Талийгаач Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг нэгэн байсан аж. Тэрээр барилга дээр ажил хийж байхдаа манаачийг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан мөрдөн байцаалтын ажиллагаанаас зайлсхийсэн гэх хэрэгт буруутгагдаж Хан-Уул дүүргийн шүүхээс өнгөрсөн оны долдугаар сард таван жил, нэг сар хорих ялаар шийтгүүлжээ. Улмаар Амгалан дахь 421 дүгээр ангид хуваарилагдаад удаагүй байхдаа өөрийгөө боомилж нас барсан байна. Тухайн үед болсон явдлын талаар эргэн сануулбал, Гүнтийн зуслан буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн гэрийн ойролцоох хос хаусын барилга дээр арав гаруй хоригдол ажиллаж байжээ. Тэдний нэг болох Х.Цэнд-Аюуш харгалзагчаасаа “Гэртээ хариад ирье” гээд явсан ч хугацаандаа ирж амжилгүй маргааш нь ирсэн байна. Улмаар хоригдлыг оргон зайлсан хэмээн сахилгын өрөөнд оруулж шийтгэсэн гэнэ. Энэ талаар тухайн үед нийслэлийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбатаас тодруулахад “Ялтан Ц гадуур ажил хийж байхдаа буюу 2011 оны есдүгээр сарын 26-нд бусадтай нийлж архи уусан. Тиймээс хорих ангийн даргын тушаалаар есдүгээр сарын 30-нд сахилгын байранд 30 хоног байх шийтгэл ногдуулсан байгаа юм. Тэр шөнө хорих ангийн ажилтнууд шалгахад унтаж байсан. Харин өглөө 08.00 цагийн үед шалгахад гудасныхаа даавуугаар өөрийгөө боомилс байхыг олсон. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Хоригдол юунаас болж амиа хорлосон болоод тухайн өдөр гарч байсан харуул хамгаалалтын бие бүрэлдэхүүн хэрхэн хяналт тавьсныг шалгаж байгаа. Ер нь тухайн үед харуул хамгаалалт сул байснаас хэрэг гарсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ШШГЕГ-аас тус хорих ангид дотоод хяналт шалгалт хийж байгаа. Хариуцлага алдсан бол зохих шийтгэл ногдуулна. Мөн ажил хийж байхдаа бусадтай архи уух нөхцлийг бүрдүүлсэн, хараа хяналт сул тавьсан ажилтнуудад ч хариуцлага тооцно” гэх хариулт өгч байв. Гэтэл дөрвөн сар гаруй хугацаа өнгөрчихөөд байхад хэнийг ч сэжигтнээр татаагүй, хариуцлага алдсан хорих ангийн алба хаагчдад хариуцлага тооцсон эсэх нь тодорхойгүй байна. Энэ талаар прокурор, ШШГЕГ-аас тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байв.
Хоригдол унаж нас барсан хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ
ХЗДХЯ-наас бариулж байсан орон сууцны барилга дээрээс хоригдол Энхтөр наймдугаар давхраас унаж нас барсан хэрэг өнгөрсөн оны тавдугаар сарын 18-нд гарсан. Уг хэрэгт холбогдуулан Хөдөлмөр хамгааллын инженер н.Наянбаатарыг эрүүгийн хуулийн 138.2-т зааснаар хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэх үндэслэлээр шалгаад Баянзүрх дүүргийн прокурорын хяналтад шилжүүлсэн байна. Прокурор хэргийг хянаад зарим зүйлийг нэмж шалгах шаардлагатай хэмээн өнгөрөгч долоо хоногт мөрдөн байцаалтад буцаажээ. Хэрэв Хөдөлмөр хамгааллын инженерийн гэм буруутай нь тогтоогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Тухайн үед барилга дээр 90 гаруй хоригдол ажиллаж байсан аж. Талийгаач ШШГЕГ-ын харьяа 421 дүгээр хорих ангид танхайн хэргээр ял эдэлж байжээ.