Э.Мөнхбилэг өсвөрийн олимпийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Э.Мөнхбилэг өсвөрийн олимпийг шүүнэ

Ирэх наймдугаар сард Сингапурт болох хүүхдийн анхдугаар наадамд оролцох эрхийг одоогоор манай гурван тамирчин аваад байгаа бол нэг шүүгч тус олимпийн наадамд шүүгчээр ажиллах эрхтэй болсон юм.
Тодруулбал, ширээний теннисний спортын дэд мастер Э.Мөнхбилэг өсвөрийн анхдугаар олимпийн наадмын ширээний теннисний шүүгчдийн сонгон шалгаруулалтад оролцож, 80 гаруй орны 200 шүүгчээс шалгаран, “Сингапур-2010”наадмыг шүүн тунгаах есөн шүүгчийн нэг болсон юм. Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сараас энэ оны дөрөвдүгээр сарын хугацаанд үргэлжилсэн онлайн шалгалтад амжилттай оролцсоноор дээрх эрхийн эзэн болжээ.
Өсвөрийн олимпийн ширээний теннисний тэмцээнийг шүүхээр Азиас хоёр шүүгч /Монгол, Малайз/ шалгалтад тэнцсэн бол Европ тивээс дөрөв, Африкаас нэг, Америкаас хоёр шүүгч сонгогдсон байна. Э.Мөнхбилэг уг шалгаруултад тэнцсэнээр монголоос анх удаа ширээний теннисний олон улсын шүүгчийн зэрэглэлтэй болж байгаа юм. Одоо харин Э.Мөнхбилэгт тулгараад байгаа нэг асуудал бий. Учир нь Олон улсын ширээний теннисний холбоо манай шүүгчийг наймдугаар сард болох өсвөрийн олимпийн наадмаас өмнө олон улсын тэмцээнд шүүгчээр ажилласан байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа бөгөөд хэрэв түүнд спортод элэгтэй байгууллага, хамт олон туслалцаа үзүүлбэл, энэ сард Испанийн Барселона хотод болох “ITTF Global Junior Circuit”тэмцээнд шүүгчээр ажиллаж, олон улсын эрхээ баталгаажуулах боломжтой ажээ. Сонирхуулахад, Э.Мөнхбилэг нь ширээний теннисийн спортын дэд мастер цолтой бөгөөд дасгалжуулагч Б.Цэрэнтогтохтой хамтран ширээний теннисний “Шинэ эргэлт” клубыг байгуулсан байна. Түүнчлэн АНУ-д хоёр жил амьдрах хугацаандаа тус улсын Ширээний теннисний холбоотой хамтран ажиллах холбоо тогтоогоод байгаа аж.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж