Зөвлөгөөнд оролцогчдод хандан Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат Ардчилсан нам засгаас гарсан нь зөв шийдэл байсан талаар болон улстөрд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдал, намын дотоод асуудлыг танилцуулж гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгч 2008 оноос хойш намын рейтинг байнга өсч буйг онцоллоо. Тэрбээр “Эрдэнэтийн ирээдүйг өндөр технологид суурилсан үйлдвэрийн чөлөөт худалдааны хот гэдгээр харж байна. Ардчилсан нам “Монгол хүн‑2020” хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэт хот 2020” гэсэн хөгжлийн хөтөлбөр боловсруулна. Эрдэнэтийн гол тулгамдсан асуудлууд танайд болсон “Монгол хүн 2020” хэлэлцүүлгээр тодорхойлогдсон. Тухайлбал, ажлын байр, утаа, ус гэсэн гурван асуудал хамгийн тулгамдсан сэдэв байна. Бие даасан хот болох асуудал дээр нэн түрүүн анхаарч хөтөлбөр боловсруулахад нухацтай сууж, бодлогоо тусгах хэрэгтэй. Эрдэнэт дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ Монголд нэгдүгээрт бичигддэг. Монголын дундаж 2200 ам.доллар байхад танайх 7300 ам.доллар. Тэгсэн атал нэг хүнд ногдох хадгаламжаараа улсад хоёрт ордог. Нэг хүнд 481 ам.долларын хадгаламж ногдож байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй нь харьцуулахад хэтэрхий бага үзүүлэлт. Нэг үгээр хэлбэл, Эрдэнэтээс гарч байгаа баялагийн хуваарлалт хүн бүрт хүрч чадаагүй гэсэн үг. Хүн амын шилжилт хөдөлгөөний хувьд сүүлийн 10 жилд маш их их хүн шилжин ирсэн байна. Нэг км нутагт оногдох хүн амын зохист харьцаа 10 байх ёстой байтал Эрдэнэтэд 108 хүн байна. Гэтэл хөрш зэргэлдээ Булган аймагт нэг км нутагт 1.1 хүн оногдож байгаа. Ийм зохисгүй харьцаан дээр хөгжил цааш явахгүй гэдэг нь ойлгомжтой. Эрдэнэтийн борлуулалтын 2.1 хэн хувийг дагалдах үйлдвэр эзэлж байгаа. Ажлын байр бий болгохын тулд үйлдвэрлэл бий болгох, Эрдэнэтийн түүхий эдийн нөөц боломж дээр тулгуурлан үйлдвэрлэлүүдийг олноор байгуулах явдал юм. Үүний тулд эрх зүйн орчныг яаралтай өөрчлөх шаардлага тулгарч байна. Бид хот хөдөөгүй хэрүүл тэмцэл маргаан хийх бус богино хугацааны эрчимтэй хөгжлийн хөтөлбөр боловсруулж өрсөлдөнө” гэсэн юм.
АН-ынхан Орхон аймагт зөвлөлдөв
Орхон аймгийн Ардчилсан намын удирдах ажилтан, сонгуульт гишүүдийн зөвлөгөөн, сургалт өнгөрөгч амралтын өдрүүдэд Орхон аймагт болсон юм. Тус зөвлөгөөнд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Б.Болдбаатар нар оролцож Орхон аймгийн өнөөгийн байдал, Эрдэнэт хотын ирээдүйн хөгжлийн талаар болон УИХ‑ын сонгуулийн хуулийн талаар танилцууллаа.
Г.Дарь