Их Британийн хатан хаан угсаа залгамжилж, хаан ширээнд суусны 60 жилийн ой өнөөдөр тохиож байна. Хатан хаан II Элизабет Британийн ард иргэдэд талархлын мэндчилгээ дэвшүүлж, ард түмнийхээ төлөө бүх зүтгэлээ зориулна гэдгээ мэдэгджээ. Өдгөө 85 настай хатан хаан II Элизабет 1952 онд өөрийн эцэг VI Жорж хааныг таалал төгсөхөд хаан ширээг залгамжилсан билээ. II Элизабет Их Британийн хаан ширээнд хамгийн удаан буюу 63 жил ноёрхсон хатан хаан Викториягийн дараа хоёрдугаарт бичигджээ. Хатан хаан II Элизабетийн хаан ширээнд суусны 60 жилийн ойн өмнө хатан хаан, түүний нөхөр хунтайж Филипп нар баярын цахилгаан, мэндчилгээнд дарагдсан гэнэ. Хатан хааны угсаа залгамжилсны 60 жилийн ойд 2012 оны турш үндэсний хэмжээнд болон бүс,олон улсын олон арга хэмжээг зохион явуулах юм байна. Хатан хаан II Элизабетын угсаа залгамжилсны 60 жилийн ойг Их Британи, Канад, Ямайка, Белиз зэрэг орнуудэд тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд бүтэн жил үргэлжлэх олон үйл ажиллагаанд хатан хааны гэр бүлийн гишүүд хунтайж Уилльям, түүний эхнэр Кейт Миддлтон нар гол үүрэг гүйцэтгэх гэнэ. Хатан хааны нөхөр Эдинбургийн гүн, хунтайж Филипп ирэх гуравдугаар сараас долдугаар сарыг хүртэл Их Британийг тойрон аялах юм байна. Хатан хаан II Элизабетын угсаа залгамжилсны 60 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн жагсаал ирэх зургадугаар сарын 2-5 хооронд болох бөгөөд Темза мөрөнд 1,000 хөлөг онгоц ирж зогсох аж. Хатан хаан II Элизабет ирэх он жилүүд түүнд ард түмэндээ талархлаа илэрхийлж, ирээдүйг гэрэл гэгээтэй харж, саад бэрхшээлийг даван туулах цаг хугацаа олгоно гэдэгт итгэж байна гэж мэндчилгээндээ дурьджээ. Хатан хаан угсаа залгамжилсны 60 жилийн ойг угтаж, өнөөдөр хэд хэдэн цэцэрлэгээр зочилж, хүүхдүүдтэй уулзсан гэнэ.
Н.Энх