“Челси” нууц хөзрөө гартаа атгалаа

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

“Челси” нууц хөзрөө гартаа атгалаа

Өнгөрсөн шөнө лигийн хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болох “Ливерпуль”-ийн Энфилд цэнгэлдэхэд зочилсон “Челси” Дидье Дрогба, Фрэнк Лампард нарын гоолын ачаар өрсөлдөгчөө 2:0-ээр буулган авч, Премьер лигийн аваргын цомд ердөө ганцхан алхам дутуу болоод байна. Аваргын цом булаалдаж буй гол өрсөлдөгч “Манчестер Юнайтед” өнгөрсөн шөнө мөн лигийн ээлжит өрсөлдөгч “Сандерлэнд”-ийг 1:0-ээр хожсон. Ялалт авчирсан цорын ганц гоолыг Нани оруулсан байна.
Ингэснээр Лондонгийн “Цэнхрүүд” “МанЮ”-гаас нэг онооны давуутай болоод байгаа юм. Тэд ирэх долоо хоногт Стэмфорд Бриж цэнгэлдэхдээ “Уиган Атлетик”-ийг хүлээн авч тоглох бөгөөд хэрэв хожсон тохиолдолд Премьер лигийн аваргын цом хүртэх учиртай. Харин “Улаан чөтгөрүүд”-ийн тухайд “Стоук”-ийг талбайдаа хүлээн авах ба “Челси” хожигдох, эсвэл тэнцсэн тохиолдолд тэдний боломж нээгдэх учиртай.
Өнгөрсөн шөнийн тоглолт “Челси”-гийн хувьд хамгийн том даваа байсан. Харин “Ливерпуль” энэ тоглолтод ялагдал хүлээснээр ирэх жил Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигт өрсөлдөх боломжоо алдаад зогсохгүй өмнөхөн нь Европын лигийн хагас шигшээд “Атлетико Мадрид”-д ялагдсан байсан учир дасгалжуулагч Рафа Бенитезийн ирээдүй улам ч бүүдийсэн. “Улаанууд” хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглолтыг дажгүй эхлүүлсэн ч багийн ахлагч Стивен Жеррардын харамсмаар алдааны “гавьяагаар” Зааны ясан эрэгийн довтлогч Дидье Дрогба Пепе Рейнагийн хаалгыг ганган гоолоор мялаасан юм. 33 дахь минутаас эхлэн талбайн зочид тоглолтыг тэргүүлж эхэлсэн бөгөөд хоёрдугаар хагасын ес дэх минутад Фрэнк Лампард гоолдсоноор тооны харьцаа 2:0 болжээ.
“Цэнхрүүд”-ийн дасгалжуулагч Карло Анчелотти тоглолтын дараа “Аваргын цомын төлөөх маш чухал тулаанд ялалт байгууллаа. Бид маш сайн тоглосон, ялах л учиртай байсан. Ливерпулийн эсрэг тоглох амаргүй байдаг учраас бид хожсондоо сэтгэл хангалуун байна. Тактикийн хувьд бид маш зөв ажиллалаа” гэжээ.
“Челси”-гийн ялалтын дараа “МанЮ” зайлшгүй ялах ёстой гэсэн заавартай талбайд гарсан. Ялагдсан тохиолдолд аваргын цом үгүй болох учир ямартай ч өрсөлдөгчөө хожих ёстой байв. Харин 28 дахь минутад Нанигийн оруулсан гоол хожлын гурван оноонд хангалттай байсан юм.
Мөн өнгөрсөн шөнө Лондонгийн ээлжит дерби үргэлжилж, “Фулхэм” 3:2 харьцаатай “Уэст хэм”-ийг буулган авсан байна.
С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж