөлтийг бид иргэдэд  хүртээхдээ тодорхой сонголттойгоор өгч байгаа. Та энэ мөнгийг аваад банкинд хадгалуулах юмуу, эсвэл үйлдвэрлэлээ өргөжүүлэх, бизнес хийх боломжийг олгож байгаа. Эсвэл дэлгүүр хоршооноос өөрт хэрэгтэй зүйлээ худалдаж авч болно. Эдийн засгийн өсөлтийн хүрээнд түрүү жил 800 тэрбум төгрөгийг тараасан. Энэ жил сонгууль болохоос өмнө 700 тэрбум төгрөгийг тараах юм. Оюутнуудад гэхэд л сургалтын төлбөр хэлбэрээр ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийлээ. Энэ нь бас л эдийн засгийн өсөлтийн үр шим. Зарим хүмүүс ухамсараараа “Хүний хөгжил сан”-гаас олгож байгаа мөнгийг авахгүй байна. Гэх мэтээр эдийн засгийн өсөлт ард иргэдэд хүрэхгүй байна гэдэг утгагүй. Юу гэвэл эдийн засгийн өндөр өсөлтийн үр дүнд бий болсон татвар төлөгчдийн мөнгийг засаг аваачаад иргэндээ “май” гээд өгчихөж байна шүү дээ. Түүнчлэн эдийн засгийн өсөлтөд илүү их амжилт гаргах, түлхэц болгох Тавантолгойн хувьцаанаас сая 500 төгрөгийн амлалтын хүрээнд 1072-ыг өгөхөөр боллоо.

-Тавантолгойн хувьцааг иргэдэд өгөх боллоо гээд байна. Хувьцаа авахгүй гэвэл төр эргүүлээд худалдаж авах мөнгө энэ оны төсөвт суусан уу. Тэр мөнгийг хаанаас гаргаж байгаа юм бэ?

-Монгол Улс энэ жил нийт 6,3 их наяд төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Түүнд дээр нэмээд төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл болох 172 тэрбум төгрөгийг нэмээд нийт 6,4 төгрөгийг зарцуулна. Харин нийт улсын төсвийн орлогыг 5,8 их наядаар баталсан. Энэ орлого бол эдийн засгийн өсөлттэй шууд холбоотой. Үр шим гэж тодорхойлж болно. Харин хувьцаа бол ямар нэгэн гадны компанийн урьдчилгаа энэ тэртэй холбоогүй шүү. Иргэн маань Тавантолгойн хувьцааг эзэмших үү, “Эрдэнэс Тавантолгой” компаниар дамжуулаад зарах уу гэдэг хувь хүний сонголт. Тавантолгойн хувьцааг буцааж худалдан авахад 334 тэрбум төгрөгийг “зоож” өгсөн байгаа. Гэхдээ манай ажлын хэсэг журам гаргахдаа төсвийн эх үүсвэр тал дээр илүү нарийвчилсан тооцоо гаргах шаардлагатай байгаа.

-Эдийн засгийн өсөлт хүмүүст шууд хүрч байна гэлээ. Гэтэл эдийн засгийн бодит өсөлт 17,3 хувьд хүрэхээс өмнө, “Хүний хөгжил сан”-гаас мөнгө тараахаас өмнө Монголын ядуурлын хэмжээ 33 хувьтай байсан бол өнөөдөр яагаад 40 хүрчихэв ээ. Энэ өсөлт үнийн хөөсрөл бий болгож, ядуурлыг улам хөшүүрэгдээд байгаа юм биш үү?

-Ядуурлыг тооцож гаргах аргачлал нь өөр байсан. Ядуурлыг 33 хувьтай байхад нэг өдрийн орлогыг нэг ам. доллараар тооцож гаргадаг байсан бол өнөөдөр хоёр ам.доллараар тооцож гаргаж байгаа. Ядуурлыг тооцох аргачлал өөрчлөгдөхөөр тоо нь өөрчлөгдөх  ойлгомжтой.  Харин ч  ядуурал нэмэгдэх биш буурсан байгаа. Учир нь хэрэглээгээр нь тооцоод үзэхэд  хүн амын орлого нэмэгдсэн байна лээ. Тэгээд ч өчигдрийн ядуурлыг өнөөдөртэй, өнөөдрийн ядуурлыг маргааштай харьцуулах боломжгүй.  Ядуурал буурсан гэдгийг ямар зүйлээр тайлбарлах вэ гэвэл олон зүйл байна. Би дээр дурдсан. Малчид гэхэд гаднаа машин, мотоцикл сойчихсон, телевиз үзээд, нөөтбүүк хэрэглэж байна. Шулуухан хэлэхэд, монголчууд хотжилтын, өөрчлөлтийн өвчинд өртчихсөн. Барилга дээр туслах ажилтан авна, өдрийн 35 мянган төгрөгөөр цалинжуулна гэхэд ажиллах хүн олдохгүй байна шүү дээ. Тэгсэн мөртлөө тэр өглөөгүүр сардаа ганц тараадаг 21 мянган төгрөг авах гээд л дугаарлаад зогсдог шүү дээ. Ядраад байна, зүдрээд байна гэсэн мөртлөө өдрийн 35 мянган төгрөгийн цалинтай ажлыг голоод хийхгүй байна. Ядуурлыг төр засгийн буруу гэхээсээ бас хувь хүний үзэл бодол, өөрийнх нь зорилго, ухамсартай нь холбож үзэх хэрэгтэй юм шиг санагддаг. Магадгүй улстөрчдийн өмнө гаргасан алдаа, бэлэнчлэх сэтгэлгээтэй холбоотой байж болох л доо. Гэхдээ би лав Монголд хүн өлсөөд үхлээ гэж сонсоогүй. Харин  архи уугаад хөлдөөд үхлээ л гэж сонсч байсан юм байна. Гэр оронгүй хүний тоо ч бас буурсан байна лээ.

-Та ингэхэд гэр хороололд амьдарч байгаа айлуудаар орж үзсэн үү. Зүгээр л сонирхож байна л даа. Зарим улстөрч иргэдэд жигтэйхэн хайртай юм шиг дүр эсгэх мөртлөө тэдний амьдралыг мэддэггүй шүү дээ?

-Би хар багаасаа Дэнжийн мянга, Дамбадаржаад амьдарч байсан. Социализмын үеийн хүүхдүүд юу идэж, юу өмсч, юу зүүдэг байсан тэр бүхнээс би ангид байгаагүй. Ганзагын наймаа эрхлээд өдөр шөнөжингөө нааш цаашаа явдаг байлаа. “Хас” банкны Хөгжлийн алтан сан гээд бүх аймгийн бүх сум, хотын  бүх дүүргээр явж байлаа.  Хүмүүс яаж амьдарч байна, юу нь болж, юу нь болохгүй байгааг би сайн мэднэ.

-Хүмүүсийн хүлээлтэд байгаа нэг хөтөлбөрийг асуумаар байна. Хөгжлийн банкнаас гаргах “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэзээ хэрэгжиж, зургаан хувийн хүүтэй зээл хэзээ гаргах вэ?

-Монгол Улс Хөгжлийн банк байгуулаад жил л болоогүй байгаа. Нэг байгууллага байгуулаад, гаднаас шууд мөнгө босгоод ирж болдоггүй юм. Нэлээд хөөцөлдөөн, ажил хэрэг, уулзалт хэлэлцээр болж байж л мөнгө олж ирнэ үү гэхээс мөнгө өгөөч гэхээр өгчихдөг зүйл биш. Өнөөдөр Еврозоны асуудал хүнд байна, АНУ-ын эдийн засаг нэг их сайн тогтворжиж өгөхгүй байна. Дэлхий нийтийн улс төрийн нөхцөл байдал асуудалтай байна. Нефтийн үнэ тогтворгүй байна. Монгол Улсын Засгийн газраас Хөгжлийн банкинд баталгаа гаргаж өгөөд гадаад зах зээлд бонд гаргаж байгаа нь түргэн хугацаанд болчихдог асуудал биш юм.  Хүмүүсийн итгэлийг олж, мөнгө босгоход багагүй цаг хугацаа орно гэж би анхнаасаа хэлж байсан. Засгийн газар шууд өөрөө анхныхаа үндэсний бондыг гаргасан бол арай илүү дөхөмтэй байх байсан. Гэхдээ энэ бол нэгэнтээ болоод өнгөрсөн процесс. Монгол Улс үндэснийхээ евро бондыг гадаад зах зээлд гаргах цаг ирнэ. Мэдээжийн хэрэг, Сангийн яам бэлтгэл ажил судалгааг хийх нь тодорхой. Дотоодод Засгийн газрын бонд гаргасан.Өнөөдөр 300 тэрбум төгрөгийн төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газраас бонд гаргахаар УИХ-аас зөвшөөрөл гаргахаар явж байгаа. “100 мянган айлын  орон сууц” хөтөлбөр яагаад удаашралтай байгаа вэ гэвэл санхүүгийн эх үүсвэрийн асуудал байгаа.

Гэхдээ ирэх сонгуулиас өмнө хавраас эхлээд энэ ажил эхлэхээр төлөвлөөд байгаа. Зарим нэг барилгын ажлыг хувийн компаниуд хийгээд эхэлсэн. Аль болохоор залуусаа хурдан байр савтай болгох нь чухал. Гал голомтоо бадраана гэдэг “Монгол мөрөөдөл”. Энэ “Монгол мөрөөдөл”-ийг биелүүлэхийн төлөө Засгийн газар чадах ядахаараа ажиллаж байна.

-Зургаан хувийн хүүтэй зээлийн асуудал шийдэгдсэн. Аль арилжааны банкаар дамжуулахаа Засгийн газар нууцалж байгаа гэх мэдээг албаны хүн хэвлэлд өгсөн байна лээ. Энэ үнэн бол яахаараа нууц байдаг юм?

-Огт сонсоогүй худлаа мэдээлэл байна. Зургаан хувийн хүүтэй зээл гарлаа гэхэд аль нэг банкаар дамжуулахгүй. Олон түмэнд зориулсан хөтөлбөр учраас хамгийн бага өртөгтэй, түргэн шуурхай үйлчлэх банкаар дамжуулах болно.

-Нэг хүнд оногдох ДНБ ирэх 2031 он гэхэд 60,000 ам.долларт хүрнэ гэсэн мэдээллийг танай намын бага хурал дээр намын дарга тань зарласан. Танай яам энэ тооцоо судалгааг гаргаад хийв үү, эсвэл МАН-ын мөрөөдөл үү?

-Үүнийг  Монгол Улсын стратегийн том бодлого гэж үзэх хэрэгтэй. Өнгөрсөн жил нэг хүнд оногдох ДНБ 3100 ам.доллар байгаа. Эдийн засгийн өсөлт энэ хэвээр үргэлжилбэл энэ жилийн сүүлээр 5000 ам.долларт хүрнэ гэсэн тооцоо байгаа.

-Сүүлийн үед үнийн хөөсрөл газар авлаа. Иргэд ч үүнд бухимдалтай байна. Энэ асуудлыг яаж шийдэх хэрэгтэй вэ. Засгийн газар яагаад үнийг тогтвортой байлгахад анхаарахгүй байна?

-Бид өнөөдөр аливаа асуудалд хянуур хандах хэрэгтэй юм. Барууны, либерал үзэлтэй гэх намын нөхдүүд өнөөдөр бүгдийг нийгэмчилье гээд байна. Тэгээд нийгэмчилье гэж бодьё. Тэгвэл өнөөдөр дэлгүүрүүд өнгөрсөн 20 жилийн өмнөх шиг картын бараанд шилжих байлгүй. Бид тийм нийгмийг хүсээгүй биз дээ. Би л хувьдаа төр бүгдийг гартаа атгасан, дэлгүүр лангуу хоосон байхыг зөвшөөрмөөргүй байна. Төр засгийн хувьд эдийн засгийг тогтвортой байлгаж, чөлөөт өрсөлдөөнийг буй болгоход анхаарч ажиллах үүрэгтэй болохоос Дондогийн зарж байгаа барааг хямдруулах үүрэггүй. Чөлөөт өрсөлдөөнөөр үнийн асуудлыг зохицуулдаг болохоос хэн нэгний дэлгүүрт орж  захиргаадсанаар үнэ буурахгүй ээ. Хэрвээ чөлөөт үнэ байхгүй бол Монголын эдийн засаг хомсдлын байдалд орно. Энэ бол галаар наадаж байгаатай л адилхан зүйл шүү дээ.

-Та сүүлийн үед багагүй хэл аманд орсон. Сангийн сайд хүн байж талхны үнэ мэдэхгүй байна гэж?

-“Гамбир” гэдэг нэвтрүүлэгт орох үеэр надаас сэтгүүлч асуусан юм. Талхны үнэ хэд вэ гэж. Хуучин бол амар байсан. Нэг төгрөгийн загасан талх, төгрөг 40-ийн талх,  төгрөг 70 мөнгөний бөөрөнхий талх. Харин одоо бол өөр. 300 төгрөгийн үнэтэй ч байна. Бүр 10 мянган төгрөгийн буриад талх ч байна. Яг ямар талх вэ гэдгийг надаас сэтгүүлч асуугаагүй. Асуусан бол утгагүй ч байсан.

-Яагаад?

-Яагаад гэвэл атар талх тэд гээд хэлэхээр тухайн компанийн сайхан гэгчийн үнэгүй сурталчилгаа болчихно. Үндэсний статистикийн хороо долоо хоног бүр үнийн судалгаа гаргадаг л даа. Түүнийг харахад учир дутагдалтай байдаг. Яагаад гэхэр “Атар" талх тэд гээд биччихдэг. Төр засгийн байгууллага нэг ёсондоо хувийн компанийн сурталчилгаа хийгээд байгаатай яг адилхан.  “Алтан тариа" компанийн гурал нэг килограмм нь тэд байна гэх ч юм уу. Тэр чинь сурталчилгаа болж байгаа юм. Тиймээс би харин 300 төгрөг гэж хариулснаа зөв гэж бодож байгаа.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж