
Барилдаанд улсын гарьд нэг, улсын заан дөрөв, улсын харцага тав, улсын начин 18, аймаг цэргийн хурц арслан зургаа, аймгийн арслан 43, аймгийн заан 19, аймгийн харцага 12, аймгийн начин 65, залуу бөх 18 зодоглов. Барилдааны үеэр Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээ, “Нью хаппи” компанийн бөх, аймгийн хурц арслан Ч.Батчулуунд уран барилдааны шагнал олгожээ. Ч.Батчулуун арслан аймгийн начин А.Отгонбаатараар нэг, аймгийн заан Б.Болдбаатараар хоёр, аймгийн заан Т.Баасанхүүгээр гурав, улсын харцага Д.Батболдоор дөрөв давж, тавын даваанд аймгийн цолтнуудаас ганцаараа үлдэж, улсын заан Б.Соронзонболдод тахим буулгасан юм.