-Удаан хугацаанд яригдсан төсөл хэрэгжиж эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. Оролцох залуусыг хараад ямар сэтгэгдэл төрж байна даа?
-Эдгээр залуусыг харахад маш их эрч хүч мэдрэгдлээ. Ийм л залуус хамтлаг болвол Монголын рок попын чиг хандлага улам тодорно.
-Та нар хамтлаг байгуулж байсан үеэ дурсав уу?
-Яг тийм. Зөвхөн уран бүтээл хийнэ гэсэн эрмэлзлэлээр урлагт хөл тавьсан болохоор энэ залуусыг хараад өөрийн эрхгүй тэр үеэ саналаа.
-Эхний шатны зураг авалт хаана болох вэ?
-Хотын төвийн аль нэг барилга дээр болно. Одоогоор “Сентрал тауэр”, “Влү скай” зэрэг дөрвөн барилга сонгоод байна. Ирэх лхагва гаригт бүр тодорхой болно.
-Сүүлийн үед залуус аливаа зүйлд шантрах нь амархан, уран бүтээл хөөсөн ч түүндээ тууштай хандахаа больсон гэх шүүмжлэл байгаа. Та нарын сонгох залуус танай хамтлаг шиг сайн уран бүтээл хийж, та нар шиг байж чадах болов уу?
-Чадах байх аа. Манай монголчууд ямар ч зүйлд дасан зохицох чадвартай шүү дээ. Хамгийн том бэрхшээл нь амжилтдаа толгой нь эргэх. Бид залуус үүнд л дийлдэх вий гэж айж байна.
-Зохион байгуулагчдын зүгээс хамтлаг болох залууст тохирох дуу, клип хийнэ. Тэд анхнаасаа бүх зүйлийг бэлтгүүлснээр бэрхшээл үзэхгүй нь бололтой. Иймээс хамтлаг боллоо ч, учрах түмэн бэрхшээлээс шантрах вий дээ?
-Эхний хугацаанд бид чадах бүхнээрээ тусална. Харин хамтлаг болоод гараад ирэхэд нь “Та нар өөрсдөө үйл лайгаа үүрээд яваарай” гэж хэлнэ. Үнэхээр л уран бүтээлч болох хүсэлтэй бол болохгүй зүйлийг ч болгохын төлөө зүтгэх байх. Бид ч тэгж ирсэн. Хүслийг нь бид олон шалгуураар дүгнэх болохоор хамгийн сайн гэсэн оролцогчдыг сонгож чадах байх. Хамгийн гол нь тэд бидэнд өөрийгөө 100-гаас илүү хувь харуулаасай гэж хүсч байна.
-Та өмнө нь уран бүтээлч төрүүлэх олон реалити шоу үзсэн байх. Тэднээс өнөөдөр сайн гэж нэрлэгдэх дуучид алга. Эдгээр залуус та нарын олон сарын хөдөлмөрийг нураачих вий гэсэн айдас төрж байна уу?
-Харин тийм ээ. Өнөөдөр дуучдаас гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, хамтлагаас “Хурд”, “Харанга”, “Номин талст” бас манайхыг хүмүүс сайн уран бүтээл хийж байна гэдэг. Сүүлд гарч байгаа хамтлагуудыг нэг их ойшоохгүй байна. Яагаад гэхээр уран бүтээлд эргэлт буцалтгүй, зүрх сэтгэлээ 100 хувь зориулсан хүмүүс л энэ хэмжээнд яваа юм. Түүнээс биш чөлөөт цагаараа нэг студид дуулж, түүнийгээ телевиз, FM-д өгч, дуртай үедээ захиалж сонсдог зүйл биш. Бидний сонгох залуус ийм ахархан бодолтой биш байгаасай. Мөн урмыг минь хугалахгүй байх гэж найдаж байна. Ивээн тэтгэгч байгууллагууд маань ч ямар хамтлаг гарахыг нь мэдэхгүй хэрнээ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.
-Хамтлаг болох залууст зориулж, дуу зохиож эхэлж байгаа гэсэн. Хоолойны ямар тембртэйг нь мэдээгүй хэрнээ урьдчилаад хийж болдог юм уу?
-Эрэгтэй хүний хоолой олон янз байдаггүй болохоор боломжтой. Харин хэн аль өнгөнд сайн дуулж чадах нь вэ гэдгээсээ шалтгаалж дууныхаа сонголтыг хийдэг.
-Сүүлийн шатанд шалгарсан 16 залуу буюу дөрвөн хамтлаг орон нутгаар тоглолт хийнэ гэсэн. Очих аймгаа сонгосон уу?
-Үүнийг нууцалчихъя. Одоо хэлчихвэл тэд тухайн аймагтайгаа ярьчихна шүү дээ. Энэ бол тэднээс авч байгаа бидний шалгалт. Бид тэднийг тухайн аймагт өөрсдийнхөө хөдөлмөрөөр бие даасан анхны тоглолтоо хий гэж байгаа юм. Тэд хэчнээн хүн цуглуулж, яаж тоглох вэ гэдэг өөрсдөөс нь шалтгаална. Бид анхны тоглолтоо Баян-Өлгий аймагт хийхэд 20 гаруй хүн л соёлын төвдөө цугласан. Тэгэхээр нь бид “Ийм цөөхөн хүнд тоглоод яах вэ, буцъя” гэж байлаа. Гэтэл Д.Болд “Яах юм бэ. Тоглоно гээд ирсэн юм чинь цөөхөн хүн байсан ч хамаагүй. Харин хэдүүлээ тоглолт биш, бэлтгэл гэж бодох хэрэгтэй” гэсэн. Тэр тоглолт бидэнд одоо болтол сайхан санагддаг. Нэлээд хэдэн жилийн дараа “UB Palase”-т хийснээс ч илүү.
-Таны хувийн амьдралын талаар ярих уу. Уран бүтээлээсээ хөндийрөөд байна уу даа?
-“Mi Amore” цомгоо 2005 онд гаргаснаас хойш дорвитой уран бүтээл хийгээгүй нь үнэн. Гэхдээ хүмүүс зөвхөн минийхийг биш “Камертон” хамтлагийн уран бүтээлийг хүсч байгаа. Тиймээс бид шинэ цомог гаргахаар ажиллаж байна. Тэгээд гаргаж ирэх хамтлагтайгаа өрсөлдөөд уран бүтээлээ хийгээд явна даа.
-Бизнесийн хувьд ганзага дүүрэн байгаа биз дээ?
-Дүүрэн. Гэхдээ би сүйдтэй бизнес эрхлэхгүй байгаа. Өрх тэргүүлж яваа болохоор амьдралаа өөдтэй авч явах гэж хичээж л явна.
-Таныг цагаан сараар төрсөн болохоор Мэнд-Амар гэдэг нэртэй болсныг тань хүмүүс мэдэх байх. Удахгүй сар шинэ болох гэж байна. Хэрхэн баярладаг вэ?
-Айлууд яаж шинэлдэг вэ, түүн шиг л шинэлнэ. Ээж маань дөрвөн охин, дөрвөн хүү төрүүлсэн. Бид Эрдэнэтэд ээж, эмээгийндээ цуглаж буузаа идэж өнгөрүүлдэг дээ.
-Та цагаан хоолтон биз дээ. Бууз иддэг юм уу?
-Надад зориулж ногоотой бууз хийдэг юм. Гэхдээ би чинь хагас цагаан хоолтон шүү дээ. Өмнө нь цагаан сар, төрсөн өдөр хоёр зэрэг болдог байхад бүр гоё байлаа. Харин энэ жил төрсөн өдрөө дангаар нь тэмдэглээд цагаан сартайгаа золгоно.
-Ер нь та хэзээнээс цагаан хоолтон болсон бэ?
-Аав маань Сүхбаатар аймгийн хүн. Аавын нутгийнхан зун болохоор цагаан хоол их иддэг. Хонио ч их саана. Аав сүүтэй гурилтай шөл сайхан хийдэг байсан юм. Би их дуртай. Тэр мөчөөс л цагаан хоолтой болсон доо.
-Би таныг хотод төрж өссөн гэж боддог байсан шүү?
-Уг нь хотод өссөн л дөө. Аав, ээж маань хүүхдүүдээ хөдөө их дагуулж явдаг байсан. Зуны амралтаар хөдөө явна. Тиймээс хөдөөний амьдрал сайн мэднэ. Хурдны морь ч унадаг байлаа. Мөч урттай болохоор цөөхөн жил унаад хасагдсан. Харин сунгаанд бол олон удаа уралдсан. Бас тараг бүрж, айраг исгэж чадна.
-Тэгвэл муухан малчнаас дээр юм байна шүү дээ?
-Баярлалаа.
-Та загас тэжээдэг хэвээрээ юү?
-Хэвээрээ. Олон загастай болсон шүү. Гэхдээ нэг их үнэтэй загас байхгүй. Мичинус, хенли зэрэг загас бий. Загас тэжээх нүдний ядаргаанд сайн гэж ярьдаг юм билээ.
-Охин нь том болж байна уу?
-Томоо том. Аавдаа эрхлээд л байж байна. Бид хоёр нэг эрхлэхээрээ дараагийнхаа ажлыг мартчихдаг юм. Тэгээд ээжид нь загнуулна. Миний охин аавдаа амь. За, ах нь ингээд гарах боллоо. Манайхан техникийн зөвлөгөөнтэй гэсэн.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
“Өдрийн шуудан” сонин