”Шонхор”-уудын тэргүүн

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

”Шонхор”-уудын тэргүүн

УИХ-ын гишүүн З.Энхболд Ардчилсан хүчний холбооны анхдугаар чуулганы үеэр “Шонхор” нэртэй фракцийг байгуулж буйгаа албан ёсоор зарлав. Тэрбээр шувууны нэртэй фракцийн тэр­гүүн нь юм. З.Энхболд гишүүний танилцуулгад “Түүнийг ойр тойрныхон нь зөгий шиг ажилсаг. Аливаа асуудалд ажил хэрэгч, зарчимч, ул суурьтай, нягт нямбай ханддаг нэгэн хэмээн үнэлдэг” гэсэн байна лээ. Харин эрхэм гишүүн энэхүү имижээ “Шонхор шиг дайчин” гэдгээр солихоор шийдсэн бололтой. Учир нь шонхорыг “Хурд, хүч сайтай, эрэмгий, дайчин шувуу” хэмээдэг юм. 

Түүнчлэн тус фракцийнхан “Баруу­ны орнуудын улс төрийн онолын номд барууны үзэлтэй улстөрч­дийг шонхор, зүүний үзэлтэй улстөрчдийг тагтаатай зүйрлэдэг” гэж тайлбарлаж байсан. “Шонхор” нэрийг сонгосон нь ч үүнтэй холбоотой аж. Нэг ёсондоо З.Энхболд гишүүн улс төрд шонхор шиг дайчин байж, зүүний үзэл баримтлалтай “тагтаа”-нуудыг “барих”-аар шийд­сэн нь энэ. Харин зүүний үзэл баримтлалтай Ардын намынхантай тэмцэх үү, “Хамтарсан Засгийн газарт орсноороо Ардчилсан намыг зүүний үзэл баримтлалтай болгосон” гэж шүүмжлүүлдэг намынхаа удирдлагуудтай тэмцэх үү гэдэг нь удахгүй харагдах биз. Түүний талаар “Ардчилсан намын дарга болохын тулд залуусыг турхирсан. Намынхаа удирдлагыг гартаа авахыг санаархсан” гэсэн мэдээлэл бишгүй гардаг. Ямар ч байсан тэрбээр  намынхаа лидер гишүүдийг нэгтгэж “Шонхор” нэртэй фракци байгуулчихлаа. Намынхаа удирд­лагуудад “Тулалдаанд зөвхөн шонхо­рууд ордог. Бид тулалдаанд ороход бэлэн” гэдгийг харуулах гэсэн ч юм билүү, хэн мэдлээ.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж