Олон улсын бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Олон улсын бага хурал болно

“Хүнсний аюулгүй байдал: Олон улсын туршлага, Монголд хэрэгжүүлэх боломж, арга зам” сэдэвт олон улсын бага хурал 2 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдана. Уг хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Олон улсын санхүүгийн корпораци, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран зохион байгуулж байна.

Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг баталгаажуулах асуудал тулгамдсан зорилт болж байгаа энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнсний аюулгүй байдлын асуудлаарх энэхүү хуралд онцгой ач холбогдол өгч байна. Бага хурал хүнсний аюулгүй байдлыг хангах олон улсын туршлагыг хэлэлцэхээс гадна олон улсын стандартыг Монголд хэрэгжүүлэх арга зам, хүнсний аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэнэ.

Бага хуралд Монголын талаас УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ҮАБЗ, ЭМЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ, МХЕГ зэрэг төрийн болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцох юм. Мөн ОХУ, БНХАУ, Бүгд Найрамдах Литва Улс, ИБУИНВУ-ын хүнсний аюулгүй байдал эрхэлсэн байгууллагын удирдлага, шинжээчид болон ОУСК-ийн зөвлөхүүд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Европын холбоо, Дэлхийн банкны зарим төлөөлөгчид оролцож  илтгэл тавина.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж