Хүн буудсан А.Бат-ялалт ММСС-гийн туслах компанид ажилладаг байжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Хүн буудсан А.Бат-ялалт ММСС-гийн туслах компанид ажилладаг байжээ

Налайх дүүргийн II хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны салбарт өнгөрсөн баасан гаригийн 10:20 цагт буун дуу гарч, нэг хүн амиа алдаж, нэг хүн хүндээр бэртсэн онц ноцтой хэрэг гарлаа. Хэрэг гарсан даруйд манай сонины сурвалжлах хэсэг Налайхад 12.50 цагт очсон юм. Биднийг очиход тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд хэргийн газрыг хамгаалалтад авч, улаан тууз татсан байсан бөгөөд шинжээчдийн баг хэргийн газарт үзлэг хийж байв. Энэ аймшигт хэрэг гарах үед тус банкаар үйлчлүүлж байсан иргэн Б.Насантай уулзан эхний мэдээллийг авлаа. Тэрбээр “Би банкнаас зээл авах гээд зогсож байсан. Гэтэл ойролцоогоор 11:10 цагийн үед банкны хоёрдугаар давхарт буун дуу гарч хүн хашгирах чимээ гарсан. Удалгүй хамгаалалтын албаны залуу дээш гарч биднийг заалнаас хурдан гарахыг шаардсан. Ямар ч байсан нэг удаа буудах чимээ сонсогдсон. Удаагүй түргэн тусламжийн машин ирж эмэгтэй, эрэгтэй хоёр хүнийг эмнэлэг рүү аваад явсан. Буудуулсан хүмүүс амьд эсэхийг хэлж мэдэхгүй байна” гэсэн юм. Ингээд 13:20 цагийн үед дүүргийн эмнэлэг дээр очиход шархадсан өвчтөн яаралтай мэс засалд орсон байлаа.

ГАРТАА ШАРХ АВСАН ХҮНД ОЁДОЛ ТАВИАД ГЭРТ НЬ ГАРГАСАН

Суманд өртөж шархадсан өвчтөний биеийн байдлын талаар тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Б.Өлзийсайханаас тодруулсан юм.

-Суманд өртсөнн хэдэн өвчтөн ирсэн юм бэ. Биеийн байдал нь ямар байна вэ?

-Өглөө 11 цагийн үед “ХААН банкинд хоёр хүн буудууллаа” гэсэн дуудлага манай төвд ирсэн. Дуудлагын дагуу хэргийн газарт очиж, хохирогчдод анхны тусламж үзүүлэн, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт авч ирлээ.

-Хохирогчдын биеийн байдал ямар байна вэ?

-Одоогоор хэвлийн тус газраа буудуулсан эрэгтэйн бие хүнд байна. Бууны сум хэвлийг нь нэвт гарсан тул цус их алдаж байна. Бид Эрүүл мэндийн яаманд дуудлага өгч яаралтай үед ашигладаг Алсын түргэн тусламжийн багийг дуудсан. Энэ багт багтсан нарийн мэргэжлийн дөрвөн эмч ирж, одоо мэс ажилбар хийж байгаа. Хагалгаа хэдэн цаг үргэлжлэх болон хагалгааны дараа ямар үр дүн, хүндрэл гарах эсэхийг одоогоор хэлэх боломжгүй.

-Шархадсан эмэгтэйн бие ямар байгаа вэ?

-Гартаа хөнгөн гэмтэл авсан, биеийн байдал нь харьцангүй гайгүй. Гэхдээ шоконд орсон байдалтай байна. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, гарт нь боолт хийн, оёдол тавиад эмнэлгээс гаргасан.

Эмч ийм мэдээлэл өглөө. Бүтэн зургаан цаг үргэлжилсэн хагалгааны дараа Б.Өлзийсайхан эмчтэй дахин уулзаж өвчтөний биеийн байдлыг асуухад “Хагалгаа амжилттай болж дууслаа. Хагалгаа хийхэд үед хүндрэлтэй байсан. Учир нь сум хэвлийгээр нь нэвт гарсан тул бие нь их хүнд байна. Бусад эд эрхтэндээ нөлөөлж байгаа учир өрөөсөн бөөрийг нь авсан. Бид бололцоотой бүх арга хэмжээг авч байна. Нарийн мэргэжлийн таван эмч ажиллаж байна. Хагалгааны дараа өвчтнийг хот руу авч явах боломжгүй. Маргааш эмч нарын баг хуралдаж байж асуудлыг шийднэ” гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн юм. Хагалгаа 18:10 цагт дууссан юм. Харамсалтай нь мэс засал дууссанаас хойш цаг гаруйн дараа буюу 19:25 цагт хохирогч амьсгал хураажээ.

Д.ЭНХБАЯР: УРЬДААС БЭЛТГЭЖ УГ ХЭРГИЙГ ҮЙЛДСЭНИЙГ УРЬДЧИЛАН ТОГТООСОН

Налайх дүүргийн Цагдаагийн хэлт­сийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Энхбаяраас дараах мэдээллийг авсан юм.

-Энэ хэргийг ямар хүн үйлдсэн бэ?

-Нийслэлийн Сонгинохайрхан дүүр­гийн харьяат 26 настай Б гэх эрэгтэй урьдаас бэлтгэсэн байдлаар уг хэргийг үйлдсэнийг урьдчилан тогтоогоод байна. Сэжигтэн Б дээрмийн ажил­лагаагаа ХААН банкны Налайх дахь салбарыг сонгож улмаар хоёр хүн буудаж, хэргийн газраас зугтсан. Тэрбээр “Нарантуул” захаас Налайх руу такси хөлсөлж ирсэн байсан. Банк дээрэмдэх зорилготой байсан ч мөнгө авч чадаагүй. Мөн хотоос авч ирсэн таксигаа барьцаалан жолоочийг бас сүрдүүлсэн байсан. Гэмт хэрэгтэн Чех улсад үйлдвэрлэсэн ангийн зориулал­тын карбин буу авч явсан.

-Гэмт этгээдийг хаанаас барив­чилсан бэ?

-Сэжигтэн Б-г Баянзүрх дүүргийн XI хороо буюу Төмөр замын нүхэн гарцын орчмоос баривчилсан. Сэжигтний хэргийн газраас зугтаж явахдаа нуусан бууг манай бие бүрэлдэхүүн шуурхай ажилласны үр дүнд олсон. Одоогоор үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.

ГЭМТ ХЭРЭГТЭН ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХАРЬЯАТ Э-ТЭЙ ЭНЭ ХЭРГИЙГ ХАМТРАН ҮЙЛДСЭН БОЛОЛТОЙ


Бидэнд олдсон мэдээллээр эл хэргийг үйлдсэн А.Бат-Ялалт нь 26 настай, 2008 онд ХААИС-ийг механик инженерийн мэргэжлээр төгссөн, гэр бүлтэй хоёр хүүхдийн хамт амьдардаг аж. Зарим эх сурвалж түүнийг тодорхой эрхэлсэн ажилгүй гэж байгаа ч тэрбээр Монголын Мянганы сорилтын сангийн туслах компанид нийгмийн ажилтан байсан гэж байна. Тэрбээр өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй ажээ. Эх сурвалжийн өгүүлснээр гэмт этгээд энэ хэргийг үйлдэхээр урьдаас бэлтгэн Чех улсад үйлдвэрлэсэн 7.64 мм-ийн карбин бууг бусдаас худалдан авч, хэлбэр дүрсийг нь өөрчилсөн. Мөн энэ хэргийг хамтран үйлдэхээр Дархан-Уул аймгийн харьяат Улаанбаатар хотод түр оршин суух Э-тэй үгсэн хуйвалдсан. Ингэхдээ шунахайн сэдэлтэй байсан болохыг тогтоосон гэж буй юм.

Харин хохирогч болох тус банкны салбарын захирал Д.Туяагийн өрөө рүү түүний гэр бүлийн хүн Б.Батбаатарыг орох үед гэмт этгээд буудсан бөгөөд мөн үйлчилгээний танхимд үйлчүүлж байсан Г.Амаржаргалын эрхий хуруунд нь буудаж гэмтээжээ. Тэрбээр энэ хэргийг үйлдсэн даруйдаа ногоон өнгийн Аксент маркийн 50-45 УБС улсын дугаартай машинаар зугтаасныг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шуурхай эрэн сурвалжилж Баянзүрх дүүргийн ХI хороо “Ургах наран” хорооллын орчимд явж байхад нь 11:50 цагт саатуулж баривчилсан байна. Мөн зарим эх сурвалжийн мэдээллээр гэмт этгээд банкны салбарын хамгаалалтаар нэвтрэхдээ “Би сурвалжлагч байна. Мэдээ авъя” гэж орсон гэж буй юм.

Гэмт этгээд Б-г Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс 19:40 цагийн үед Улсын мөрдөн байцаах газарт авчирсан. Түүний хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаж буй бөгөөд мөрдөн байцаалтын явцад өгсөн анхны мэдүүлэгтээ “Уг хэргээ үйлдэхээр урьдаас төлөвлөж, Налайх руу такси хөлсөлж явсан. Хэрэг гарахаас нэг өдрийн өмнө буугаа бэлтгэсэн” хэмээн хэргээ хүлээгээд байгаа аж.

Р.САРУУЛТӨГС

Б.ДАВАА

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж