Багагүй хугацаанд “толгойгүй” байсан АТГ-ын шинэ удирдлагууд албан ажлаа хүлээж авсны дараа мөрдөн байцаагч, мэргэжилтэн нийлсэн 10 гаруй хүнийг ажлаас нь чөлөөлж, ажлаас гэнэт халагдсаны нөхөн олговор олгох болсон. Харин АТГ-т ажиллаж байгаад халагдсан нэр бүхий хүмүүс үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн хэмээн өнгөрсөн оны сүүлээр Төрийн албаны зөвлөлд хандсан юм. Төрийн албаны зөвлөлийн тухай хуульд гомдлыг сарын хугацаанд хэлэлцэх ёстой гэж заасны дагуу өнгөрөгч долоо хоногт гомдол гаргасан найман хүний асуудлыг хэлэлцсэн байна. Гомдлыг хэлэлцэхдээ Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг тухай хууль болоод УИХ-аас 2003 оны 14 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан тушаалд томилсон ажилтны маргааныг хянан шийдвэрлэх журам"-ыг тус тус баримталсан байна. Гэхдээ тухайн өдөр хэлэлцсэн асуудлын тогтоол гурав хоногийн дотор гарах гэнэ. Тогтоол эцэслэн гараагүй ч Төрийн албаны зөвлөлөөс таван ажилтанг хууль бусаар ажлаас халсан гэх шийдвэр гаргасан бололтой. Хэрэв Төрийн албаны зөвлөлөөс дээрх шийдвэр гаргасан нь албан ёсоор тодорхой болбол гомдол гаргасан АТГ-ын алба хаагчид Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болох юм.
С.Отгон