Магсарынх Ууганбаяр, Мөнхбаяр, Отгонбаяр гэсэн гурван хүүтэй. Хүүхдүүд бүгд том залуу болсон ч гэр бүлтэй болсон нь үгүй. Бага хүү Отгонбаяр эхнэр авах хүсэлтээ илэрхийлснийхээ хариуд ааваасаа алганы амт авсан юм. Аав нь түүнд хоёр ах нь гэрлэсний дараа эхнэр авах тухай ярьж болохыг хатуу сануулсан нь тэр. Отгонбаярын хувьд үүнийг хүлээнэ гэдэг бүтэшгүй зүйл байв. Ялангуяа ажил-гэр гэсээр хүнтэй ч танилцахгүй шинжтэй том ах Ууганбаяр нь түүний санааг түгшээдэг. Ингээд хоёр дүү нь ахдаа эхнэр хайж эхэлснээр кино өрнөдөг юм.
Тэр хоёр уйгагүй явж, Улаанбаатарыг самнасны эцэст санаандгүй байдлаар эрсэн хүнээ олдог. Ингээд тэр бүсгүйг ахтайгаа танилцуулах гэж жигтэйхэн хөглөнө. Бүсгүйн цүнхийг хүнээр авч зугтаалгаж, түүнийг нь ахаараа авчруулах гэх мэтээр зүйл бүрийн арга сэдэх нь тун ч хөгжилтэй. Энэ мэтчилэн олон янзын төлөвлөгөө, элэг хөшөөм үйл явдалтай. Уншигч та өөрөө үзвэл сонирхолтой байх биз ээ.
Кино инээдмийнх ч гэсэн цаад утга санаа нь өнөөгийн нийгэмд тулгараад буй бодит зүйлийг өгүүлжээ. Та энэ киног үзсэнээр залуус яагаад орой гэрлэх болсон, цаашилбал эцэг эх нь хүүхдийнхээ амьдралд хөндлөнгөөс оролцоод байвал юунд хүргэж болох вэ гэдгийг ч хэлж байв. Мөн залууст хайр сэтгэл, гэр бүлийг бий болгохын тулд хэрхэн тэмцэж болдгийг харуулахыг зорьжээ. Зөвхөн хувь тавиландаа бүхнийг даатгаж, аз жаргал ирэхийг хүлээж суудаг хүмүүс бий. Харин зорилго тавиад зүтгэвэл хувь тавиланг хүн өөрийнхөө хүслээр удирдаж болдог юм шүү гэдгийг ч хэлэхийг зорьжээ.
Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Б.Батзаяа (“Зөрлөг”, “Сонголт” киноны гол дүрийг бүтээсэн) том, залуу жүжигчин Б.Энхбаяр (“Тэнгэрийн ивээл” киноны гол дүрийг бүтээсэн) дунд, Ж.Мөнгөнсүх (“Хайрын эрэлд” олон ангит кинонд тоглосон) бага хүүгийн дүрийг чадварлаг бүтээжээ. Ахын эхнэрт залуу жүжигчин С.Болорбайгаль чадварлаг тоглож, үзэгчдээс өндөр үнэлгээ авна билээ. Түүнчлэн Монгол Улсын ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Г.Урнаа, Г.Эрдэнэбат (дуучин), соёлын тэргүүний ажилтан С.Эрдэнэчимэг нарын чадварлаг жүжиглэлт киног шууд өргөж байгаа харагдана билээ. “Миний ахын эхнэр” орчин үеийн монгол кинонууд дунд хүндтэй байр суурь эзлэх биз ээ.
“Өдрийн шуудан” сонин