БНСУ-ын Урлагийн их сургуулиас Монгол хүүхдүүдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, хүүхэд багачуудад зориулсан урлагийн төслийг амжилттай хэрэгжүүллээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 5-ныг хүртэл Багахангай дүүргийн “Хангай” цогцолборт төслийг хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд хүүхдүүдэд сэтгэлгээг хөгжүүлэх сургалт зохион байгуулж, 8-11 насны хүүхдүүдийг хамруулсан байна. Сургалтад хүүхэд, багачуудын сайн мэддэг монгол үлгэрийг орчин үеийн зургийн хичээлээр тэдэнд ойлгуулж, монгол соёл, зан заншлыг ойлгоход нь тусалжээ. Сургалтад Монгол ардын үлгэр “Хөхөө намжил”, “Үнэг, чоно, зараа гурав”, “Өвгөн бар хоёр”, “Бэтгэлжин бор шувуу”, “Бух хар нохой ба бух хар шувуу” гэх үлгэрийг сонгон авсан байна.
Төслийн багийн бүрэлдэхүүнд Солонгосын талаас БНСУ-ын Урлагийн их сургуулийн дүрс бичлэгийн хүүхэлдэйн киноны магистрын ангийн оюутан Чу-Гүг-Инь, Пён жон А, Ким-Гу-инь Монгол улсаас БНСУ-ын Урлагийн их сургуулийн Солонгосын соёлын яамны тэтгэлэгээр суралцаж буй магистрын оюутан Б.Өлзийбуян, Э.Болорцэцэг, Б.Түвшинтөгс нар шалгаран ирсэн байна. Тэдний төслийг дэмжин Нийслэлийн соёл урлагийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн мэргэжилтэн М.Отгончимэгийн тусламжтайгаар орон нутгийн суруультай хамтран зохион байгуулжээ.
М.Урин