Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д хийж буй төрийн айлчлалаа дуусган, өнөө шөнөдөө Улаанбаатарт ирэх бололтой. Хэдийгээр тэрбээр Монголд ирж амжаагүй байгаа ч өнөөдөр тохиож буй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан хилийн чанадаас хэвлэл, мэдээллийн байгууллагынханд хандан мэндчилгээ илгээсэн байна.

Мэндчилгээнд:

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, ажилчид Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Хүмүүний эрх чөлөөний үндсийн үндэс болох үзэл бодлоо илэрхийлэх хэвлэлийн эрх чөлөөгөөр бахархах, энэхүү эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо улам хүчтэй нэгтгэх бололцоог энэ өдөр бидэнд олгодог билээ. Ардчиллын үнэт зүйл болсон чөлөөт хэвлэл Монгол оронд хөгжиж, хүн бүр үзэл бодлоо хэнээс ч хараат бишээр илэрхийлдэг оюун санааны шинэ эринийг авчирсан чөлөөт хэвлэл өөрөө хүнд бэрхшээлтэй замыг туулж төлөвшиж байгаа билээ. Дэлхий нийтийг хамарсан даяаршлын нөлөө, мэдээ, мэдээллийн хүчтэй давалгаа, технологийн үсрэнгүй хөгжил зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр энэ салбарын үйл ажиллагаа хэт хурдацтай өсч байгаагаас 1998 онд батлагдсан Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль салбарынхаа тулгамдаж буй асуудлыг зарчмын хувьд хангалттай зохицуулж чадахгүйд хүрээд байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие анхаарлаа хандуулж хуулийг шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
Хүчтэй, бие даасан, олон ургальч үзэл санаанд тулгуурласан, аль аль талыг хамарсан, тэнцвэртэй редакцийн хувьд бие даасан, аливаа цензур хийгээд эздийнхээ нөлөө, сонирхлоос ангид зөвхөн тийм хэвлэл мэдээлэл л жинхэнэ чөлөөт хэвлэлийн мөн чанарыг бодитойгоор төлөвшүүлнэ. Чөлөөт хэвлэлийн дэлхий нийтийн чиг хандлага ч ийм байна. Олон нийт үзэл бодлоо илэрхийлэх нээлттэй индэр, үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй түгээх, улмаар үзэгч, сонсогч, уншигчдын оюуны хэрэгцээг хангах, соён гэгээрүүлэх, иргэдээс төр засгийн үйл ажиллагаанд тавих шударга хяналтыг хэрэгжүүлэх чухал хэрэгсэл болоход улам бүр үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Өнөө цагийн хөндлөнгийн шүүх хэмээн үнэлэгдэж байгаагийн хувиар хэвлэл мэдээлэл нь нийгмийн бүхий л бүлэг, хэсэг чөлөөтэй мэтгэлцэх, нээлттэй талбар нь байж тэдний харилцааг зоригжуулан дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж чадах юм.
Аливаа дарамтгүй, намчирхаж улс төрждөггүй тэнцвэртэй мэдээлэлтэй, чигч шударга, үнэн бодитой, ёс зүйтэй чөлөөт хэвлэл хөгжин дэлгэрэх болтугай” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж