“Тавантолгой” ХК-ийг хүүхдүүдийн үхэлд буруутгав

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

“Тавантолгой” ХК-ийг хүүхдүүдийн үхэлд буруутгав

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгой ХК-ийн ажилчдын тосгоны  байранд байгуулсан усан оргилуурын цахилгаанд 3-10 насны ах, дүү хоёр цохиулж,  амь насаа алдсан хэрэг хоёр өнгөрсөн оны наймдугаар сарын 11-ний өдөр гарчээ. Г.Зоригтбаатар, Г.Золбаяр гэх ах, дүү хоёр тус оргилуурын ойролцоо тоглож байгаад амиа алдсан байна.  Амиа алдсан хүүгийн эцэг, эх болох Э.Ганчулуун, А.Алтанчимэг нар Тавантолгой ХК-д гомдолтой байгаагаа илэрхийлж,  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хоёр хүүгийнх нь харамсалтай үхлийг амиа хорлосон хэмээн үзэж байгаад  тэд гомдолтой байгаа аж. Хөвгүүдийн эцэг, эхчүүдийн хэлснээр тус компанийн эсрэг стратегийн өмгөөлөл үзүүлэхээр болсон байна. Хэвлэлийн бага хуралд хүний эрхийн хуульч М.Ичинноров оролцсон юм.

Тавантолгой ХК-ийн ажилчдынхаа чөлөөт цагийг өнгөрүүлэх зорилгоор байгуулсан  усан оргилуур нь Барилга байгууламжийн стандарт, хууль тогтоомж, хэв журмыг зөрчсөн гэж хэвлэлийн бага хуралд оролцогчид хэллээ. Мэргэжлийн  байгууллагуудын зүгээс тус байгууламжийг цахилгааны зөрчилтэй баригдсан хэмээн дүгнэжээ. Анх хоёр хүүг амиа хорлосон гэж үзэж байсан ч гомдол гаргасны дагуу хэргийг тус аймгийн прокурорын газраас  мөрдөн байцаалтад дахин буцаах шийдвэр гаргаад  байгаа аж.

Талийгаач ах, дүү хоёрын ээж А.Алтанчимэг хоёр хүүгээ  хагалгаагаар төрүүлж байжээ. Түүний хэлснээр хэрэг гардаг өдөр компанийн жижүүр усан оргилуурын ус, цахилгаан гүйдэл гүйж байгааг диспетчерт мэдээлсэн хэдий ч  ямар нэг арга хэмжээ аваагүй байна. Талийгаач хүүхдүүдийн аав Э.Ганчулуун  “Тавантолгой” компанид засварчин, эхнэр нь ахлах тогооч хийдэг байжээ. Хоёр хүүгээ алдсаны дараа тэдэнд нэг сая 200 мянган төгрөгийг хохирол барагдуулах нэрээр өгчээ. Гэсэн ч ажил явдал болсноос хойш компанийн удирдлагууд тэдэнтэй дахин уулзаагүй гэнэ.

Хүний эрхийн хуульч М.Ичинноров хэлэхдээ “Хэн ч бодсон 3-10 насны хүүхдүүд  усан оргилуур хараад тоглож наадахыг бодно уу гэхээс  амиа хорлохыг бодохгүй. Хууль шүүхийн байгууллага ядарсан хүнд нүүрээ буруулдаг болж. Тиймээс эцэг, эхчүүд нь сэтгэл санаа, амь насны нөхөн төлбөр болох мөнгийг “Тавантолгой” ХК-иас нэхэмжлэхээр стратегийн өмгөөлөл эхлүүлж байгаа” гэлээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж