Мөн тэрбээр “УИХ-ын намрын чуулган хэзээ мөдгүй завсарлах гэж байна гэдэг цаг хугацааны шахалтаар түрий барьж хууль зөрчиж болохгүй. Хэрвээ Засгийн газарт зарим эрх олгох тухай хуулийн төслийг УИХ хэлэлцээд баталчих юм бол жил бүр улсын нэгдсэн төсвийг батлахын хэрэг байхгүй. Нөгөө талдаа энэ нь маш муу жишгийг тогтоох болж буй. Төсвийн орлого, зарлага бүх зүйлийг уялдуулах ёстой, одоогийн өргөн барьсан төсөлд тэр талын заалт огт байхгүй гэлээ. Цалин, тэтгэврийг хоёрдугаар сарын 1-нд нэмэхэд 172 тэрбум төгрөг шаардлагатай гэж Засгийн газар үзэн, үүнийг зөвхөн төсөвт тодотгол хийхгүйгээр шийдээд явах бололцоотой гэж үзэн, Засгийн газарт зарим эрх олгох тухай төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д төслийг өргөн мэдүүлсэн ч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд эсрэг санал өгөөд байна. Тиймээс асуудал үүсч мэдэх талтай боллоо.
Тэгвэл бүлгээс хойшлуулах санал гаргасан хоёр дахь төсөл нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл аж. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн З.Энхболд нараас Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулан Засгийн газраас санал авахаар болж оруулсан ч одоогоор хариу өгөөгүй байгаа аж. Тиймээс Засгийн газар энэ долоо хоногийн лхагва гаригт хуралдаад төслийг авч хэлэлцэн саналаа ирүүлэх ёстой. Тэр болтол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн төслийг хойшлуулах шийдвэрт хүрчээ.
Ер нь тус бүлгийн хувьд УИХ-ын болоод Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна. Хэрвээ УИХ дахь МАН-ын бүлэг олонхиороо түрий барьж орон нутгийн сонгуулийг намар явуулна гэвэл энэ төрлийн төсөл дээр УИХ дах Ардчилсан намын бүлэг завсарлага авна гэдгээ бүлгийн дарга мэдэгдлээ.
Гурав дахь нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлж, томилохтой холбоотой асуудал байсан ч мөн л түр хугацаагаар хойшуулах шийдвэр гаргажээ. Учир нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид нь улстөрөөс хэтэрхий хамааралтай гэнэ. Тухайлбал, нэр дэвшээд буй 17 хүнийг зах зухаас нь нэрлэбэл Ш.Батбаяр хуучин сайд, Н.Жанцанноров хуучин УИХ-ын гишүүн байсан бол Л.Эрдэнэчулуун нь Гадаад харилцааны сайд байсан. Л.Одончимэд УИХ-ын гишүүн байсан, Л.Нямдаваа, УИХ-ын гишүүн, сайд байсан. Харин Л.Энхтайван дэд сайд байсан гээд ихэнх нь улстөрчид байгаа тул нам, улстөртэй холбогдож байгаагүй хүмүүсийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох ёстой гэж үзэж, хуулийн энэхүү зарчим хэрэгжтэл түр хугацаагаар хойшлуулахаар бүлэг нэгджээ. Тиймээс төрийн бус байгууллагуудад хандан хуулийн дагуу нэр дэвшигчдийг оруулж ирэхийг хүслээ. Гэхдээ одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Засгийн газраас нэр дэвшүүлсэн болон Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн нийт дөрвөн хүнийг УИХ хэлэлцээд явахад асуудалгүй гэж үзсэн юм байна.
Түүнчлэн УИХ-ын төвшинд гурван дэд хороо байгуулж ажиллахыг мөн зөвшөөрчээ. Энэ нь Сонгогчдын бүртгэл хариуцсан дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн З.Энхболдыг томилохоор нэр дэвшүүлсэн байна. Харин өргөдөл гомдлын дэд хороо, утаатай тэмцэх дэд хороог УИХ дахь МАН-ын бүлэг хариуцна гэж үзэж байна.