“МанЮ”-гийн эргэн ирэлт тэнцээ авчирлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

“МанЮ”-гийн эргэн ирэлт тэнцээ авчирлаа

Английн Премьер лигийн 24 дүгээр тойрог “Super Sunday”-тай үргэлжлэн, сонирхолтой боллоо. Энэ тойрогт Лондон хотын “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд болсон “Челси”, “Манчестер Юнайтед”-ийн тоглолт хөлбөмбөгийн фанатуудыг хамгийн ихээр хүлээлгэсэн гэхэд болно. Тоглолт ч үзэгчдийг уйдаасангүй зургаан гоол орж, 3:3-ийн харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн билээ. Тоглолтын эхнээс биенээ тандсан байдалтай тоглолт үргэлжилж, 36 дахь минутад “Челси” Даниель Старриж торгуулийн талбайд нэвтрэн, эсрэг багийн Патрис Эвраг хууран, төв рүү хаясан Жони Эвансийн биед ойн гоол орсон. Харин хоёрдугаар хагас дөнгөж эхлэхэд буюу 46 минутад баруун жигүүрээс өгсөн Фернандо Торресийн дамжуулалтаар Хуан Мата, 50 дахь минутад чөлөөт цохилтоос өгсөн дамжуулалтыг Давид Луис мөргөж гоолдсоноор “Цэнхэрүүд” талбайдаа “Улаан чөтгөрүүд”-ийг 3:0-ийн харьцаатай илт тэргүүлж эхэллээ. Хожил шийдэгдсэн мэт энэ үе Сэр Алекс Фергюсоны сэлгээ амжилттай болж, тоглолтын хувь заяаг эргүүлсэн. Мөн  багийн ахлагч Жон Терри нь торгуулийн улмаас оролцоогүй тул “Челси” хамгаалалтдаа асуудалтай байлаа. Тэд хоёр удаа торгуулийн талбайдаа алдаа гаргасан. Үүнийг нь “МанЮ”-гийн мэргэн бууч Рууни ч бүрэн ашиглаж, пенальтиас хоёр гоол оруулсан. Тоглолт 3:2-ийн харьцаатай үргэлжилсээр, 84 дэх минут болоход талбайн эздийн хувьд хар дарсан зүүд мэт зүйл тохиов. 3:0-ийн харьцаатай тэргүүлж явсан “Челси” гурван гоол алдаж, бас гурван оноо авах боломжоо алдлаа. Хашир туршлагатай Райн Гиггзийн дамжуулалтаар Чичарито гоолдсоноор, тоглолтын тооны харьцаа 3:3 болон тэнцсэн юм. Тоглолтын гол баатраар пенальтиас хоёр гоол оруулсан Рууни биш, харин Чичаритог нэрлэсэн байна. Тоглолтын турш багагүй алдаа гаргасан “МанЮ”-гийн Рио Фердинанд твиттертээ “Saaack boy” гэж Чичаритог бичжээ. 

Өнөө шөнө 04.00 цагаас үүнээс дутахгүй сонирхолтой тоглолт Ливерпуль хотын “Энфилд” цэнгэлдэхэд болно. “Ливерпуль” талбайдаа “Тоттенхэм” багийг хүлээн авснаар 24 дүгээр тойрог өндөрлөх юм.

24 дүгээр тойргийн дүн:

“Aрсенал”  7 – 1 “Блекбэрн”
“Норвич” 2 – 0 “Болтон”
“Квинс Паркер” 1 – 2 “Волвес”
“Стоук Сити” 0 – 1 “Сандерлэнд”
“Вест Бромбич” 1 – 2 “Свонси”
“Уиган” 1 – 1 “Эвертон”
“Манчестер Сити” 3 – 0 “Фулхэм”
“Нью Кассле” 2 – 1 “Астон Вилла”

Английн Премьер лиг 38 тойргоос бүрдэнэ. 24 дүгээр тойргийн дараах байдлаар “Ман Сити”  57 оноо, “МанЮ” 55 оноотой болж, лигийг Манчестер хотын багууд тэргүүлж байна. Харин мэргэн буучийн жагсаалтыг энэ тойрогт гурван гоолоор “хэт-трик” хийсэн “Их буучид”-ын ахлагч Робен ван Перси 22 гоолтойгоор “тасархай” тэргүүлж байна.

Б.Ойнбилэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж