Европт хүйтний эрч чангарч буй энэ үед хэд хэдэн оронд ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлт багасчээ. Европын холбооны эрчим хүчний газрын төлөөлөгчийн мэдэгдсэнээр ОХУ-д байгалийн хийн эрэлт нэмэгдсэнээс Европын найман оронд байгалийн хийн нийлүүлэлт буурч байгаа гэнэ. Хэдийгээр нөхцөл байдал ноцтой биш боловч дээрх асуудал анхаарлын төвд оржээ. Зүүн Европын ихэнх орнуудад агаарын хэм -35C хүрснээс болж олон хүн осгож амиа алджээ. Өвөл нь чийглэг сэрүүвтэр болдог Итали, Франц, Их Британид тэсгим хүйтэн өвөл болж байгаа нь аюулын харанга дэлдээд байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд дээрх орнуудад цас ихээр орсон нь зам тээвэрт саад учруулж эхэлжээ. Европын холбооны эрчим хүчний газрын төлөөлөгчийн мэдэгдсэнээр Польш, Словак, Австри, Унгар, Болгар, Румын, Грек, Итали зэрэг орнуудад байгалийн хийн нийлүүлэлт эрс буурчээ. Хэдийгээр нөхцөл байдал тийм ноцтой болоогүй ч Украйнаар дамжиж очдог ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлт буурсан нь 2009 оны хямрал давтагдаж болзошгүй гэдэг айдас бий болгосон гэнэ. 2009 онд Мосвка, Киевийн харилцаа хурцадсанаас болж Европт байгалийн хийн нийлүүлэлт хоёр долоо хоног тасалдсан юм. Болгар, Серби, Босни зэрэг улсууд Украйнаар дамждаг ОХУ-ын байгалийн хийгээс бүрэн хамааралтай билээ. ОХУ-ын байгалийн хийн монополь “Газфром” компанийн төлөөлөгч Сергей Комлев “Бид байгалийн хийн нийлүүлэлтийг тасалдуулахгүйг хичээн чадах чинээгээр нийлүүлж байгаа” гэж мэдэгдсэн байна. Европт урьд хожид үзэгдээгүй хахир хатуу өвөл болж байгаагаас Украйнд л гэхэд орон гэргүй 100 гаруй хүн осгож үхсэн тухай мэдээ иржээ. Дээрх явдлаас болж Украйны эрх баригчид орон гэргүй хүмүүсийг хооллож, дулаацуулах 3000 гаруй түр хоргодох газар барих шийдвэр гаргасан гэнэ. Мөн эмнэлгээс орон гэргүй өвчтөнүүдийг гаргахгүй байхаар болсон байна. Польшийн Дотоод хэргийн сайдын мэдэгдсэнээр өнгөрсөн баасан гаригаас хойш найман хүн осгож үхжээ. Мөн хоёр хүн нүүрс түлж байгаад угаартаж нас барсан байна. Ромд цас орох нь ховор үзэгдэл боловч Венецийн суваг, Төв Европ дахь Дунай мөрөн хөлдсөн гэнэ. Румынд тэсгим хүйтнээс болж хэдэн зуун сургуулийг хаасан байна.
Н.Энх