Хөлөг онгоцонд халдварт вирус тархжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Хөлөг онгоцонд халдварт вирус тархжээ

Америкийн Флорида мужийн Форт Лодердейл боомтод зорчигч тээврийн хоёр хөлөг онгоцонд норовирусын халдвар тархжээ. Хөлгийн оператор компанийн төлөөлөгчийн мэдээлснээр “Ruby Princess”, “Crown Princess” хэмээх хоёр хөлөг дээрх 499 зорчигч вирусын халдвар авчээ. Өнгөрсөн бямба гаригт  “Crown Princess” хөлөг Карибын тэнгис дэх аяллаас ирэхэд хөлгийн гурван мянга гаруй зорчигчийн 364 нь уг вирусын халдвар авсан байжээ. Тэдгээр өвчтэй хүмүүсийн 30 нь хөлгийн багийн гишүүд байсан гэнэ. Харин өчигдөр “Ruby Princess” хөлөг Форт Лодердейл боомтод зорчигчдоо буулгахад 92 зорчигч, хөлгийн багийн 13 гишүүн өвчилсөн байжээ. Вирусын халдвар тархсан хөлөгт ариутгал хийж, вирус юунаас үүссэнийг тогтоохоор халдварт өвчнөөс сэргийлэх төвийн шинжээчид  ажиллаж байгаа гэнэ. “Crown Princess” хөлөг ариутгал хийж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны дараа дахин далайн аялалд гарсан байна. Норовирус нь гэдэсний халдварт өвчин үүсгэгч бөгөөд бөөлжис цутгаж, гэдэс эвгүйрхэн, суулгах, толгой өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Уг вирус нь муудсан хоол хүнс, бохир ус, гараар дамжин халдварладаг байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж