-Ярилцлагаа цаг үеийн асуудлаар эхлэх үү? Сонгууль дөхөөд улс төр нилээд халуухан эхэлж байнаа даа?
-Жинхэнэ улс төрждөг үе эхэлж байна. Сонгууль нь намууд хоорондын өрсөлдөөний үндсэн талбар учир улс төрийн нам, хүчнүүд, улс төрчид ёстой нөгөө “арван гурван аашаа” гаргаж байх шиг байна. Гэхдээ нам нь намынхаа Засаг нь засгийнхаа ажлыг хиймээр юм. Өвөлжилт хүндэрч, валютын ханшны өсөлтөөс шалтгаалж бензин тос ,махны үнэ тэнгэрт хадаж иргэдийн амьдрал туйлын хүндэрч байна. Шийдвэрлэх олон асуудалтэй байгаа энэ үед эрх баригч МАН цаг үеэ олоогүй хурал зөвөлгөөн, шоу хийж Засгийн ажлыг цалгардуулж байх юм.
-Ардчилсан нам ЗГ-аас гарах тухай танай намын даргын мэдэгдлийн дараа тантай уулзаж байсан. МАН зургаан сайдаа нөхөн томилоход АН-ынхан яагаад дэгээ тавив? Энэ асуудлаас болж намын чинь нэр хүнд тодорхой хэмжээгээр унах шиг боллоо?
-Ардчилсан нам засгаас гарч бүх юм тодорхой болж ном журмандаа орсон нь нэн сайшаалтай хэрэг болсон. МАН-ын тэр зургаан сайд хувь хүнийхээ хувьд нийгэмд танигдсан байдал, бүрдүүлсэн имиж, хүлээх хариуцлага, өмнө нь гүйцэтгэж байсан ажил хэрэг, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хөндөж хамгийн гол нь уг ажлыг хийж гүйцэтгэх чадвар мэдлэг зэргийг үнэлж цэгнэсэн байх. Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ хууль тогтоох эрх мэдэл, Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдэл үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр зааглах талаар улс төрийн хүчнүүд өмнө нь нэгэнт хэлэлцэн тохиролцсоныг сануулж тогтсон буруу жишиг чиг хандлагыг нэн даруй өөрчилж, зөв арга алхамыг хойш тавьж цаг алдалгүй авч хэрэгжүүлэх, ЗГ сонгуульд зориулж биш улс орны цаашдын хөгжил дэвшилд чиглэсэн тогтвортой бодлого явуулахыг шаардсан гэж үзэж байгаа. Бид “намыг намсгаж төрийг товойлгоно”, ”нам төрийг зааглана” энэ тэр гэж улиг болтол олон жил ярьж хууль, дүрэм хүртэл гаргасан мөртлөө төрийн албыг илт “улс төр”-жүүлэхээ болих цаг болоогүй бололтой. Жишээ нь: Сонгуульд нөлөөлөх улс төрийн хүчний бололцоог арилгаж хариуцлагыг нь өндөржүүлэх зорилгоор төрийн албан хаагчдаар сонгуулийг зохион байгуулахаар тогтсон. Гэтэл яамны боловсон хүчнийг, тэр байтугай хөрөнгө мөнгийг нь, түүн дотроо тендерийг шийддэг “хамгийн том“ төрийн албан хаагч болох төрийн нарийн бичгийн дарга нар нь МАН-ын “нууц “гишүүд байгаа болохоор сонгуулийн хувь заяа үнэхээр бүрхэг болж байгаа. Саяхан ИБМҮТ-ийн дэд даргыг ажлаас нь халж МАН-ын зөвлөх, нарийн бичгийн дарга байсан Л.Амарсанааг томилсон нь сонгуулийн булхай, луйвардаа бэлтгэж буй эхний алхам боллоо. МАН-ны зургаан сайдын томилгоо эцсийн дүндээ зарчмын асуудал хөндсөн үйл ажиллагаа болоод өнгөрлөө гэж үзэж байна.
-ҮЗХ-ны хурал нилээд ширүүн уур амьсгалтай болж өнгөрлөө. Танай нам дотроо байнга хагаралтай байх юм даа?
-Манай намын аливаа хурлууд олон ургальч үзэл санааны дор, гишүүд нь бодол санаагаа чөлөөтэй илэрхийлсэн, чөлөөт мэтгэлцээний талбар байж асуудлын зөв шийдэл шийдвэрийг олох арга хэрэгсэл болдог. Ийм байсан байсаар ч байна. Энэ удаагийн ҮЗХ-ны хурал АН засагт орж ажилснаар нийгэмд болон намд үзүүлсэн эерэг сөрөг үр дагаврын талаар үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэсэн болов уу. Мэдээж үүнтэй зэрэгцэн засагт орж ажилласан АН-ын гишүүдийн гүйцэтгэсэн үүрэг үйл ажилгаанд үнэлэлт өгөх, хариуцлага тооцох эсэх тухай асуудал тавигдсан. Энэ талаар цаашид дахин яригдах нь тодорхой. АН засагт орсоноор нийгэмд ардчилалаар олж авсан үнэт зүйлс алдагдаж, намын байр суурь, үзэл баримтлал бүдгэрч үйл ажиллагаа нь идэвхгүйжсэнээр нийгмийн тодорхой бүлгүүдийн зүгээс “МАНАН” хэмээн “улс төр” хийх боломж олголоо гэсэн шүүмжлэл өрнөж байв. Улс төрд зүтгэж байгаа хэн ч бай ялгаагүй харъяалагдаж буй намыхаа эв нэгдлийг хангаж, намыхаа үзэл баримтлал, байр сууринд тулгуурлан өнөөдөр болон цаашид хийж бүтээх зорилго, зорилтоо иргэд сонгочиддоо тайлбарлан таниулж дэмжлэг авах замаар эрх барьж олон түмний дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж улс орноо хөгжил дэвшилд хүргэх ариун бодол санаа өвөрлөн зүтгэдэг гэж би үздэг.
-Та ҮЗХ-ны хурал дээр индрийг орхиж гарсан. Тэгэх хэрэг байсан уу ер нь?
-ҮЗХ-ны хурал эхнээсээ намын дүрэм, журмын тодорхой заалтууд зөрчигдөж зарим талаараа ҮЗХ-ны гишүүдийн эрхийг хязгаарласан хандлага гарсан тул би хуралдааны индэрийг орхисон юм. Энэ миний л шийдвэр. Дашрамд дурьдахад МАН-ын нөхдүүдтэй ярьж хөөрч суухад дарга С.Батболдыгоо сайн хэлж байгаа хүн байхгүй атал хурал зөвөлгөөн дээр даргынхаа үг, шийдвэрээс зөрдөг хүн гардаггүй нь сонин. Ардчилсан нийгэмд нэг хүн, нэг компанийх л биш бол аливаа нам “дотогшоо” улс төр зайлшгүй хийдэг. Гэхдээ МАН “дөрвөн дээрэмчин”-ээ дарж авдаг шиг улс төр манай нам хийдэггүй. Манай нам ард түмнээ хуурч хулхидаж, дарж дарамталж, өмч хөрөнгийг нь булаан хурааж, гадаадынханы гар хөл болж хомроглон устгаж оюун санаагаар нь боймолж хорьж цөлж байсангүй. Ард түмэн мэднэ дээ.
-МоАХ-ноос саяхан гаргасан мэдэглийн талаар таны байр суурь?
-МоАХ нь цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын түүчээ болж улс орондоо хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шудрага ёс, жинхэнэ утгаар нь тусгаар тогтнолыг авчирсан ууган хүчний хувьд өнөөгийн улс оронд үүсээд буй нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын хөгжил дэвшилд учирч байгаа гол саад бэрхшээл, түүний ундран гарч буй эх булагийг тодорхой зааж сүйрэлд хүргэж болох үр дагавартайг сэрэмжлүүлсэнээрээ өндөр ач холбогдолтой мэдэгдэл болсон. МоАХ-ноос төрж гарсан АН уг асуудалд анхаарал хандуулж, идвэхтэй үйл ажиллагаа явуулахын оронд нөлөө бүхий тодорхой бүлэглэлийн шахалтаар гадна дотны олигархиудтай хуйвалдан өөгшүүлсэн маягтай амирлангуй сууж байгааг шүүмжилсэн байгаа.
-Ардчилсан намыг “эзгүйд” сөрөг хүчний орон зайд улс төрийн нийлээд өргөн тоглолт явагдлаа. Энэ талаар та юу бодож байна?
-Өргөн ч юу юм бэ. Хоосон орон зайг өмхий үнэр ч болтугай дүүргэдэг гэсэн үг байдаг. Тэд улс төрчид учраас орон зай гарч байхад “улс төр” хийх нь зүйн хэрэг./инээв/ Би “хов жив”- ийн жижиг улс төр ярьж байгаа юм шиг санагдаж болох юм. Гэхдээ би жишээ нь, МАХН ба МАН-ын хооронд үзэл баримтлал, үүх түүх, үүсэл хөгжил, арга барил чиг хандлагын ямарч ялгаа байхгүй гэж үздэг. Энд зөвхөн хоёр хүний, магадгүй хэдэн хүний хооронд үүссэн урьд хойдох үл ойлголцол, хэрүүл тэмцэл, гомдол тунирхал, жудагийн асуудал өрнөөд байх шиг. Хэрэв МАХН, МАН хоёр муу муухайгаа уудлалцвал “чөтгөр ч балмагдмаар” булай юм болох биз. Экс ерөнхийлөгч Н.Энхбаяр маань энэ сонгуулиар нөгөө “бөгс долоогч” нартайгаа эвсчихсэн шиг цохиж явахад нэг их гайхаад байх зүйлгүй. Энэ утгаараа хувь хүн хоорондын “том” асуудлаа шийдчихвэл МАХН, МАН нэгдэх байлгүй дээ. М. Энхсайхан даргын тухайд би “манай талибанууд” нийтлэлдээ тодорхой бичсэн. Нөгөө тунгалаг тамирын Түгжил, “цахиур” Төмөрт хүлүүлчихээд “би тань шиг олз хайж яваа эр хүн гэдэг” шиг “орон зай “хайж яваа улс төрч шүү дээ. Тиймдээ ч саяхан гарсан МоАХ-ны мэдэгдлийг дэмжиж нохойтож байх шив. ИЗН- ын хувьд АН тухайн үедээ жудаг гаргаж С.Оюуныг талийгаач ахынх нь ор нь гарсан УИХ тойрогт нэр дэвшүүлэн өрсөлдүүлж байсан юм. Энэ намыг Санжаагийн Баярын тогооны хүн Х.Хулан тэргүүтэн “гал тогооныхоо өрөөнд“-өө байгуулж байсан гэж ярилцдаг. Энэ ч үнэний хувьтай. С.Баяр 2008 оны УИХ- ын сонгуулиар “С.Оюуныг заавал гарга“ гэж намынхнаа үүрэгдсэн тухай Буян Жагаа байнга л гомдоллож ярьдаг. С. Баярын ЗГ- т С.Оюун ГХ сайд байхдаа гадаадын уул уурхайн компаниудын төлөөллийг хангах, цөмийн хог хаягдлыг Монголд булшлах асуудал, 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын талаар туйлын эргэлзээтэй байр суурь баримталж байсан. Д.Энхбатын хувьд Дата Ком хэмээх компани байгуулж засгаас “монополь” эрх олж авч бизнесээ эхэлсэн. Мөн иргэний нийгмийг хөгжүүлэх чухал асуудлыг хөндөн тавьж Жорж Сорс хэмээх тэрбумтны санхүүгийн дэмжлэгэтэйгээр идэвхтэй үйл ажилгаа явуулдаг нөхөр. ХАҮТанхимын Дэмбэрэлийн хувьд Баабарын хэлдэгээр ИЗН-ыг МАН руу чирэх МАН-ын дарга С.Батболдоос үүрэг авсан “тагнуул” төдий л хүн. “Воот три даргаа yes” за ингээд миний мэдэх орос хэл дууслаа.
-Нилээн хэдэн удаа нааш, цааш болж байж сонгуулийн тухай хууль батлагдлаа. Одоо ч ажил ихтэй байгаа биздээ?
-Их зохиолч Уильям Шекспир нэг жүжиг биччихээд өөрийгөө ихэд тоон “Энэ жүжгийг бурхан бид хоёр л ойлгоно” хэмээн бахархан дуу алдаж зохиолоо найруулагчдаа өгчихөөд сарын дараа жүжгээ үзээд “энэ жүжгийг одоо ганцхан бурхан л ойлгох байхдаа“ хэмээн гунигтай шүүрс алдсан гэдэг. Энэ дэлхийд байхгүй заалтуудтай Баабарын хэлдэгээр “Эрүүл мэндэд хортой“ энэ хуулийнхаа нийгэмд үзүүлэх нөлөөлийг эрхэм гишүүд маань сайтар ойлгож л байдаг байх даа. Уг хуулийг хэлэлцэж байсан явцыг харахад өөрийн эрхгүй Крыловын ёгт үлгэрийг санагдуулах юм. Баавгай, сармагчин, ухна өөр нэг нь юу ч билээ, нохой ч байдаг бил үү, илжиг ч билүү, мартжээ, дөрвөн амьтан нийлж дагшаа хөгжмийн дөрвөл болдог. Дөрвөл хөгжимдөөд эхэлтэл хөгжмийн аялгууны оронд хачин муухай хахир дуу авиа гардаг. Яагаад аялгуу биш муухай авиа гараад байгаагийн учрыг олох гэж нилээд маргалдсаны эцэст сармагчин хөгжимчдийн байрлалаас болж байгаа тухай онол гаргадаг. Тэгээд байрлалаа өөрчлөөд ч нэмэр болсонгүй. Хөгжимчдийн байрлалаас илүү ур чадвар чухал гэдгээ ойлголцолгүй нүдэлдээд салдаг билүү./инээв/ Тэгэхлээр бид яах вэ? Сонгуулийн аль ч системийг сонгож авлаа гэсэн сонгуулийн тогтолцооны реформ, сонголт хийх иргэний хариуцлага өөрчлөгдөхгүйгээр бид тавьсан зорилгодоо хүрч чадахгүй. Сүүлийн үед орон нутгийн сонгуулийг УИХ-аас тусад нь явуулах тухай МАН-ын зүгээс идэвхтэй ярих боллоо. Гаргаж байгаа үндэслэлүүд нь тун ядмаг. Сонгуулийг хамтран явуулахад сонгогчид бэлэн биш мэдлэг чадвар нь хүрэхгүй гэнэ. Гэтэл бид 1990 онд Ардын Их Хурал, Улсын Бага хурал, бүх шатны ардын депутатуудаа зэрэг сонгож байсан туршлага бий. Тэгэхэд бид ардчилсан сонгуулийн талаар ямарч ойлголтгүй байсан улс . 1990 оны сонгуулиас хойш иргэд сонгогчдын мэдлэг чадвар дээшилсэн үү гэхээс дордоогүй нь тодорхой. Бас сонгуулийг явуулах хүн хүч хүрэлцэхгүй гэнэ. Мэдээж автомат машинаар санал хурааж байгаа тохиолдолд хүний оролцоо, хүчин зүйл тодорхой хэмжээнд багасах нь ойлгомжтой. Энэ ажилд хэдэн оюутан хөлсөлсөн ч болно. За тэгээд программ өөрчлөх шинээр хийх хэцүү ажил байна гэх мэтээр дургүйд хүчгүй Сонгуулийн ерөнхий хорооных нь дарга ярьж суух юм. Энэ ажил Лувсанжав гуайд хэцүү л байх. Харин мэрэгжлийн хүмүүсийн хувьд амархан шийдчих асуудал. Хоёр сонгуулийг зэрэг явуулбал УИХ сонгуулийн сүрэнд орон нутгийн сонгууль дарагдана ч гэх шиг үндэслэл муутай, уянгын халилтай тайлбар зарим гишүүд нь хийгээд сууж байх юм. Аргаа барсан л хэрэг байхдаа. Ёстой чухам С.Баярын “таван төгөлдөршил”-ийн нэг “сонгуулийн төгөлдөршил”-ийн асуудал юу болсон бэ? Улс төрийн том хүчин байж урьд хойтох, ярьсан хэлсэнээ умартдаг ийм “уймраа чавганц “шиг байж болохгүй байхаа МАН-ынхаан. Орон нутгийн сонгуульд оролцогчдын ирц нэмэгдсэнээр нам “эвлэл”-ийн идвэхтнүүд болон “тойрон хүрээлэгчд”-ийн сонгуулиас бүх нийтийн сонгууль руу шилжих сайн талтай юм. Манай намын хувьд УИХ, орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх хатуу байр суурьтай байгаа.
-Ярилцсанд баярлалаа.