Хөдөө аж ахуйн салбарынхан чуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Хөдөө аж ахуйн салбарынхан чуулж байна

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхны удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Тус хуралдаанд салбарын сайд Т.Бадамжунай, дэд сайд Ж.Сауле болон хөдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн 300 орчим төлөөлөгчид оролцож энэ онд хийх ажлаа төлөвлөж буй юм. Төлөвлөсөн ажлуудаас хамгийн томд нь хөдөө аж ахуйн гаралтай бирж байгуулах. Малын гаралтай түүхий эд, түүнээс гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар малчдын амьжиргаа дээшлэх төдийгүй Монгол Улс уул уурхайн хараат орон болохоос зайлсхийх боломжтой болно. Тиймээс Засгийн газраас ирэх жилүүдэд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлд томоохон бодлого боловсруулан ажиллаж буй билээ. Энэ ч үүднээс тус салбарын хөгжлийг хангахад түлхэц болохуйц хэд, хэдэн хуулийн төслийг өнгөрсөн онд УИХ-д өргөн мэдүүлж батлуулсны нэг нь энэхүү биржийн тухай хууль юм. Малчдын хувьд хөдөлмөрөө хоршин ажиллаж, малаас гарах түүхий эдээ чанар стандартын дагуу бэлтгэн нийлүүлэх нь чухал болоод буй. Гэхдээ энэ ажил төдий л ажил хэрэг болж чадахгүй байгаа билээ. Харин газар тариаланг хөгжүүлэх чиглэлд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тодорхой ажлуудыг шат дараатай авч хэрэгжүүлснээс “Атар газар эзэмших III аян” хамгийн их үр дүн дагуулсныг салбарын сайд нь онцоллоо. Өнгөрсөн оноос эхлэн буудайгаа дотоодоосоо 100 хувь хангаж эхэлсэн. Газар тариалангийн салбарт техникийн шинэчлэлийг эхлүүлсний зэрэгцээ үрийн чанарт анхаарах болсноор томоохон дэвшлүүд иржээ. Ургац хураалтын ажлыг 30-35 хоногт багтаах боломжтой болсон, га-гаас хураах ургацын хэмжээ ихэссэн байна. Түүнийгээ дагуулаад 430 мянган тонн буудай хадгалах агуулах, эльеватортой болжээ. Нөгөөтэйгүүр, жимс жимсгэний тариалалтыг ч нэмэгдүүлжээ. 2011 онд 3.9 мянган га талбайд жимс жимсгэнэ тариалсан нь, 2008 оныхтой харьцуулахад 80 орчим хувиар өсчээ. Тэр дундаа чацаргана тариалалтыг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжиж ажиллах болсон. Мөн газар тариаланчдад дэмжлэг үзүүлэх хүрээнд улсад тушаасан улаан буудайнд нь урамшуулал олгож байгаагийн зэрэгцээ татварын хөнгөлөлт үзүүлж буй юм. Түүнчлэн газар тариалан эрхлэхэд шаардагдах техник, тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирсэн нөхцөлд Гаалийн болон бусад татвараас чөлөөлдөг болсноор 197 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ.

Энэ мэтчлэн хөдөө аж ахуйн салбарыг дэмжих хүрээнд төр засгаас онцгойлон анхаарч байгааг салбарын сайд нь онцоллоо. Гэвч зарим талаар төлөвлөсөн ажил явахгүй байгааг ч шүүмжиллээ. Тухайлбал, газар тариаланг хөгжүүлэх чиглэлд зүүн бүсийн ажил нэлээд чамлалттай аж. Тэр дундаа Халх гол төсөл урагшлахгүй байгаа. Мөн алслагдсан бүс нутгуудад газар тариаланг хөгжүүлэх бодлого санасан хэмжээнд хүрэхгүй байгаа тул ирэх хавраас хийх ажил эндээс эхлэхийг сануулав.

Нэгэн үеийг бодвол хөдөө аж ахуйн салбарт зарцуулах хөрөнгө мөнгө өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад чамлахааргүй болжээ. Гагцхүү сэтгэл тавьж ажиллах нь чухал. 2011 онд улсын төсвийн хүрээнд 234.8 тэрбум төгрөгийг зарцуулж байсан бол Засгийн газраас бонд гаргах хүрээнд 300 тэрбум төгрөг, Хятад улсаас авах хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 320 тэрбум төгрөгийг зөвхөн хөдөө аж ахуйн салбарт зарцуулахаар болж, бодлого шийдвэрүүд гарчээ.

Түүнчлэн Засгийн газраас 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хүрээнд хөрөнгүүдийг тодорхой нэмэгдүүлснээр хүнс хөдөө аж ахуйн яам нь салбарынхаа төвшинд 33.6 мянган ажлын байр бий болгожээ. Эрчийг энэ онд сааруулах учиргүй. Ингэж чадвал хөдөө аж ахуйн салбар Монгол Улсын хөгжлийг тодорхойлох нэгэн гарц болох учиртайг чуулганд оролцогчид тэмдэглэж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж