“Нарантуул” захыг хэсэгчлэн хааж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

“Нарантуул” захыг хэсэгчлэн хааж магадгүй

Нийслэлийн онцгой байдлын газраас өнөөдөр “Нарантуул” худалдааны төвд гал гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс цахилгааны аюулгүй байдал болон хийн зуухны ашиглалтын талаарх хяналт шалгалт хийлээ. “Нарантуул” худалдааны төвд олон зөрчил дутагдал гардагтай холбоотойгоор  дүүргийн болон онцгой байдлын газраас захын удирдлагуудыг дуудахад ирдэггүй гэнэ. Тиймээс тус захад хийсэн шалгалтыг үндэслэн нийслэлийн Онцгой байдлын газраас “Нарантуул” худалдааны төвийн үйл ажиллагааг хэсэгчлэн хаах буюу цаашилбал үйл ажиллагааг нь бүрмөсөн зогсоох хүртэлх арга хэмжээ авах болно гэдгээ өнөөдрийн шалгалтын үеэр мэдэгдлээ. 

Сар шинэ хаяанд ирсэн тул “Нарантуул” захаар үйлчлүүлэгчид мэдээж өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь тодорхой. Онцгой байдлын газраас ч энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж байгаа бөгөөд гол нь эрүүл ахуй, тог цахилгаан гээд үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж, алдаагаа засвал захын өдөр тутмын ажлыг зогсоох шаардлагагүй гэлээ.  Шалгалтын комиссынхны хамгийн ихээр анхаарал хандуулсан газар бол тус захад үйл ажиллагаа явуулдаг цайны газрууд юм. Тэрэн дундаа том, жижиг нийлсэн олон арван цайны газруудын тог цахилгаан, хийн зуухны хэрэглээ, аюулгүй байдал илүү анхаарал татаж байв. Ихэнх цайны газруудын цахилгаан ашиглалтын аюулгүй байдал болоод хийн зуухны хэрэглээ зэрэг нь шаардлага хангахгүй байгаа тухай албаныхан онцолж байлаа. Энэ үеэр илэрч байсан гол зөрчил бол цахилгаан залгуур буюу разетканы хаалтгүйгээр нэг утаснаас олон залгуур салаалж, цахилгаанд хэт ачаалал өгч байгаа явдал байв. Мөн агааржуулалтын системийн ашиглалт муу байдгаас их хэмжээний уур, утаа гардаг, тэр нь улмаар цахилгааны утсанд нөлөөлж, гал гарахад бэлэн нөхцөл байдалтай байдаг юм байна. Онцгой байдлын газрынхан иргэдээс тус захад хийн зуухнуудыг гар дээрээс худалддаг гэх мэдээлэл авсан гэх боловч өнөөдрийн байдлаар ийм төрлийн худалдаа эрхэлж байгаа хүнтэй тааралдсангүй.

Шалгалтын үеэр Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч  Д.Цогттөгөлдөрөөс “Нарантуул” захын цахилгаан ашиглалтын нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-“Нарантуул” захын цахилгааны аюулгүй байдалтай та сая газар дээр нь танилцлаа. Зөрчил хэр байна?

-“Нарантуул” захын удирдлагууд жил бүр цахилгаан ашиглалт, аюулгүй ажиллагааны  стандарт, нормыг даалгаж өгдөг. Гэтэл энэ шалгалтаас харахад тэр үүргийг дутуу биелүүлдэг нь харагдаж байна. Цахилгааны монтаж буруу байна. Тогны хүчдэлд олон разетка  залгаж байгаа нь маш аюултай нөхцөл байдал үүсгэж байна.  Цахилгаан утасны монтажууд дээр хоолны тос шөл асгарч, цахилгаан хэрэгсэлд богино холболт үүсч, гал гарах магадлал өндөр байна. Уг нь бол томоохон худалдааны төвүүдэд Аврах гарцыг чөлөөтэй байрлуулсан байх ёстой байдаг. Гэтэл энд аврах гарцыг хааж, бараагаа байрлуулсан байна. Энэ нь гамшиг гарсан тохиолдолд саад болдог.

-Одоо та бүхний зүгээс ямар арга хэмжээ авах вэ?

-Цахилгаан утас ашиглалтын шаардлагыг биелүүлэхийн тулд тухайн холбогдох удирдлагад нь албан шаардлага хүргүүлнэ. Ингэхдээ тодорхой шат шатны арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын галын аюулгүй байдлын тухай хуульд зааснаар хэсэгчлэн буюу бүр мөсөн үйл ажиллагааг нь цуцлах эрх  бидэнд байна. Ямар ч байсан яаралтай сануулга өгнө. Тэгээд дараа нь холбогдох арга хэмжээг авах болно.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж