Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрийн газрын дарга П.Гомбодорж:
-Яамны Төрийн нарийн бичгийн даргын зөвлөлийн хурлаар 2011 онд салбарын сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийн асуудлаар найман хүний бүрэлдэхүүнтэй ирж ажлын тайлангаа тавилаа. Өнгөрсөн онд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтын хур буусан жил боллоо. Ялангуяа төрөөс малчдын талаар баримтлах бодлого, УИХ-д тусгасан монгол ба үндэсний хөтөлбөрийг салбарын хэмжээнд хэрэгжиж байгаа 12 үндэсний хөтөлбөр, таван биелэлтийг тайлагналаа. Мэдээж тайлангаа 100 хувь гэж үзэхгүй байгаа. Тайланг бэлтгэж байхад тодорхой хэмжээний бэрхшээл гардаг. Салбарын яам өнгөрсөн жилүүдийг бодвол хөрөнгө оруулалтын хэмжээгээ ихэсгэсэн. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн салбарын орон нутагт зохицуулах чиг үүрэг бүхий мал эмнэлэг байгуулсан нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хөлтэй болсон гэсэн үг юм. Ийм учраас бид хөрөнгө оруулалт хийхэд маргааш нь үр дүн гардаг. Тиймээс малаа эрүүлжүүлэх, чанаржуулах хөнгөн болон хүнсний үйлдвэрээ эрчимжүүлэх шинээр хоршоо байгуулах зэрэг үндсэн зургаан чиглэлээр өнгөрсөн онд боломжийн ажилласан. Энэ утгаараа Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Архангай аймгийн хөдөө аж ахуйн газрыг боломжийн ажилласан байна гэж үзсэн. Харин 2012 он Засгийн газрын үйл ажиллагаа хэрэгжүүлэх сүүлийн жил юм. Иймд ирэх зургаан сараас өмнө хэрэгжүүлж амжаагүй ажлаа хий гэсэн үүрэг даалгавар авлаа.
Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрийн дарга газрын н.Мэндбилэг:
-Завхан аймаг 2011 онд Хөдөө аж ахуйн чиглэлээр бүтээн байгуулалтын олон ажил хийлээ. Мал сүрэг таван төрлөөр өсөж, хадлан тэжээлээ сүүлийн гурван жилд авч байгаагүй хэмжээгээр авлаа. Мөн малын хорогдолгүй 99.5 хувиар онд орж 98 хувиар төлөө бойжуулсан амжилттай байна. Газар тариалангийн чиглэлээр усалгаат тариалангийн талбай 2-3 га-гаар нэмэгдэж нийт газар тариалангийн талбай нэг дахин нэмэгдсэн. Мөн 2500 га-д малын тэжээл, хүнсний ногоо, үр тарианы тариалалт хийсэн. Жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр Засгийн газраас бонд гаргаж нэг тэрбум төгрөгийн зээлийн эрх өгсөн. Сүүлийн гурван жилд Завхан аймгийн хэмжээнд 5.4 тэрбум төгрөгийн зээл олгож 1037 ажлын байр бий болгосон дүн мэдээтэй байна. Үйлдвэр үйлчилгээний тухайд шинээр гурван махны үйлдвэр барьсан. Завхан аймаг анх удаа гурилын үйлдвэртэй болсон төдийгүй шинээр эсгийний үйлдвэр дөрвийг барьж байгаа. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд малчдын хувьд төрөөс барих баримтлалд ноосны урамшуулал зарлаж улсын үйлдвэрийн газруудад 1200 тонн ноос 400 орчим тонн ноолуур тушаасан. Мөн баруун бүсийн худалдааны төвийг байгуулж ил задгай наймаа хийдэг байсан хүмүүсийг битүү байртай болгосон. Манай аймаг, сум сүргийн төвд бог малын хээлтүүлгийн тохироо бүрэн бүрдсэн. Тэгэхээр хуц, уханы мөнгийг нэг удаадаа шийдээд өгөхийг хүсэж байгаа юм.
Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Б.Нургулан:
-Бид 2011 онд хийсэн ажлынхаа тайланг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн зөвлөлд мал аж ахуй газар тариалан, жижиг, дунд үйлдвэрийн асуудлаар танилцууллаа. Өнгөрсөн жил манай мал эмнэлэг хоёр сая 350 мянган толгой малыг халдваргүйжүүлэх арга хэмжээ авсан. Мөн зургаан төрлийн өвчнийг тандан судалж, адууны халдварт сахуу болон ям өвчин байхгүйг судалсан. Дараагийн удаа дахин судлах төлөвлөөгөөтэй байгаа. Манай аймагт хийсэн нэг том ажил малыг бүртгэлжүүлэх, ээмэгжүүлэх, Улаанхус, Ногооннуур, Дэлүүн гэсэн гурван сумын мал сүрэг 100 хувь хамрагдаж нийт аймгийн хувьд 560 мянган толгой мал хамрагдсан байгаа юм. Газар тариалангийн хувьд байж болох тариалангийн талбайгаа бүгдийг нь ашиглах ялангуяа Засгийн газраас баримталж байгаа усалгаатай тариалангийн талбайг ашигласан. Манай аймаг өмнөх жилүүдийг бодвол таримал тэжээл төмс хүнсний ногооны тариалалт болон хураалт өссөн. Аймгийнхаа нийт төмс хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг хангадаг байсан бол одоо 97 хувийг хангаж байна. Энэ жил өвөлжилт хүндрэхээс сэргийлэн олон ажил хийлээ. Жижиг, дунд үйлдвэрийн хувьд 1 тэрбум 567 сая төгрөгийн зээл олгож 81 аж ахуй нэгж хамрагдан 100 сая төгрөгийн ашиг орлого олсон амжилттай ажиллаж байна. Нийт 2009-2011 оны хугацаанд таван тэрбум төгрөгийн зээл олгогдон хүрэх ёстой хүмүүсээ хүрсэн. Бүтээн байгуулалтын хувьд ундааны үйлдвэр, гурван тоосгоны үйлдвэр барилаа.
Баянхонгор аймгийн хүнс, хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Э.Ганзориг:
-Энэ онд хийсэн ажлынхаа тайланг танилцууллаа. Газар тариалан сэргэж, нийт тариалалтын хэмжээ ахисан. Шинээр ажлын байр нэмэгдсэн. Мал аж ахуйн чиглэлээр мал таван төрлөөр өссөн. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс бүх сумдад хүн амын тооноос хамаарч 60 сая төгрөг өгч малчид тухайн нутгийн онцлогоосоо хамаарч олон зүйл хийсэн. Мөн “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд малыг ээмэгжүүлэх, малын халдварт бурцилёз өвчнөөс сэргийлж аймгийнхаа бүх малыг вакцинжуулсан. Нийт үхрийн тоо толгойг өсгөсөн томоохон ажлуудыг хийлээ. Жижиг, дунд үйлдвэрийн хувьд маш сайн ажилласан гэж дүгнүүллээ.
"Улс төрийн тойм" сонин